АН П.Батсайханыг 2027 онд сойх уу?

АН П.Батсайханыг 2027 онд сойх уу?

Нэг гэр бүлийн улс төрийн зураг хоёр намын өнгөөр зурж байна

АПУ, “Шунхлай” группийн ТУЗ-ийн дарга П.Батсайханыг АН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонирхож, санал тавьсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхлээд байна. Гэхдээ энэ нь одоогоор намын албан ёсны шийдвэр, эсвэл П.Батсайханы өөрийн мэдэгдлээр баталгаажаагүй мэдээлэл. Эх сурвалжийн мэдээлснээр ноён П.Батсайхан уг саналыг шууд хүлээж аваагүй бөгөөд хариугаа намар өгөхөөр хэлсэн гэх. Өөрөөр хэлбэл, улс төрийн тайзнаа гарах эсэхээ бизнесийн томоохон тоглогч одоогоор шийдээгүй байна.

Хэрэв П.Батсайхан зөвшөөрвөл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэгээр бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг орж ирнэ. Энэ нь зөвхөн нэг хүний сонголт биш. Пүрэвийн Батсайханы гэр бүлийнхэн улс төрийн өөр өөр цаг үед, өөр өөр намын хүрээнд гарч ирсэн түүхтэй.

Түүний төрсөн ах, талийгаач Г.Батхүү АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж, тус намын улс төрийн гол тоглогчдын нэг явсан түүхтэй. Харин дүү П.Батчимэг нь 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшиж, парламентын гишүүн болсон.

Гэр бүлийн дараагийн үе ч улс төрөөс хол үлдсэнгүй. Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг Социал Демократ Монголын залуучуудын холбоо буюу SDY-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй. SDY-ийн албан ёсны танилцуулгад түүнийг Fundea платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал гэж дурдсан байдаг. Энэ нь түүнийг МАН-ын залуучуудын байгууллагын хүрээнд улс төрийн оролцоогоо эхлүүлж буйг харуулна. Харин цаашид сонгуульд нэр дэвших эсэх нь одоогоор тодорхойгүй.

Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөгийн нэр ч улс төртэй өмнө нь холбогдож байв. Цаашилбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Габи буюу Г.Ганбаатар нарыг парламент дахь АПУ-гийн шууд төлөөлөл гэдэг.

Эндээс үзвэл тус групп улс төрд нөлөө бүхий гишүүдийг дэмжихээс гадна нэг гэр бүлийн ахмад үе АН-ын улс төрд байр суурь эзэлж, дунд үе нь парламентад сууж, дараагийн үе нь хоёр өөр намын залуучуудын улс төрийн орон зайд өөр өөрийн замаа нээж байна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

Тэгвэл П.Батсайхан өөрөө аль талд зогсох вэ?

Бизнесийнхээ хүчээр улс төрд нөлөөлөх үү, эсвэл улс төрийн тайзан дээр өөрөө гарч ирэх үү? АН-ын саналд “тийм” гэж хариулах эсэх нь одоогоор тодорхойгүй ч түүний нэр 2027 оны сонгуулийн урьдчилсан ярианы төвд орж ирсэн нь өөрөө анхаарал татах үйл явдал болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.