Хууль зүйн сайд болох “дундын хүн” ба аавынхаа нөлөөг Ардын намд "дархалж" яваа Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
Өнөөдөр 8:30 цагт МАН-ын УЗ-ын хуралдаан төрийн ордонд боллоо. Эл хуралдаанаар Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжигдлээ. Түүний хувьд Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдах үед Сангийн сайдад яригдаж байсан төдийгүй 2025 онд Г.Занданшатартай Ерөнхий сайдад хамт өрсөлдөж байсан “амбицтай” улс төрч. Монголын улс төр ялангуяа Ардын намд Г.Тэмүүлэн гишүүн гэхээсээ түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
Учир нь 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга болтол нь албан тушаал ахиулсан байдаг.
Г.Тэмүүлэнгийн намтрыг товч танилцуулбал,
Боловсрол
· 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
· 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр -Орос, англи хэлтэй
Ажлын туршлага
· 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн -2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
· 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
· 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
· 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
· 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
· 2016-2020, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
· 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
· 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
МАН-ын дотоод хагаралдааны “дундын хүн”
Ах намын хагарал хурцадсан энэ үед Хууль зүйн сайд 30/38-ын аль талаас сонгогдох нь анхаарал татаж байв. Н.Учралын Засгийн газар байгуулагдахад талууд тохиролцож цөөнхийн тал буюу /30-ын буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын тал/ Засагт таван сайдын суудал өгсөн. Тус тавын нэг, хамгийн чухал яам болох Хууль зүйн яамны сайдаар С.Амарсайханыг томилсон билээ. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд бол аль ч тал руу хэт налдаггүй “дундын хүн” гэж яригддаг. Сонирхолтой нь, түүнийг Шадар сайд Н.Номтойбаярын түлхээсээр Хууль зүйн сайдад томилогдож байгаа гэх бор шувуу ч нисэж явна. Г.Тэмүүлэнгийн давуу тал бол төрийн байгууллага, төрийн өмчит компани, парламентын байнгын хороо, намын аппаратын ажиллагааг дотроос нь мэддэгт оршино. Төсвийн байнгын хороог удирдаж байсан туршлага нь яамны санхүү, бодлогын уялдааг ойлгоход тусална.Харин аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог тэргүүлж буй нь дотоодын аюулгүй байдлын асуудлыг өргөн хүрээнд харах боломж өгч болох юм.
“Цэцгийн нас” дууссан уу?
Монголын улс төр “цэцгийн нас”-тай болсон гэх егөөдөл. Албан тушаал солигдох бүрд шинэ хүн гарч ирдэг ч төрийн байгууллагын хэв маяг өөрчлөгддөггүй. Нэр нь солигдоно. Харин томилгооны шалтгаан, дотоод тохироо, хариуцлагагүй өнгөрдөг алдаа хэвээр үлдэнэ. Г.Тэмүүлэн бол энэ тогтолцооны гаднаас орж ирсэн шинэчлэгч биш. Тэр бол тогтолцооны дотор олон жил ажиллаж, түүний боломжийг ашиглаж, дотоод хэлний дүрмийг мэддэг улс төрч. Энэ нь гэвч буруутгах шалтгаан биш харин түүнээс илүү өндөр стандарт шаардах шалтгаан юм. Хэрэв тэр үнэхээр сайд болбол эхний өдрөөсөө гурван зүйлийг харуулах ёстой. Нэгдүгээрт, хууль сахиулах байгууллагын томилгоог намын бүлэглэлээс ангид байлгах. Хоёрдугаарт, өөрийн болон ойрын улс төрийн холбоотой этгээдүүдэд давуу байдал үүсгэхгүй гэдгээ бодитоор нотлох. Гуравдугаарт, хүний эрх, цагдаагийн хариуцлага, хорих байгууллагын ил тод байдлыг уриа биш хэмжигдэхүйц бодлого болгох. Тэгж чадвал Г.Тэмүүлэн “дундын хүн” гэсэн тодорхойлолтоос гарч, хариуцлага үүрсэн сайд болж чадна. Чадахгүй бол түүний томилгоо Монголын улс төрийн хуучин жүжгийн шинэ дүр л болж үлдэх юм. Хямралын дараа албан тушаал солигдоно, харин систем өөрчлөгдөхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.