Намынхаа хойморт онлайнаар залрагч, Ерөнхийлөгчийн эсрэг схем зурагч Х.Нямбаатар VS Их тулаанд өөрийн зоригоор ШОНХОР мэт ЯЛЧИХСАН аятай Б.Пүрэвдагва

Намынхаа хойморт онлайнаар залрагч, Ерөнхийлөгчийн эсрэг схем зурагч Х.Нямбаатар  VS  Их тулаанд өөрийн зоригоор ШОНХОР мэт ЯЛЧИХСАН аятай Б.Пүрэвдагва

Эхлээд нэг зүйлийг онцолъё. 

Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ямар ч өрсөлдөгчгүй сонгогдлоо. Дотоод ардчилалгүй нам тул хэзээнээсээ ярсхийтэл гараа өргөв. Энэ хэрээр урьдчилсан шийдвэр, улс төрийн тохиролцоо зохиолын дагуу явагдсан гэсэн үг.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгууль бол зүгээр нэг намын дотоод томилгоо биш. Харин 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч намын нийслэл дэх улс төрийн бүтэц, нөлөөллийн хүрээ хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах анхаарал татсан үйл явдал.

Нийслэлийн МАН бол зөвхөн намын гишүүдийн байгууллага биш. Харин Улаанбаатар хотын 204 хорооны намын бүтэц, нийслэлийн сонгогчдын томоохон хэсэг, ирэх сонгуулийн нэр дэвшүүлэлт, сурталчилгаа, зохион байгуулалтын суурь хүч. Тиймээс нийслэлийн намын даргын өөрчлөлт нь хотын захиргааны удирдлагын асуудлаас давсан улс төрийн ач холбогдолтой.

1.Х.Нямбаатарыг намнах ажиллагааны эцэст “сайн ажилласан” гэх тохуурхал

Намынхаа хойморт онлайнаар залрагч, ерөнхийлөгчийн эсрэг схем зурагч Х.Нямбаатар.

Нэг талаар, тайлангаа цахимаар танилцуулж, улстөрөөс завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. “Улстөрийн үхдэл” болтол нь сошиалаар нүдэж, гэмт хэрэгтэн хэмээн цоллож, улсаасаа дүрвэж нуугдсан хүнээ “сайн ажилласан” гэж намынхан нь үнэлэв. Онц дүн тавингаа огцруулчхаж буй эрх баригч намынхны үйлдэлд ямар ч логик байсангүй. Намд нь ардчиллын сүүдэр ч үгүй, гишүүд нь дээрээс ирсэн “добра”-гаар хөдлөгч утсан хүүхэлдэйнүүд гэдгээ харуулсан хэрэг. Дэлхийгээр нэг хэрэлдсэн хэрүүл угтаа Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудал байсныг гэрчилнэ.

Нөгөө талаар, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүн цахимаар МАН-ын хойморт заларсан нь олон нийтийн гайхаш төрүүллээ. Албан тушаалыг нь авч чадсан бол олж, өөрийнх нь эхлүүлсэн “шувуу ажиллагаа”-гаар шүүрч ирээд гэм бурууг нь дэнслэх ч ёстой гэж шаардагсад олон байв. Хаана байгааг нь харсаар суудаг хуулийн байгууллагын арчаагүйнх. 

2.Б.Пүрэвдагва ба У.Хүрэлсүх: Хуучин харилцаа, шинэ улс төр

Их тулаанд өөрийн зоригоор ШОНХОР мэт ЯЛЧИХСАН аятай Б.Пүрэвдагва.

2020, 2024 оны сонгуулийн үеэр хүргэн, хадам аавын харилцааг нь улс төрийн дэмжлэг, карьерын өсөлттэй холбон тайлбарласан агуулга бүхий нийтлэлүүд гарч байлаа. Энэ удаад ч ялгаагүй. Үүнийг саях сунгаа батлах биз ээ.

Б.Пүрэвдагва МАН-ын залуучуудын байгууллага, НИТХ-ын төлөөлөгчийн түвшнээс улс төрийн карьераа эхлүүлсэн гэдэг богино намтартай. Гэвч 2026 оны тавдугаар сард нийслэлийн Засаг даргаар томилсон бөгөөд зургаан сарын дараа нийслэлийн намын дарга болтол дээшээ шидчихлээ. Намтарт нь огцом үсрэлт гарсан нь энэ. Огцом үсрэлт бол хэн хүнд тохиогоод байхааргүй их хувь заяа.

Нам доторх карьерын үр дүн үү эсвэл “экс хүргэн”-ий хувиарх ерөнхийлөгчийн ивээл хэвээр байгаагийн илрэл үү гэвэл хоёр дахь нь илүү үнэнд дөхнө. Б.Пүрэвдагвын улс төрд хөл тавьж, энэ хүртэл явсныг "У.Хүрэлсүхийн засаж өгсөн зам" гэж харвал МАН-ыг У.Хүрэлсүх ба түүний талынхан мэдэлдээ бүрэн авч байна. Нийслэлийн МАН бол эрх баригч намын тавин хувь нь.

Ямартай ч хотын захиргааг удирдах хувь заяаг, нийслэлийн МАН-ын улс төрийг хариуцах үүрэгтэй хамтад нь атгав. Ирэх сонгуулиудаар намын дотоод улстөрд нөлөөлөх, гол тоглогчдын нэг “экс хүргэн” боллоо.

3. Нийслэлийн МАН-ын шинэ даргад ирэх сорилт

●     Нэгт, Улаанбаатар хотын Засаг даргын хувьд түгжрэл, агаарын бохирдол, нийтийн тээвэр, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал.

●     Хоёрт, нийслэлийн МАН-ын улс төрийн нэгдмэл байдлыг хангах шаардлага.

Энэ хоёр үүрэг хоорондоо өөр хэмжүүртэй. Хотын даргыг иргэд ажлын үр дүнгээр, намын даргыг нөхөд нь улс төрийн үр дүнгээр нь үнэлнэ. Тиймээс намын улс төр ба нийслэлийн иргэдийн эрх ашгийн хоорондын тэнцвэрийг хадгалах явдал сорилт болох юм.

●     Нэгдүгээрт, нийслэлийн МАН-ын 204 хорооны бүтэц, удирдлагыг хэрхэн өөрчлөх вэ

●     Хоёрдугаарт, Засгийн газар болон МАН-ын төв удирдлагатай ямар харилцаа тогтоох вэ

●     Гуравдугаарт, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх МАН-ын нэр дэвшүүлэлтийн үйл явцад нийслэлийн намын байгууллага ямар байр суурь эзлэх вэ

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам МАН доторх улс төрийн бүлэглэлүүдийн байрлал, дараагийн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэлт, намын нөлөө бүхий хүмүүсийн харилцаа илүү тодорхой болох нь дамжиггүй. У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж буй энэ үед түүний улс төрийн нөлөө цаашид ямар хэлбэрээр үргэлжлэх вэ гэдэг асуудал анхаарал татна. Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох зохицуулалттай. Иймээс У.Хүрэлсүхийн хувьд өөрөө дахин нэр дэвшихээс илүүтэйгээр дараагийн улс төрийн нөхцөл байдал, өөрийн улс төрийн байр суурь, бодлогын залгамж чанартай холбоотой асуудал чухал болж байна. Энэ хүрээнд нийслэлийн намын байгууллагын удирдлагад хэн очиж байгаа нь улс төрийн ач холбогдолтой байсныг дахин сануулъя.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.