МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээн дээрх 12 дахь тулаанаа эх орондоо хийж, Мексикийн боксчин Педро Бернал Родригог 6 дахь үедээ буулгаж авснаар бахтай ялалт байгуулсан. Энэ өдрүүдэд түүнийг Монгол даяар шагшин бахдаж байна. Унаж, босож энэ хүрсэн замналыг нь ч сөхөн дурдаж байна.
Дүрмийн дагуу түүний хувийн дасгалжуулагч Волли ч олны анхаарлын төвд оржээ. Нийслэлийнхэн “Хангарди” одонгоо хоёуланд нь зүүж өгч. Воллигийн талаар “Энэ хүүг бүтээсэн хүн бол монголчууд биш энэ сахалт америк эр. Бид харин түүнийг гутаан доромжилж, зодож нүдэж, хясаж, галзууруулж, хавчиж боож, ад үзэн Монголоос, шигшээ багаас яаж хөөсөн билээ” гэсэн утгатай постуудыг сошиал орчинд сэвж буй.
Их спортод дасгалжуулагч гэдэг тамирчин хүний амжилтынх нь тэн хагас нь байдаг. Энэ өнцгөөс бол Волли үнэхээр Э.Цэндбаатарын амжилтын 50 хувийг хуваалцах эрхтэй. Гэхдээ мэргэжлийн бокст дасгалжуулагчаас илүү тухайн тамирчны менежер гэдэг өөр нэг гол хүн байдаг бичигдээгүй хуультай. Ерөөсөө мэргэжлийн боксын тамирчны амжилт 100 хувь менежерээс шалтгаална гээд хэлчихэд ч хэтрүүлсэн болохгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн спортод мөнгөөр бүх асуудлыг шийддэг. Тэрхүү санхүүжилтийг дасгалжуулагч биш менежер гаргана. Тэр байтугай дасгалжуулагчаар хэнийг ажиллуулах, хэдэн ногооноор цалинжуулах вэ гэдгийг ч менежер л шийднэ. Хэнтэй, хэзээ, хаана тулалдахаа товлож, тооцоолохоос эхлээд тоглолтын гэрээг байгуулах, тамирчныхаа бэлтгэлийг хангуулах гээд бүх асуудал менежерийн толгой дээр бууна.
Түүний ялалтын уухай, бахтай хамт Э.Цэндбаатарын менежер хэн юм бол? Арай менежер, санхүүжүүлэгчгүй явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрчихээгүй биз дээ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Тэгвэл Э.Цэндбаатарын ялалтын менежер нь АНУ-д амьдардаг монгол бизнесмэн “Сэрүүн” группийн ТУЗ-ийн дарга Э.Булгантамир хэмээх энэ залуу аж. Барилгын хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, автоматжуулалтын мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг “Сэрүүн сервис” ХХК 2019 онд бизнесээ өргөжүүлэн АНУ-д салбараа нээгээд удаагүй байж.
Э.Булгантамирын тухайд өөрөө боксоор хичээллэж, улсын аваргын хүнд жинд нударга зөрүүлж явсан, боксын спортод дуртай, УАШТ-ийг алгасахгүй үздэг байсан бөгөөд Э.Цэндбаатарыг УАШТ-ий рингэнд анх харж, бусдаас арай өөр техниктэйг нь анзаарчээ. Ингээд 2019 онд АНУ-д бизнесээ эхэлснийхээ дараа Э.Цэндбаатарын менежерээр ажиллаж эхэлсэн байна.
Сахилга батын зөрчил гаргаж, боксын холбооноосоо хөөгдөж, ах нартаа “зодуулж” юм юм үзэж явсан Э.Цэндбаатарын “Монголын нэрийг гаргах тамирчин болно, би чадна” хэмээх дэврүүн мөрөөдлийг бодит болтол нь мөнгө төлж, санхүү хийгээд маркетинг, менежмент, орон байр, орчин нөхцөл гээд бүх зүйлээр тусалж дэмжиж ирсэн ачтан нь чухамдаа Э.Булгантамир ноёнтон гэсэн үг.
Тэгэх тусмаа дэлхийн боксын нийслэл гэгддэг Лос-Анжелес, Нью-Йоркт хөлөө олж, мэргэжлийн боксын дэвжээнд гарна гэдэг амаргүй даваа. Мэргэжлийн боксын ертөнц бол хэн дуртай нь үсрээд орчихдоггүй хаалттай, хатуу шалгууртай, өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй ертөнц. Шинэ, залуу тэгэх тусмаа монгол тамирчны хувьд асар том чулуун хана л гэсэн үг. Түүнийг давж орох бараг л боломжгүй. Мөнгө санхүүтэй, танил тал, хүрээлэлтэй хүмүүсийн хийдэг карьер гэж шуудхан хэлж болно.
Тэрээр саяхан эх орондоо ирэхдээ өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа маш тодорхой ярьсан аж. “Э.Цэндбаатарыг мэргэжлийн боксын дэлхийн аварга болгох л том амбицтай. Өнгөрсөн хугацаанд Э.Цэндбаатар 12 удаагийн тоглолт хийж, нэг ч ялагдаагүй байгаа. Хойд Америкийн WB-ийн 135 паундын аварга болсноор тэрбээр топ 12-т орж ирсэн. Энэ жилдээ багтаад дэлхийн аваргын төлөө тоглох боломжтой.
Мэргэжлийн тамирчинд менежмент хийх нь бизнес хийхээс хэцүү. Хүнтэй харьцах гэдэг шал өөр. Одоо бол бид тодорхой хэмжээний амжилт гаргасан. Чадахаараа зөв баг бүрдүүлээд, зөв менежмент хийгээд явж байна” хэмээжээ.
Тэрбээр хаалттай, хатуу чанд дэг жаягтай, хүрээлэлдээ барагтай хүнийг оруулдаггүй мэргэжлийн боксын ертөнцөд Э.Цэндбаатарыг хөл тавиулахын тулд чамгүй менежмент хийж, арга сүвэгчилжээ. Ингээд мэргэжлийн боксын хүрээлэлд нэр нөлөөтэй, белорусь гаралтай менежертэй гэрээ байгуулж, түүнд цалин урамшуулал өгч байж тамирчнаа хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Тохиролцсон ёсоор белорусь менежер нь ил гардаг, харин Э.Булгантамир далдаас ажилладаг байна. Өөрөөр хэлбэл Э.Цэндбаатар хоёр менежертэй гэсэн үг. Даанч боксчин маань энэ талаараа, ялангуяа төдийгөөс өдий хүртэл 100 хувь спонсорлож, тултал нь дэмжиж тусалж ирсэн менежер Э.Булгантамирынхаа талаар ганц үг ганхийдэггүй нь сонин.
Э.Цэндбаатар АНУ-д анх хөл тавихдаа мэргэжлийн боксын дэвжээнд эхний ялалтаа байгуулж 1-0 гэсэн амжилттай байсан бол эдүгээ 12-0 амжилт үзүүлээд буй. Энэ хүртэл нь менежерлэнэ гэдэг асар их хөдөлмөр, цаг зав, мөнгө санхүү байж таарна. Гэтэл гавьяат боксчин маань жинхэнэ ачтнаа умартсан юм биш биз!
Хөөс мэт хоромхон зуурын амжилтад хөөрч, хөлийг нь рингэнд, гарыг нь бээлийнд хүргэсэн хүнийхээ ачийг хэрвээ умартсан бол тамирчин хүний ёс зүй ерөөс хүний мөс чанаргүй хүнээс гарах араншин биш гэж үү, Э.Цэндбаатар минь.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS