Сайдын туслахаас Сэргээн засах төвийн дарга болтлоо дэвшсэн Тимур Бодау гэж хэн бэ
Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн туслахууд олны анхааралд их өртөх боллоо. Тэдний мэдлэг ур чадвар, хандлага, мөн ямар сонгон шалгаруулалтаар томилогддог нь анхаарал татах болсон. Учир нь зарим нэр бүхий сайдын туслахуудын дураараа авирлаж буй бичлэг цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй бол зарим нь туслахаа бүр даргын сэнтийд залдаг болжээ.
Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакирын туслах Тимур Бодау гэх эмэгтэй Сэргээн засах, туслах, технологийн үндэсний төвийн даргаар томилогдов.
Тимур Бодау нь бага, дунд боловсролоо Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт эзэмшиж, Улаанбаатар хотын Анагаах ухааны Этүгэн их сургуульд “Био-анагаах эс судлаач” мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан аж.
Ажлын гараагаа эрүүл мэнд, шинжлэх ухааны салбараас эхлүүлсэн тэрээр эмнэлзүйн лабораторид молекул биологичоор ажиллаж,
- 2020–2023 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахаар ажилласан.
-Өдгөө Сэргээн засах төвийн дарга болж дэвшив.
Түүний эл томилгоонд салбарынхан нь хүртэл шүүмлжлэлтэй хандаж байгаа аж. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга асан Л.Мөнхзул “арван хүн удирдаж үзээгүй хүн сайдын туслахаас шууд төвийн даргаар томилогдлоо. Эмнэлэг, үйлдвэр хариуцсан даргын хувьд юу хийсэн тайлангаа нийтэд тавих хэрэгтэй” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.
Ер нь манай улсад сайд дарга нар өөрсдийн хамаарал бүхий халаасны хүмүүсээ яам, тамгын газар, цаашлаад төрийн байгууллагуудад даргаар томилох нь элбэг болсон.
Сүүлийн жишээ татахад, Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн тамгаа гардаж аваад зургаа хоногийн дотор ЦЕГ-ын дэд дарга нарын халаа сэлгээг хийж эхэлсэн. Ингэхдээ өөрийн гэхээсээ илүүтэйгээр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хүмүүсийг эгүүлэн томилсон ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.
Тиймээс төрийн байгууллагуудын даргын томилгоонуудыг шударга, меррит зарчмаар явуулахыг олон нийт шаардаж байна.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.