Х.Нямбаатарын тавьсан гал дээр Б.Пүрэвдагва хөзрөө дэлгэсэн Нийслэлийн МАН-ын сунгааны цаадах тактик
Нийслэлийн МАН-ын хорооны түүхэн сунгаа хаяанд ирж, Улаанбаатарын эрх мэдлийн хуваарилалт хэрхэн эргэх вэ гэдэг улс төрийн тоглоом хөшигний ард өрнөж байна. Х.Нямбаатар хотын дарга байхдаа газрын мафи, дахин төлөвлөлтийн хулгайтай нүүр тулан "гал гаргаж", системийн гажгийг нураах хүнд ажлыг хийсэн бол өнөөдөр залгамжлагч Б.Пүрэвдагва нь тэрхүү хөрсөн дээр иргэдийн хохирлыг барагдуулж, орон сууцны түлхүүр гардуулан улс төрийн шоу үзүүлж эхэлсэн.
Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын баримталж буй "Шударга ёс, иргэндээ ээлтэй төр" гэх бодлогын чиг шугамтай яв цав нийцэж, Нийслэлийн намын хороог удирдахаар гэрийн даалгавраа торгон мэдрэмжтэй биелүүлж буй Хотын дарга Б.Пүрэвдагвын сунгааны цаадах тактик, улс төрийн тохироог харцгаая.
Х.Нямбаатарын эхлүүлсэн дайн ба Б.Пүрэвдагвын тоглолтын төгсгөл
Улаанбаатар хотын намын хороо, хотын захиргааг удирдаж байсан Х.Нямбаатар хотын хамгийн том идээ бээр болсон газрын мафи, дахин төлөвлөлтийн нэрээр иргэдийг залилсан компаниудтай шууд дайн зарлаж, системийн гажгийг нураах ажлыг эхлүүлсэн. Саарал цамцтайгаа гудамжинд сэлэм эргүүлж явсан түүний дүр төрх үнэхээр “коммунист” байж билээ. Тэрээр "Андын зам", "Бриллиант" зэрэг компаниудын ард нуугдаж, иргэдийг 10-15 жил орон сууцгүй, газргүй болгож хохироосон бүлэглэлүүдийг илчилж, хуулийн байгууллагад шилжүүлсэн нь өнөөдрийн улс төрийн сайн хөрс болсон юм.
Харин Б.Пүрэвдагва Х.Нямбаатарын эхлүүлсэн тэмцлийг амьдралтай, хариуцлагатай шийдвэр болгон үргэлжлүүлж, тоглолтын төгсгөлийг торгон мэдрэмжтэй хийж байна. Тэрээр дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 2000 орчим иргэнийг улс, нийслэлийн хөрөнгөөр баригдаж буй “1008 айлын орон сууц”, “Солонго 1, 2” хорооллууд руу шилжүүлж, орон сууцтай болгох захирамж гаргасан. Энэ нь намын хурлын өмнө Нийслэлийн МАН-ыг "Иргэнээ хамгаалдаг хариуцлагатай улс төрийн хүчин" гэж харагдуулах нэг өнцөг болов.
Сонгуулийн өмнөх ухаалаг PR: "Улаанбаатарын үдэш" ба багш нарын батламж
Б.Пүрэвдагвын дараагийн нүүдэл "Улаанбаатарын үдэш" дууны аялгууг зохиосон хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржид 2 өрөө орон сууц гардуулсан нь нийгэмд тунчиг эерэг хандлага төрүүлэв. Насаараа хотын соёлд уран бүтээлээрээ зүтгэсэн уран бүтээлчийг амьдад нь үнэлж буй энэ үйлдэл олны таашаалд нийцсэн хэрэг. Мөн боловсролын салбарын “нэргүй дайчид” багш нарыг "Түрээслээд өмчлөх" орон сууцны хөтөлбөрт хамруулж эхэлсэн нь түүнийг Нийслэлийн намын хороог удирдах хэмжээний алсын хараатай, нийгмийн мэдрэмжтэй лидер гэдгийг нам дотроо төдийгүй олон нийтэд батлан харуулсан хэрэг боллоо.
Ерөнхий сайд Н.Учралын чиг шугам ба улс төрийн тохироо
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын түвшинд нийгмийн шударга ёсны төлөөх тэмцлийг үнэлдэг шинэ улс төрийн соёлыг авчирч, Гавьяат багш С.Шаарийбууд 3 өрөө байрны түлхүүр гардуулсан бөгөөд цаашлаад "100 мянган орон сууц" үндэсний хөтөлбөрийг эхлүүлээд буй.
Б.Пүрэвдагва даргын хотод хийж буй эдгээр алхмууд нь Ерөнхий сайдын баримталж буй энэхүү шударга ёсны мессежтэй шууд зангидагдаж байгаа юм. Б.Пүрэвдагва намын даргадаа "Би таны бодлогыг нийслэл дээр хамгийн сайн хэрэгжүүлж, иргэдийн дэмжлэгийг авч чадах хүн" гэдгээ ийнхүү ажлаараа харуулж, гэрийн даалгавраа онц дүнтэй хамгаалж байна.
Товчхондоо Ерөнхий сайд, Хотын дарга хоёр зүү утас шиг хоршин ажиллаж эв найртай байгаа нь өөрөө Монголын улс төрийн Улаанбаатар хотын амар амгалан байдал ч юм шиг. Ядаж л зодоонтой ширүүн улс төрийн бужигнаан дунд тодорхой хэсэг нь эвтэй байгаа нь тайван мэдрэмж төрүүлэх юм даа.
Сунгааны өмнөх давуу тал
Нийслэлийн МАН-ын хорооны хурлын өмнө Б.Пүрэвдагва дарга зүгээр нэг улс төрийн лобби хийж суухаас илүүтэй иргэдийн хамгийн их хүлээж байсан орон сууц, хохирол барагдуулалтын асуудлыг шийдэж, хөзрөө зөв дэлгэлээ. Х.Нямбаатарын зоригтой тэмцлийн хөрсийг ашиглаж, Н.Учралын шударга ёсны бодлоготой хөл нийлүүлсэн тэрээр өнөөдөр Нийслэлийн намын хороог удирдахад сайтар бэлтгэгдсэн, гэрийн даалгавраа хамгийн сайн хийсэн тоглогч гэдгээ харуулж чадлаа. Түүнийг анх Улаанбаатар хотын дарга болоход хүмүүс “Цагаан морин жил төрсөн хүү, “нялх Сэнгүм” туршлага дутна” гэх хандлага байсан бол өдгөө энэ дүгнэлт ор мөргүй алга болжээ.
Хүний чадварыг нас, боловсрол, хэрүүл хэлцлийн чадвар, сошиал дагагчдын тоо бус эцэстээ мэдрэмж, ажлын үр дүн, дээд удирдлагатайгаа бодлогын хувьд хэрхэн зөөлөн хүчээр хамтрах нийцтэй алхмууд цогцоор нь харуулж байна.
Б.Ундрал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.