Хотын МАН-д "KFC операци" эхэлсэн ба VIP-д заларсан хуучин "монстерууд"
Улаанбаатар хотын намын гал тогоонд жинхэнэ утгаараа эрх мэдлийн шилжилт хийгдлээ. Тусгаар тогтнолын ордонд болсон Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал ямар нэгэн урт маргаан, илүү дутуу хор найруулгагүйгээр маш уйтгартай шуурхай өрнөж өндөрлөв. Нийслэлийн МАН-ын 78 мянган гишүүнийг төлөөлж ирсэн 489 төлөөлөгч хотын намын удирдлагыг хэнд шилжүүлэхээ ганцхан өдрийн дотор шийдэж, хуучин багийг үндсээр нь хөдөлгөлөө.
Б.Пүрэвдагва зүүд мөрөөдөл мэт 97.5%-ийн саналаар Хотын МАН-ыг атгалаа
Хурлын гол үйл явдал нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээлгэж өгч, түүний сууудлыг Хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва шууд авсан явдал байв. Гайхалтай нь, заалнаас ямар нэгэн эсэргүүцэл болон өрсөлдөгч гарч ирсэнгүй. Тэрбээр 97.4–97.5 хувийн үнэмлэхүй өндөр саналаар Хотын МАН-ын шинэ удирдагч боллоо. Энэ нь түүний нам доторх нөлөө хэр хурдан бэхжиж буйг баталж байна. Улс төрч болгоны мөрөөдлийн сонгууль шүү, үнэмлэхүй ялалт аа гэж. Их хувь заяа.
Х.Нямбаатарын алсын удирдлага
Нийслэлийн МАН-ын дарга асан Х.Нямбаатар энэ удаагийн чухал хуралд биеэр ирж суугаагүй бөгөөд Канад улсаас цахимаар холбогдож тайлангаа тавьсан нь олны анхаарлыг татав. Түүнийг алсаас ажлаа өгөхтэй зэрэгцэн Хотын МАН-ын даргын тамгыг хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн биеэр шинэ даргад гардуулан өгсөн нь хөшигний ард өрнөж буй эрх мэдлийн шинэ хуваарилалтын гол сэдэв болов. Нэг нь айгаад ирэхгүй байна уу нөгөө нь наалдах гээд тамганы “кунфү” хийж явна уу. Экс хотын дарга нар одоо ч улс төрд “үзээтэй” насан дээрээ яваа хойно тус тусын энэ тайван байдал нь айдас хүйдэс мэт.
Д.Сумъяабазар өөрийг нь болон хүргэнийг нь "унагасан" залууд тамга дуртайяа гардууллаа гэж үү?
Хурлын хамгийн сонирхолтой, заалны танхимд шивэр авир хийхэд хүргэсэн дүр зураг бол Нийслэлийн МАН-ын даргын тамгыг хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн биеэр авчирч Б.Пүрэвдагвад гардуулсан явдал байлаа.
Шинэ дарга Б.Пүрэвдагвад У.Хүрэлсүхийн экс хүргэн алдар шууд болон шууд бус утгаараа түүнд нэрмээс биш нэмэр болдог нь үнээн. Тэгвэл СХД-ийг олон жил удирдаж ирсэн Д.Сумъяабазарын фракцыг хотоос шахаж, түүний дүүтэй ханилсан хүргэн Б.Золбоог СХД дээр Б.Пүрэвдагва өөрөө ИТХ-ын даргаас нь бүрэн "унагаж", тус дүүргийг гартаа авч байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь бүлэглэлийг болон хамгийн ойрын хүн болох хүргэнийг нь дүүргээс шахаж унагасан залууд Д.Сумъяабазар өөрөө инээмсэглээд, тамга бариад зогсож байгаа нь МАН-ын дотоод тохироо, улс төрийн жүжиг ямар түвшинд байгааг харууллаа. Танхимаас үүнийг харсан хүмүүс "Өөрийнх нь фракцыг унагасан хүнтэй ийм гоё тохироод, тамгаа өгөөд зогсож байдаг, нам гэдэг сонин амьдрал юм даа" хэмээн ярилцаж байв.
