“Херо” Б.Баатар малгайнд бүдэрч баривчлагдах уу

“Херо” Б.Баатар малгайнд бүдэрч баривчлагдах уу

Шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл өчигдөр төв замыг хааж 10 гаруй цаг жагслаа. Уг жагсаалд оролцож буй нэгэн эр “Монгол хаан” жүжгийн малгай өмссөн нь энэхүү жагсаал найруулагч Б.Баатарын захиалгатай гэх хардлага үүсч, цаашлаад хуулийн байгууллагаас түүнийг баривчлах асуудал хүртэл хөндөгджээ.

Үүнд найруулагч  Б.Баатар хариу талбайр хийв. Тэрбээр иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувцас өмсөх эрх чөлөөтэй болохыг дурдаж, залуусын өмссөн малгайгаар далимдуулан өөрийг нь жагсаал цуглаан зохион байгуулсан мэтээр илт гүтгэж, цагдан хорих асуудал ярьж байгааг эсэргүүцлээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаас түүнд холбогдох асуудлуудыг шалгаж байгаа бөгөөд шүүх, мөрдөн байцаах байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад хэвлэл мэдээллээр урьдчилан яллах шинжтэй мэдээллүүд тогтмол цацагдаж ирснийг тэрбээр онцоллоо.

 Мөн улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө завшаагүй, улсын наадам болон бусад төрийн арга хэмжээг төсвийн бус, сайн дурын үндсэн дээр хамтран зохион байгуулж ирсэн гэдгээ мэдэгдсэн юм.

Түүнчлэн бусдын оффисын барилгыг дээрэмдсэн гэх асуудлын тухайд цэвэр бизнесийн зарчмаар хийгдсэн худалдаа байсан гэдгийг тодотгов. Холбогдох компанийн захирал ч өөрөө дээрэмдүүлсэн зүйл байхгүй, хэвийн бизнесийн хэлцэл байсан тухай мэдэгдсэн байтал хөндлөнгийн хүнийг хохирогч мэтээр харагдуулан хэрэг үүсгэж буйг шүүмжиллээ.

Цахим орчинд гарсан богино бичлэгүүд болон жагсаал цуглааныг зохион байгуулж, үндэсний эв нэгдлийг бусниулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа нь зохиомол гүжир гүтгэлэг болохыг дурдаад, хууль хяналтын байгууллагын шалгалтаар эцсийн дүнд үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.