Я.Содбаатарын мэдрэмжгүй гүрийлт ба “сүрдүүлэлт”
МАН-ын УИХ дахь бүлэг 30 болон 38-ын гэх хоёр фракцид хуваагдаад багагүй хугацаа өнгөрч байна.
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсаны дараа нам доторх хагарал түр намжиж, талууд эв зүйгээ олох шинжтэй байсан ч ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын шидсэн чулуу ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг суудлаас нь буулгаснаар зөрчил дахин хурцдав.
Үүн дээр нэмээд Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг нэр цохон “Түгжилмаа” хэмээн тодорхойлсон нь даарин дээр давс болсон. Гучийн талын гишүүд ч энэ асуудлыг ил тод шүүмжилж эхэлсэн.
Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Манай намд 30/38 гэсэн ямар ч хагарал, бутрал байхгүй” хэмээн зүтгэсээр байна. Үүгээр ч зогсохгүй “Засгийн газрыг огцруулах санал өгсөн тохиолдолд намаас хөөнө” гэх утгатай мэдэгдэл хийсэн нь цаг үеэ олоогүй, харин ч нөхцөл байдлыг улам хурцатгасан үйлдэл болов.
Намын генсек нам доторх бодит уур амьсгалыг мэдрэхгүй байна гэдэг харамсалтай. Хэзээ мөдгүй хаалгаа саван гарч, Н.Номтойбаяртай нэгдэн шинэ хүч бүрдүүлэхэд бэлэн байгаа мэт харагдах, ах нарынхаа өмнө ч нэлээд шазуур зууж буй 1980-аад оныхны улс төрийн түрлэг, буулт хийх бодолгүй байгааг Я.Содбаатар анзаарахгүй байгаа бололтой.
Нөгөө талаар, нэгэн цагт нэрийн асуудлаас болж МАН, МАХН хэмээн хоёр хуваагдсан түүх дахин давтагдах эрсдэл байгаа ч үгүйсгэх аргагүй. Хэрэв талууд асуудлаа цаг алдалгүй ярилцаж, ойлголцолд хүрч чадахгүй бол өнөөгийн хагарал улам гүнзгийрч мэднэ.
Өчигдөр болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдааныг 30-ын талын гишүүд АН-ын завсарлагатай давхцуулан бойкотолсноор хуралдаан ирэх Даваа гараг хүртэл хойшиллоо.
Даваа гариг хүртэл МАН-ын хоёр тал тохиролцоонд хүрч чадах уу? Я.Содбаатар намынхаа “дүү нарыг” эвлэрүүлж, хагаралдааныг намжааж чадах уу? Эсвэл намын дотоод зөрчил илүү том улс төрийн бутралын эхлэл болох уу?
Энэ бол ойрын өдрүүдэд хариу нь тодрох хамгийн анхаарал татсан асуулт болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.