Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулж кандидатуудын хөдөлгөөн идэвхжив

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулж кандидатуудын хөдөлгөөн идэвхжив

У.Хүрэлсүхийг үдэж өгснөөр дараагийн Ерөнхийлөгчийн марафон эхэлсэн шинэ долоо хоногийг угтаж байна. Учир нь амралтын өдрүүдэд улс төрийн намууд тал талд хөдөлгөөнтэй байлаа. 

Ардчилсан намын Сонгуулийн Стратегийн Байгууллага хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг томилжээ.

ХҮН намын Удирдах зөвлөлөөс 2027 оны Ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаар Ерөнхий нарийн бичгийн дарга Доноровын Гантулгыг томилов. Түүний хувьд өмнө нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оноос Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Сүүлд Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Боловсролын дэд сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

Харин ах нам буюу МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр их тэнгэрт болжээ. Эл хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, намын эв нэгдлийг хангах асуудлыг авч хэлэлцсэн аж.. Мөн зарим эх сурвалжийн мэдээллээр,

- Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр үе шаттай болж магадгүй тул 2026.02.25 өдөр санал хураалтын товыг тогтох,

- Сонгуулийн штабыг намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал ахлах,

- Намын эв нэгдлийг хангаж, сонгуульд нэг сэтгэлээр ажиллах зэргийг ярилцжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өмнө мэдээлэл өгөхдөө, “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын анхан шатны байгууллага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага, дэргэдэх байгууллагуудаас санал авахаар төлөвлөсөн” гэсэн юм.

Харин ХҮН намын дарга О.Доржханд Ерөнхийлөгчийн талаар мэдээлэл өгөхдөө, “Манай намаас хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй, ядаж англи хэлээр ярьдаг хүнийг нэр дэвшүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм. 

Гэхдээ одоогоор аль ч нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байна. Харин улс төрийн хүрээнд хэний нэр илүү олонтаа яригдаж байна вэ гэдэг нь сонгуулийн өмнөх өрсөлдөөний эхний зураглалыг харуулж байна.

МАН-аас Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Б.Жавхлангийн нэр, АН-аас О.Цогтгэрэл, Л.Гантөмөр, Н.Алтанхуягийн нэр илүүтэй яригдаж байна. Мөн АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганбат нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. 

Нөгөөтэйгүүр, С.Ганбаатар зэрэг улс төрчдийн нэрийг ч сонгуулийн боломжит өрсөлдөгчийн хүрээнд дурдаж буй. Гэвч эдгээр нэр нь эцэслэн тодорсон нэр дэвшигчид бус, улс төрийн хүрээнд яригдаж буй хувилбарууд юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай кандидатуудтай холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.