МАН-ын сүүдэрт гөлөлзөж суугаа номхон Пороро дарга О.Цогтгэрэлийн гай гавьяаг дэнслэх Онц их хурлын дуулиан
Улс төрийн урт хугацааны хагарал, тамга тэмдгийн маргаан дунд туйлдсан Ардчилсан намыг хөл дээр нь босгох хүндхэн даалгаврыг О.Цогтгэрэл хүлээж аваад чамгүй хугацаа өнгөрлөө. Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан түүнийг намын шинэ үеийн лидер хэмээн харах хүмүүс байхад, нөгөө талдаа эрх баригчдын өмнө хэтэрхий номхон байна гэх шүүмжлэл нийгэмд хүчтэй өрнөж байна. Сөрөг хүчнийг удирдаж буй түүний гавьяа ба гайг дэнсэлбэл хаанаа буух вэ?
Гал унтраасан залуужилт ба тактикийн нүүдлүүд
О.Цогтгэрэлийг намын дарга болсноос хойш АН-д гарсан хамгийн том эерэг өөрчлөлт бол дотоод уур амьсгалын шинэчлэл юм. Түүний удирдлага дор Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 60 орчим хувийг 39 хүртэлх насны залуучууд бүрдүүлэх болсон нь хуучин фракцуудын зодооноос залхсан нийгэмд шинэ итгэл төрүүлсэн. Мөн улс орон даяар өрнүүлсэн "Өөрчилье бүтээе" үндэсний хөдөлгөөн, Монгол Улсыг хөгжүүлэх 100 шийдэл боловсруулах ажил нь АН-ыг зөвхөн хэрүүл хийдэг биш, бодлого уралдуулдаг нам болгох гэсэн түүний прагматик тактик байв.
УИХ-ын индэр дээрээс МАН-ын өргөн барьсан 40 их наядын данхар төсвийг гал дээр тос нэмсэн алхам хэмээн хатуу шүүмжилж, төрийн нууцаар халхавчилсан авлигын схемийг ил болгох хэлэлцүүлгүүдийг Төрийн ордонд зохион байгуулж байсан нь түүнийг сөрөг хүчний дуу хоолойг чангалах гэж оролдож буйн илрэл.
"Давхар дээл" ба намын дотоод хулчгар зодоон
Гэвч түүний карьер дахь хамгийн том шүүмжлэл нь албан тушаалын шунал болон шийдэмгий бус байдал. АН-ын дарга гэх том суудлыг авсан атлаа УИХ дахь бүлгийн даргын суудлаа тавьж өгөхгүй "давхар дээл"-тэй явсан нь нам дотроо багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Суудлаасаа зугтлаа гэх гишүүдийнхээ шахалтаар бүлгийн даргын ажлаа хүлээлгэж өгсөн нь түүнийг тэмцэгч биш, шахалтаар хөдөлдөг удирдагч гэх дүр зургийг тодотгов.
Хамгийн ноцтой нь, С.Баярцогтыг намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарч, нам дотор фракцуудын далд зодоон оргилдоо хүрэхэд О.Цогтгэрэл дарга таг чимээгүй. Намын гал тогоог барьж буй хүн ийм чухал үед дуугарч, байр сууриа илэрхийлж чадахгүй байгаа нь түүнийг фракцуудын барьцаанд орсон уу, эсвэл хуучин лидерүүдийг бие биенээ хэмлэхийг хүлээж суудаг үхээнц тактикч уу гэх асуултыг гарцаагүй тавихад хүргэж байна.
Гэр бүлийн амжилт уу, хуйвалдааны шагнал уу?
О.Цогтгэрэлийн намын даргын сэнтий хувийн болон гэр бүлийн бизнест нь ногоон гэрэл асаасан уу гэх асуулт Ерөнхийлөгчийн шагналын зарлиг гарах үед өндрөө авсан юм. Түүний төрсөн ах, "ТЭСО"-гийн О.Дамжин Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ Хөдөлмөрийн баатар гэх төрийн дээд цолыг хүртэв. О.Цогтгэрэл дарга ахыгаа шинэ цагийн анхны хятад хэлтэн, онц сурлагатан хэмээн хаацайлж, сошиалаар урт тайлбар бичсэн ч олон нийтийн хардлагыг зогсоож чадаагүй. Төр, хувийн хэвшлийн зааг алдагдаж, эрх баригч МАН-тай далд тохиролцоо хийсний шагналд төрийн дээд одонг ах нь жил дараалан хүртлээ гэх шүүмжлэл өнөөдөр ч улс төрийн хүрээнд хүчтэй хэвээр байна.
