"Гол дүр” улс төрийн товчлол #7: 4.4 их наяд төгрөгийн зээлийг ямар компани, юунд зарцуулсныг ард түмэн мэдэх эрхтэй!

"Гол дүр” улс төрийн товчлол #7: 4.4 их наяд төгрөгийн зээлийг ямар компани, юунд зарцуулсныг ард түмэн мэдэх эрхтэй!

Төрийн ордонд гишүүд "бойкот" хийж ажил хаялт зарладаг “моод” дэлгэрлээ. Намрын чуулганаар цалин тэтгэвэр нэмэх чухал асуудлууд багтсан төсвийн тодотголыг хэлэлцэх байсан хуралдааныг зарим гишүүд бойкот хийснээр өнөөдрийг хүртэл тухайн асуудал гацаанд байна. Тэгвэл өчигдөр эхэлсэн ХХААХҮ-ийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийн ерөнхий сонсголыг хүртэл гишүүд бойкот хийж дахин гацаалаа.

Өнөөдрийн сонсголоор  “Хүнсний хувьсгал”, “Атар-4”, ноолуур бэлтгэл, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, эрүүл мэндийн 10 их наядын зээл, татаасуудыг хэн хэн, ямар компанид, яаж олгосон, аль нь найдваргүй болсон гэдгийг танилцуулах байсан аж.

Уг сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн М.Мандхай 4.4 их наяд төгрөгийн зээлийн зарцуулалтын мөрийг мөшгөж Хянан шалгах хороо байгуулна гэдгээ мэдэгдээд зогсохгүй хэд хэдэн зөрчлүүдийг дурдлаа.

Ингэхдээ, “4.4 их наяд төгрөгийг зарцуулахад,

-Хоёр өөр эзэмшилтэй нэг компани дундаа нэг таслалтай эсвэл зай аваад зээл авсан,

-Нэг регистэртэй хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан,

-Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй байна” гэв.  

Мөн 120 тэрбум 176 тэрбум төгрөгийн зээлүүд эргэн төлөгдөөгүй байгаа төдийгүй 2008-2011 оны архивын баримтыг жалганд аваачиж шатаасан гэх асуудлыг ажлын хэсгийн гишүүд онцоллоо.

Дээр дурдагдаж байгаа хэдэн арван их наяд төгрөг бол Монголын ард түмний мөнгө. Нэг үгээр татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс ард түмэн энэхүү сонсголоор энэ мөнгийг хэнд олгож, хааш нь зарцуулж хамгийн гол нь ямар дүнд хүрсэн талаар мэдэх боломжтой юм. Гэвч харамсалтай нь зарим гишүүд бойкот хийснээр Ерөнхий хяналтын сонсгол дундаасаа гацсан түүхэн үйл явдал боллоо.

М.Үүрийнтуяа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.