Ц.Нямдоржоос хойшхи ХЗДХ-ийн 11 дэх сайд С.Амарсайхан ШШГЕГ, ЦЕГ-ын хурандаа нарын авилгын торыг задалж хамтдаа “унав”
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 10 гаруй жил ажилласан Ц.Нямдоржоос хойш Х.Тэмүүжин гурав, Х.Нямбаатар гурван жил ажилласныг эс тооцвол Хууль зүй дотоод хэргийн яаманд сайдууд нь 5-12 сарын настай засаглаж иржээ. С.Амарсайхан гэхэд ердөө тавхан сар энэ салбарын сайдаар суув. Су.Батболд, Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Д.Дорлигжав, С.Бямбацогт, Б.Энхбаяр, О.Алтангэрэл гэхчлэн бид 2001 оноос хойш зөвхөн энэ салбарт 11 сайдын нүүрийг үзээд байна.
Атал дотооддоо ямар айхтар өтчихсөн байсан юм бэ гэмээр цочир тоо баримтуудыг өчигдөр С.Амарсайхан дэлгэж орхив. Түүнийг хэвлэлийн бага хурал зарлахад “Албан тушаалаа өгөөд шалгуулъя” гэх биз гэсэн өмнөх туршлагуудын таамаг байв. Хэрэг өөрөөр эргэсэн шалтгаан нь гэр бүл рүү нь орсон увайгүй улс төр байлаа. Хүний нөхөр эхнэртэй “явалддаг” хоёр гурав дахь эхнэрийн дуулианыг олон нийт сонссоор дөжирч цочирдохоо байсан.
Хэдэн жилийн өмнө Х.Тэмүүжинг Сарангэрэл гэдэг охиноор “савж” байсныг одоо бодоход үнэхээр жижиг сажиг асуудал мэт. Х.Тэмүүжинг унагахад агентлагийн хурандаа нар нь жин дарж байсан бол энэ удаад ШШГЕГ болон ЦЕГ нь сайдынхаа эсрэг боссон дүр зураг харагдлаа. Тоо, баримт худлаа ярьдаггүй. С.Амарсайхан огцрох эсэх гэхээсээ дэлгэсэн баримтууд нь Г.Занданшатарын мэдэгдлээс сонирхолтой байна.
Нэг. Тендерчин удган Булнайн барилгын компанид Цагдаагийн барилгын 1 тэрбум 200 саяын тендэр өгсөн гэв. Удган нь “Барилгын тендэр авдаг нь үнэн. Гэхдээ юун тэрбум бэ? Үсрээд л 60, 70, 100, 300,400-хэн саяын тендэр авдаг шүү” гэв. Удган мөртлөө барилгачин “барималчин” бас байдаг болчихсон юм уу? Эндээс баячуудын удган зөвхөн мөнгөнд биш тендерт “явдаг” болжээ гэсэн дүгнэлтийг хийж болно.
Хоёр. Б.Нямгомбо гэгч Цагдаагийн дарга “Алтжин”-гийн Г.Алтан агсны Олон Овоотын алтны ордыг дээрэмдэж, Монголбанкны барьцаанд байсан 8 ширхэг тусгай зөвшөөрөлтэй холбоотой 23 тэрбумын асуудлыг авлигаар шийдэж лиценз шилжүүлсэн.
Гурав. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хоригдлуудаар хувийн хаусаа бариулдаг. Албан хаагчдынхаа нэр дээр 408 саяыг хууль бусаар гаргуулж өөрөө 40 саяыг нь авсан. Ажилчдынхаа нэр дээр 10,20 саяыг гаргуулж аваад өөрөө авчихдаг талаар С.Амарсайхан дэлгэв. Тэрбээр С.Амарсайханы эсрэг хэвлэлийн хурал хийгээд нөгөөдөр нь өөрөө хамт огцров. Уг нь бол доод шатнаас крандуулалгүй салбартаа ажиллаж дэвшсэн юм гэнэ билээ.
Дөрөв. ШШГЕГ-ын нэр дээр байдаг нүүрс, гантиг чулуун ордын “Ашиглалтын лиценз”-ийг дарга А.Намсамандтай нийлж Ерөнхий сайд Г.Занданшатар зохицуулсан. Хууль зүйн сайд С.Амарсайханыг энэ орд дээр хувийн компаниа оруулахыг санал болгосон гэсэн ч Г.Занданшатар өнөө өглөө /2026.09.16/ хийсэн мэдэгдэлдээ “С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна. Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суман дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, ШШГүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан” гэв.
Тав. Цагдаагийн алба хаагчдын орон тоог 770 орчмоор хасаж, 13 дахь сарын цалин болох 7.9 тэрбумыг Хууль зүйн сайд Б. Энхбаяр нар шамшигдуулсан гэсэн мэдэгдэлд одоогоор Б.Энхбаяр хариу тайлбар өгөөгүй байна.
Зургаа. Экологийн цагдаагийн даргаар ардаа алтны компанитай асар том алтны сүлжээтэй,түүгээрээ улс төрчдийг санхүүжүүлдэг Баянхонгорын цагдаагийн дарга асан Б.Оюутболд гэгчийг Г. Занданшатар тавьсан асуудал дээр Г.Занданшатар “С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Б.Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ. Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин Б.Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна” гэж хариу тайлбар тус тус хийгээд байна.
Ерөнхий сайд дан ганц ХЗДХ-ийн сайдыг биш бүх доод албан тушаалтнуудыг хамтад нь чөлөөлсөн нь шинэ шийдэл болов. Ердөө 5 сар сайд байсан хүн ганцаараа асуудал хариуцах ч гэж юу байх вэ. Салбарын бүх бурууг сайд байсан руугаа чихчихэж боломгүй. Сайд явлаа ч сууриар нь өөрчлөхгүй бол энэ салбарт маш их асуудал байгаа нь ийн ус тосоороо ялгарч, бузар булайгаа дэлгэв. Монголын хууль, хүчний салбарт хүчтэй реформ хийх цаг болжээ.
Б.Ундрал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.