Т.Даваадалайгийн улсад учруулсан гэх 2.5 тэрбум төгрөгийн хохирол нь 1 бүтэн цэцэрлэг барих, дансаар эргэлдсэн 6.6 тэрбум төгрөг нь 26 айлын орон сууц бэлнээр авах хэмжээний төсөв!
Монголын улс төр, хууль хяналтын түүхэнд гол шийдвэр гаргагчид нь хилийн чанадад гарч, харин гарын үсэг зурсан, гүйцэтгэх шатны албан тушаалтнууд нь эх орондоо үлдэн шүүх танхимд дуудагддаг жишиг нэг бус удаа давтагдсан. Өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд болсон Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нарын дөрвөн хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг чухам ийм дүр зургийг дахин санууллаа.
Шүүхээс талуудын гаргасан нотлох баримтуудыг дутуу гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч шүүх танхимд шидэлцсэн үгс, ил болсон баримтууд олон нийтийн анхаарлыг татаад байна.
Шүүх танхимаас онцлох 3 ишлэл:
Прокурор эхнэрийнх нь талаар: "Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын 'Хөх булант' зараар эрэн сурвалжлуулсан. Тэрбээр АНУ-д байгаа бөгөөд цагаачлалын хүсэлт гаргасан баримт нь ирсэн."
Т.Даваадалай өөрийгөө өмгөөлөхдөө: "Манай эхнэрийн дансанд орсон мөнгө байхгүй байхад намайг хүчээр яллаж байна. 37 хавтаст хэрэгт авагдаагүй, Зам тээврийн яам хүлээж авсан ТЭЗҮ-тэй холбоотой шинэ баримтуудыг гаргаж өгч байна."
Т.Даваадалай хэргийг нэгтгэх талаар: "Би Туулын хурдны замын хэрэгт бас яллагдагчаар татагдсан учраас энэ хэрэгтэй нэгтгэж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байхыг хүсэж байна."
Т.Даваадалайгийн улсад учруулсан гэх 2.5 тэрбум төгрөгийн хохирол нь 1 бүтэн цэцэрлэг барих, дансаар эргэлдсэн 6.6 тэрбум төгрөг нь 26 айлын орон сууц бэлнээр авах хэмжээний төсөв!
Хуулийн байгууллагаас Т.Даваадалайг "Шинэ тойрог" авто замын 16.9 тэрбум төгрөгийн тендерийг хамаарал бүхий хүмүүстээ өгч, улсад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөн эхнэр болон дүү нарынхаа компаниар 6.6 тэрбум төгрөг угаасан гэж буруутгаж байгаа юм. Тэрбум гэдэг тоог бидний амьдралд ойртуулж авч үзье. Бидний амьдралдаа хараагүй их мөнгө толгойд багтахгүй тоо гэдэгтэй олон хүн санал нийлнэ ч биз.
Улсад учирсан гэх 2.5 тэрбум төгрөгийн хохирол нь 150-200 хүүхдийн багтаамжтай 1 бүтэн цэцэрлэгийн барилга барих, эсвэл Улаанбаатарт 250 саяын үнэтэй 10 ширхэг хоёр өрөө байр авах мөнгө юм.
Дансаар эргэлдсэн 6.6 тэрбум төгрөг нь нийтийн тээврийн 17 ширхэг цоо шинэ автобус худалдаж авах, эсвэл 26 айлын орон сууцыг бэлнээр авах хэмжээний төсөв юм.
"Дубайн гэрээ"-ний сценари давтагдах уу? Дарга, эхнэр хоёр нь хил давж, Т.Даваадалай шүүхийн өмнө ганцаар үлдлээ
Шүүх хурлын үеэр Т.Даваадалайн дурьдсан "Туулын хурдны замын хэрэг" нь хотын дарга асан Х.Нямбаатартай шууд холбогддог. АТГ-аас мэдээлснээр Х.Нямбаатарыг Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг гаргуулахын тулд Т.Даваадалайг орлогчоор томилсон, мөн өөрийн 20 гаруй хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэх үндэслэлээр тусад нь яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Хэргийн хамгийн сонирхолтой зангилаа нь гол холбогдогчид хилийн чанадад гарсанд оршиж байна. Нэг талд Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа АНУ-д цагаачлал хүссэн бол нөгөө талд түүний дарга асан Х.Нямбаатар мөн л гадаадад гарч, Интерполоор эрэн сурвалжлагдаж эхэлсэн.
Монголын шүүхийн практикт үүнтэй ижил төстэй дуулиант хэргүүд хэрхэн шийдэгдэж байсныг харцгаая.
"Дубайн гэрээ"-ний хэрэг: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ руу гарч Интерполоор эрэн сурвалжлагдах үед түүний хэргийг тусгаарлаж, Монголд үлдсэн С.Баярцогт нарын албан тушаалтнуудыг шүүхээр оруулж шийдвэрлэж байв.
"Хөгжлийн банк"-ны хэрэг: Мөн л хилийн чанадад гарсан сэжигтнүүдийн хэргийг тусад нь тусгаарлаж, эх орондоо байгаа 80 гаруй хүн, хуулийн этгээдийн хэргийг анхан шатны шүүхээр эцэслэсэн жишиг бий.
Тиймээс шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг байцаах, нотлох баримтыг дахин нягтлах даалгавар өгч хэргийг буцаасан ч ойрын хугацаанд гадаадад байгаа хүмүүсийн хэргийг тусгаарлаж, Монголд үлдсэн Т.Даваадалай нарын шүүх хурлыг дахин товлон эцэслэх магадлал өндөр байна.
Б.Ундрал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.