Японы Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувьд хэвээр үлдээлээ
Японы Төв банк мөнгөний бодлогын ээлжит хуралдаанаараа бодлогын үндсэн хүү болох барьцаагүй хоногийн зээлийн хүүг 1.25 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн зургаа болон есдүгээр сард дараалан 25 суурь нэгжээр өсгөсний дараа тогтоосон уг түвшин нь 1995 оны дөрөвдүгээр сараас хойших буюу сүүлийн 31 жилийн хамгийн дээд хэмжээ юм. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн 8-1 харьцаатай саналаар тус шийдвэрийг баталсан бөгөөд зөвлөлийн гишүүн Хажимэ Таката инфляцын нөхцөл байдал нь хүүг төвийг сахисан 1.5 хувийн түвшин рүү нэн даруй өсгөх үндэслэл болж байна хэмээн үзэж, эсрэг санал өгчээ.
Энэ удаагийн шийдвэрээр Японы Төв банк суурь инфляц зорилтот хоёр хувийн түвшинд ерөнхийдөө хүрснийг албан ёсоор мэдэгдсэн нь 2013 оноос хойш хэрэгжүүлсэн 14 жилийн уламжлалт бус, хэт зөөлөн мөнгөний бодлогын үе шат өндөрлөснийг илтгэв. Төв банкны ерөнхийлөгч Казүо Үэда цаашид бодлогын үндсэн чиглэл үнийн өсөлтийг хоёр хувьд хүргэхээс илүүтэй үнийн хэт халалтаас сэргийлж, зорилтот түвшинд барьж тогтооход чиглэх болсныг тодотгосон байна. Түүний тайлбарласнаар цалингийн тогтвортой өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн хомсдол, иений ханш, хагас дамжуулагч болон хиймэл оюун ухааны салбарын өндөр эрэлт, түүнчлэн Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэлтэй эрчим хүчний үнийн цочрол зэрэг нь инфляцыг хөөрөгдөх гол эрсдэл болж байна.
Бодлогын хүүгийн шийдвэрээс гадна төв банк биржээр арилжаалагддаг сангийн (ETF) эзэмшлээ нээлттэй зах зээл дээр худалдан борлуулах үйл явцыг эрс хурдасгахаар тогтсон нь санхүүгийн салбарт гэнэтийн шийдвэр байлаа. Шинэ төлөвлөгөөний хүрээнд жилд худалдах үнэт цаасны хэмжээг 2027 оноос эхлэн 330 тэрбум иенээс 860 тэрбум иен болгон нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү арга хэмжээ нь төв банкны баланс дахь 37.19 их наяд иений дүнтэй ETF-ийн багцыг бүрэн чөлөөлөх хугацааг анх тооцоолсон 112 жилээс ойролцоогоор 43 жил болгон бууруулж байгаа юм.
Улирлын тойм тайландаа төв банк макро эдийн засгийн төсөөллөө шинэчлэн танилцуулав. Хэрэглээний үнийн суурь индексийн өсөлтийг 2026 оны санхүүгийн жилд 2.5 хувьд хадгалахаар төлөвлөсөн бол 2027 оны санхүүгийн жилд 2.4 хувиас 2.6 хувь болгон нэмэгдүүлжээ. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2026 онд 0.6 хувиас 0.7 хувь болгон өсгөж, 2027 онд 0.8 хувиас 0.7 хувь болгон бага зэрэг бууруулсан байна. Амьжиргааны өртөг нэмэгдсэнээс үүдэн өрхийн бодит хэрэглээ түр хугацаанд саарсан хэдий ч аж ахуйн нэгжүүдийн цалингийн өсөлт тэлэхийн хэрээр хэрэглээ тогтвортой хадгалагдана гэж төв банк үзэж байна.
Зах зээлийн шинжээчид болон эдийн засагчид ерөнхийлөгч Үэдагийн байр суурийг ирэх арванхоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болох ээлжит хурлаар бодлогын хүүг дахин нэмэх суурь нөхцөлийг бэлтгэсэн үйл явдал гэж дүгнэж эхэллээ. Улмаар тус хурлаар бодлогын хүүг 1.50 хувьд хүргэж, 2027 он гэхэд эцсийн хүү 1.75-2.0 хувьд хүрнэ гэсэн хүлээлт үүсээд байна. Ингэснээр санхүүгийн зах зээл дэх гол хэлэлцүүлэг бодлого чангарах эсэхэд бус, харин төвийг сахисан бодлогын хүүгийн эцсийн цэг хаана тогтох, түүнчлэн санхүүжилтийн өндөр зардал болон үнэт цаасны худалдаа нь хил дамнасан кери трейд, улсын бондын зах зээлд хэрхэн нөлөөлөх тухай асуудал руу шилжиж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.