Төрийн томчуудын ажлаа өгөх давалгаан дунд АТГ-ын дарга З.Дашдаваагийн суудал ганхаж эхлэв үү
Улс төр улайссан долоо хоног өрнөж байна. Асар өндөр дүнтэй дуулиант авилгын хэргүүд дахин сэргэж улмаар төрийн өндөр албан тушаалтнууд суудлаасаа бууж шалгуулж нэр төрөө сэргээлгэнэ хэмээн сүр дуулиантай зарлацгаав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд өөрийн хүсэлтээр ажлаа өгч шалгуулна гэдэг сайн жишиг тогтож буйн шинж. Гэхдээ чемодан дүүрэн материалууд өгөөд гацдаг ганц байгууллага нь Авлигатай тэмцэх газар. Өдөр бүр шахуу сайд дарга нараас эхлээд нийтийн албан тушаалтнууд хүртэл нэг нэгнийгээ шалгуулж, хэрэг төвгөө мухарлахаар АТГ-т ханддаг хэдий ч тэнд очоод дарагдчихдаг. Ялангуяа яг одоо олны анхааралд байгаа “Төгрөг нуурын орд” болон “Бодь” мэтийн галавсан ноцтой хэргүүд яасан нь мэдэгдэхгүй хав дарагддаг.
Энэ талаар өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өгөх үеэрээ онцолсон юм. Тэрбээр , “Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Төгрөг нуурын орд”-ыг бусдаас үнэгүйдүүлэн авсан. 250 сая долларыг гадаад, дотоод хөрөнгийн зах зээлд босгож бусдад зарсан гэдэг асуудлыг ярьж 507 хуудас материалыг Олон улсын хөрөнгийн бирж санхүүгийн байгууллагуудаас авч ОУ-ын санхүүгийн шинжээч нар ажиллуулж тухайн үед хууль хяналтын байгуулллагад гардуулж өгч байсан. Ингээд энэ хэрэг замхарсан. Монголд одоо ер нь материал өгдөг. Хэрэг төвөг нь шалгагдаж үнэн зөв нь тогтоогддоггүй. Буруутай бол буруу, буруугүй бол буруугүй гэдэг ийм шийдвэрийг гаргаж асуудлыг мухарлахгүй явсаар өнөөдрийн байдалд хүрч байна” гэв. Мөн тэрбээр олны анхаарал татсан хэргүүд, баримт материалуудыг нь хүлээлгэн өгсөн ч шийдвэрлэгдэхгүй удсан хэргүүдийн асуудлаар хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг өгнө хэмээсэн юм.
Харин Шадар сайд Н.Номтойбаяр энэ асуудалд байр сууриа илэрхийлэхдээ,
“Шударга ёсны үнэ цэн шалан дээр хэвтчихлээ. Авлига, хулгайд идэгдсэн монгол төрийн аюулгүй байдлынасуудал хөндөгдөж байна. Бодийн гэрээг байгуулж байхад ҮАБЗ-ийн дарга байсан Х.Баттулга УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуулах ёстой. Намайг төрийн дансанд байсан 3.9 тэрбум төгрөгийг завшсан мэтээр гүтгэж, би хилсээр нэг жил шоронд суусан. Тэр үед би сайн дураараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, шалгуулсан. Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд шалгуулъя гэж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Үүний цаана маш олон хүн хэрэгт холбогдсон, гүтгэгдсэн. Бодь гэж эхлээд Бортээг болоод дууссан шүү. АТГ-ын даргаар З.Дашдаваа байгаа цагт энэ асуудал нохойн замаар орно. Өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй” гэсэн юм.
Томчуудын авлига албан тушаалын хэргийг мухарлах учиртай АТГ-ын даргаар З.Дашдаваа ажилладаг.
Түүний хувьд төрийн албанд нийт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд,
• Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил,
• Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил,
• Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил,
• Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 3 жил,
• Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил,
• Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар6 жил,
• Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил,
• Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар1 жил ажиллаж
• Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 жил,
• АТГ-ын даргаар 7 дахь жилдээ ажиллаж байна.
З.Дашдавааг 2019 оны 5-р сарын 2-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал болгож, УИХ томилсон. Дараа нь 2025 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улираан томилох санал гаргаж, УИХ дэмжсэн байдаг. Тэрээр үндсэндээ 7 жил АТГ-ын даргын албан тушаалыг хашиж байгаа юм. Энэ хугацаанд АТГ дуулиант авлигалын хэргүүд дээр ганц ч дорвитой шийдвэр гаргаж, шударга үнэнийг тогтоож олон нийтэд зарлаагүй нь өнөөдөр түүний суудал ганхах хэмжээнд хүрч байна хэмээн төрийн түшээд үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.