УИХ-ын гишүүний суудлаа “гологсод” АТГ-ын хаалга татав

УИХ-ын гишүүний суудлаа “гологсод” АТГ-ын хаалга татав

Өнөөдөр  Авлигатай тэмцэх газраас олон нийтийн дунд дуулиан болоод байгаа хэд хэдэн хэргүүдийн талаар нээлттэй мэдээлэл өглөө. Тухайлбал Хотын дарга асан Х.Нямбаатарын холбогдоод буй Туулын хурдны замын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар мэдээлэл өгөв.

Үүнээс гадна одоо УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа хэд хэдэн гишүүд АТГ-т шалгагдаж байгаа төдийгүй тус хэргийн шалгалтын явцын талаар танилцууллаа.  

Г.Занданшатарын араанд зуугдсан Д.Амарбаясгалан

Одоогоос сар орчмын өмнө Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа сүр дуулиантай зарласан. Тэдний нэг нь Д.Амарбаясгалан. Шалгуулж буйн шалтгаан нь Г.Занданшатарын нэр хүндэд халдсан гэх хэргээр аж.

Харин энэ талаар Д.Амарбаясгалан хариу тайлбар өгөхдөө, “Г.Занданшатар ухсан нүхэндээ унав аа гэдгийг албан ёсоор хэлье. Улс төрийн халуун тойргоос гарчихсан мөртлөө МАН-ыг дотоодод нь хагалгах ажлыг идэвхтэй хийж байна” гэсэн юм.

Тэгвэл АТГ-аас “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.

УИХ-ын гишүүний суудлаа голсон Х.Баттулга АТГ-т шалгагдаж байна

Хэзээний л УИХ-ын гишүүний суудлаа голж, чуулганаа тоож суудаггүй Х.Баттулгыг төгрөг нуурын ордтой холбоотой хэргээр АТГ-аас бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Түүний хувьд төгрөг нуурийн асуудалтай нэр холбогдоод удаж байгаа. Өмнө Засгийн газраас түүнд “Төгрөг нуурын орд“-ын асуудлаа өөрөө шийдэх хугацаа хүртэл өгч байсан удаатай.

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ, "Төгрөг нуурын орд"-ыг гадаадын компаниудад 250 сая ам.доллароор зарсан гэгдэж буй Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандаж "Х.Баттулга танд өөрийн хутгасан асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол ЗГ хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна. Та Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схемээр зарсан чинь үнэн" гэсэн юм.

Тэгвэл Х.Баттулгад өгсөн сануулгын хугацаа дуусаад жил тойрч байна.

Энэ хэргийн талаар Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг батлах юм бол би 100 хувь өгье” гэсэн байдаг.

Go Mongolia ба Ч.Номин

Монгол Улсыг гадаадад сурталчлах "Go Mongolia" аяны хүрээнд Английн Премьер лигийн "Фүлхэм" (Fulham FC) хөлбөмбөгийн багтай байгуулсан сурталчилгааны гэрээний маргаантай холбоотой асуудлыг шалгаж байна. Энэхүү хэргийг шалгах явцад гадаад улстай хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүссэн тул АТГ-аас эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг холбогдох улс руу нь илгээгээд байсан юм.  Тэгвэл уг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэдгийг АТГ-аас хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээллээ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн цүнхний дуулиан дуусав

Бэрийнхээ цүнхнээс болж төрийн өндөр албан тушаалаасаа унасан анхны Ерөнхий сайд бол Л.Оюун-Эрдэнэ билээ. Тэрээр “амаргүй” гэдэг үгийг Монголчуудын дунд моод болгосон хэдий ч өөрөө харин маш амархан суудлаасаа буусан. Товчхондоо, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн эхнэрээ “эрхлүүлж” буй мөнгө татвар төлөгчдийнх биш бол орлогоо нотлохыг олон нийт шаардан “огцрох амархан” жагсаалыг өрнүүлж байсан юм.

Тэгвэл АТГ-аас түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж дуусчээ.

Энэ талаар АТГ-аас мэдээлэхдээ, “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалт хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг холбогдох иргэдэд хүргүүлж шийдвэрлэсэн. Авлигын хууль зөрчсөн үндэслэл, хариуцлага тооцсон асуудал байхгүй” гэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.