М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийн мөрийг мөшгөж хянан шалгах түр хороо байгуулна
Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр олгосон 5.9 их наяд төгрөгийн зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг, зарцуулалтыг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан хэдий ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Энэ талаар тус сонсголыг даргалагч М.Мандхай болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.
Тус нээлттэй сонсголоор сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбарт улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар олгогдсон асар их хэмжээний санхүүжилтийн үр дүнг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Нийт 5.9 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын жилийн төсвийн үлэмж хэсэгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүн бөгөөд үүний зарцуулалт, эзэндээ хүрсэн эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн билээ.
Сонсгол хойшилсон шалтгаан ба ирцийн асуудал
Сонсгол даргалагч М.Мандхайн мэдээлснээр, хянан шалгах түр хорооны гишүүд ирцийг бойкотлож байна гэв. Тэрээр хэлэхдээ "Энэхүү сонсгол нь зөвхөн хэн нэгнийг буруутгах бус, татвар төлөгчдийн 5.9 их наяд төгрөг зориулалтын дагуу зарцуулагдсан уу, хөдөө аж ахуйн салбарт бодит дэмжлэг болж чадсан уу гэдгийг тодорхой болгох чухал ач холбогдолтой байсан. Харамсалтай нь, гишүүдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан өнөөдрийн сонсгол хойшилж байна.
Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин”, “Цагаан алт”, “Атар-4” зэрэг хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд нийт 2.6 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байгаа. Үүнтэй зэрэгцэн 2027 оны төсөвт дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд дахин 281 тэрбум төгрөгийн дэмжлэг тусгасан, мөн хүнсний ногоо, улаанбуудай, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгасан талаар шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Мөн “2008 оноос хойш олгосон долоон төрлийн урамшууллаар нийтдээ 900 орчим тэрбум төгрөг иргэд, малчид, тариаланчдад олгосон бөгөөд шинжээчдэд ирүүлсэн материалаар 600 орчим тэрбум төгрөгийн зарцуулалт баталгаажсан, харин үлдсэн 300 орчим тэрбум төгрөгийн хэнд олгосон талаарх материал бүрэн ирээгүй гэх мэдээлэл байна” гэлээ.
5.9 их наядын зээл, дэмжлэгийн бүтэц
Хөдөө аж ахуйн салбарт олгосон зээл, тусламжийн ерөнхий бүтцийг авч үзвэл дараах үндсэн чиглэлүүдэд хуваарилагдаж байжээ. Үүнд:
- · Малчдыг дэмжих хөнгөлөлттэй зээл,
- · "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилт
- · Газар тариалангийн салбарынханд олгосон шатахуун, үр тарианы хөнгөлөлт, урамшуулал
- · Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон хөдөө аж ахуйн чиглэлийн төслүүд
- · Услалтын систем, техникийн шинэчлэлд зориулсан гадаадын хөнгөлөлттэй зээлүүд
Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд олгогдсон зээлүүд нь ихэвчлэн зах зээлийн хүүгээс хамаагүй бага, урт хугацаатай олгогддог тул улс төрчид болон тэдний хамаарал бүхий этгээдүүд давуу эрхээр авсан байж болзошгүй гэх хардлага төрүүлж буй. Тиймээс ч энэхүү нээлттэй сонсголоор зээл авагчдын нэрсийг ил тод болгох хүлээлт өндөр байсан юм.
“Ажлын хэсгийн зүгээс шинжээчдэд шаардлагатай материалын 63 орчим хувь ирээгүй гэж мэдээлсэн бөгөөд энэ нь хяналт шалгалтыг бүрэн хийхэд хүндрэл учруулж байгааг онцолсон байна. Иймээс ирүүлээгүй материалуудыг нэмж гаргуулж, зээлийн олголт, эргэн төлөлт, хүүгийн татаас, үр дүнг цаашид нарийвчлан шалгахаар төлөвлөжээ.
Ийнхүү уг сонсгол тодорхой хугацаагүйгээр хойшилсон тул 4.4 их наяд төгрөгийн зээлийн зарцуулалтыг ил тод болгох үүднээс хянан шалгах түр хороог байгуулахаа УИХ-ын гишүүн М.Мандхай мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.