Үүн дээр нэрмээс болж О.Цогтгэрэлийг солонгос савангийн дуурь шиг хувийн амьдралын маргаантай сэдвүүд болон түүний гоо сайхны мэс засал хийлгэсэнд хувийн чанартай шүүмжлэл цахим орчинд зэрэгцэн өрнөсөн. Энэ нь сөрөг хүчний даргын нэр хүндийг улам ч хүнд байдалд оруулав. Намын дотоод задралыг зогсоох бодлогогүй, эрх баригчдын өмнө ширээ шаах зориггүй мөртлөө хувийн имиж, гэр бүлийн шагнал урамшуулал дээрээ зангараг гаргаж байгаа нь түүнийг зарчмын лидер биш, зөвхөн өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрх ашгийг бөөцийлөгч гэх дүрд хадаж орхилоо.
Ардчилсан намын сүнсний баяр ба нам биш "Нарантуул" зах аятай л …
О.Цогтгэрэлийг чимээгүй суух хооронд намынх нь дотоод задрал хяналтаас бүрмөсөн гарсныг илтгэх ноцтой үйл явдал өрнөлөө. Намын Хяналтын хороо нь ЕНБД-аа хуссаны дараахан, хаа нэгтээгээс "АН-ын Онц их хурал Соёлын төв өргөөнд хуралдана" гэх том зар хэвлэлээр мэлсхийтэл цацагдав. Гэтэл АН-ын төв аппарат нь араас нь сандран "Бид зарлаагүй, хууль бус, манай сошиал хуудсыг дагаарай" хэмээн цахим орчинд тийрч эхлэв.
Албан ёсны дарга төв байгууллага нь мэдээгүй байхад хаалганых нь цаагуур "Онц их хурал" зарлагдаж, төрийн эргэлт шиг нүүдэл хийгдэж байна гэдэг нь АН өнөөдөр нэгдсэн удирдлагагүй, О.Цогтгэрэл намынхаа жолоог аль хэдийн алдсаны баттай нотолгоо гэчихэд хатуудахгүй. Өмнө нь С.Эрдэнэ, Х.Баттулга нарын дунд олон тамга, хоёр тусдаа сошиал хуудас, хоёр өөр шийдвэр гаргаж явсаар Монголын ардчиллыг дампууруулсан АН-ын хуучин сүнс эргэн амилж байна. Албан ёсны дарга нь сошиал хуудсаараа хариу мэдэгдэл хийлгэхээс цаашгүй бодит амьдрал дээр фракцуудынхаа дайралтыг зогсоож чадахгүй булан руу шахагдсан нь даажинтай.
МАН-ыг “долоосон" уу, ухаалаг тоглосон уу?
Сошиал орчинд болон улс төрийн хүрээнд "О.Цогтгэрэл МАН-д долгиноод, зөөлөн хандаж байна" гэх хардлага байнга явдаг. Түүнийг хуучин үеийнхэн шиг гудамжинд гарч орилдоггүй, эрх баригчдыг жинхэнэ утгаараа ганхуулж чадахгүй байгааг иргэд МАН-тай далд тохиролцоо хийснийх, эсвэл бизнесийн ашиг сонирхлоо хамгаалж буйнх гэж харддаг нь нууц биш. Хэдийгээр тэрээр "МАН-тай ямар нэгэн далд тохиролцоо хийгээгүй" гэж мэдэгдэн, чуулганыг бойкотолж байсан түүхтэй ч түүний баримталдаг хэт соёлтой, прагматик тактик нь өнөөгийн хэрцгий улс төрд сөрөг хүчнийг хэтэрхий сул, үлбэгэр харагдуулж байна.
О.Цогтгэрэл бол АН-ыг тамганы маргаанаас гаргаж, залуужуулж чадсан бүтээлч менежер мөн үү гэвэл мөн. Гэвч улс орны хувь заяа, намын дотоод задрал дунд зоримог дуугарч, ширээ шааж чаддаггүй "аймхай туулай" тодотгол түүнийг сүүдэр шиг дагаж байна. Өөрийг нь чимээгүй суух хооронд араар нь хууль бус "Онц их хурал" зарлаж, намынх нь жолоог булаах гэж байхад сошиал хуудасны цаана нуугдаж буй О.Цогтгэрэл ирэх сонгуулиудаар АН-ыг ялуулах уу, эсвэл МАН-ын сүүдэрт "гөлөлзөж" явсаар намаа бүрмөсөн дуусгах уу гэдгийг харах л үлдлээ. Жолоогүй АН, зориггүй дарга хоёроор МАН өлхөн “сегадаж” дууслаа.
Б.Ундрал
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.