М.Энхболд, Ц.Сандуй нарын хуучин бүлэглэл төрхөмдөө буцах уу?
Улс төрөөс бүрэн арчигдсан гэж таамаглаж байсан МАН-ын хамгийн том бүлэглэл болох хуучин "хотын фракц" тус хурлаар албан ёсоор эргэн ирснээ зарлав. УИХ-ын дарга асан М.Энхболд, "60 тэрбум"-ын хэргээр ял эдлээд гарсан Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй нар танхимын VIP суудалд тухалчихсан сууж байсан нь хамгийн том сенсаци байлаа. Тэдний далд санаархлыг олон нийт ингэж дүгнэж байна. Х.Нямбаатар хотоос явсан энэ сиймхийг ашиглан хуучин сүлжээгээ эргүүлэн босгох эрхэм зорилго. Хотын намын гал тогоо, 204 хорооны удирдлагын арга ухааныг Ц.Сандуй шиг гардан хийдэг хүн ховор тул Б.Пүрэвдагвын ард сууж, Улаанбаатарын томоохон төсөл, газрын харилцааг дахин хяналтдаа авах далд тохироо. Ирэх сонгуулиар Хотын МАН-ын квотыг бүрэн гартаа авч, өөрсдийн хүмүүсээ төрд олноор нь зүтгүүлэх аль аль нь одоо амар болж эхлэх нь.
Танхимд өрнөсөн 18 ба 89 насныхны туйлшрал
Энэ удаагийн Бага хуралд УИХ-ын 18 гишүүн, Засгийн газрын 7 сайд, НИТХ-ын 40 төлөөлөгч нэг дор цугларсан нь эрх мэдлийн асар том төвлөрөл байлаа. Намын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар хурлын үеэр "Би 2024 оны сонгуулиас хойш төр, засгийн ажилд аль ч түвшинд оролцохгүй байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн нь заалны уур амьсгалыг хурцаллаа. Хурлын хамгийн ахмад төлөөлөгч 89 настай байсан бол, хамгийн залуу нь дөнгөж 18 настай оюутан байв. Төлөөлөгчдийн 78.3%-ийг 35-60 насны дунд үеийнхэн бүрдүүлж байв.
Намыг "KFC”, “CU" шиг франчайз болгох шинэ туршилт
Б.Пүрэвдагва дарга болоод шууд уламжлалт арга барилыг шинэчлэхээ зарлав. Тэрээр Улаанбаатарын 204 хорооны намын үүрүүдийг яг л KFC, CU шиг "Франчайз загвар"-т оруулж, нэгдсэн стандарттай болгоно гэдгээ зарлалаа. Мөн гишүүдээ цахим аппликейшнаар шүүж, хариуцлагын дүн тавих нэгдсэн системийг нэвтрүүлэхээр болжээ. Үүгээр ажил хийдэггүй хуучинсаг гишүүд шинэ системээс автоматаар шахагдах аюул тулгарч байна. Хууччуул технологит муу нь дамжиггүй. Бас цагт баригдаж системд баригдах гэхээсээ “мөлхөө” ухуулгаар найзан дундаа явж МАН-д санал цуглуулж ирсэн үндсэн арга барил нь устах нь ээ. Дагаад халамжийн тогтолцоо халагдаж халамжин дээр тогтож найрлаж ирсэн давхарга алга болно л гэсэн үг. Магадгүй бүр супер ухуулагчид бий болох ч юм билүү. Залхуу хүнээс шинэ санаа төрнө гэгчээр. Б.Пүрэвдагвын "KFC операци" хэр үр дүнтэй болсон дүнг ирэх сонгуулиад сайхан тавиад өгнө.
Б.Ундрал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.