Парламентын ордны сүр, гудамжны жижиг хариуцлага хүртэл Япон орныг бүтээдэг зүйлс

Парламентын ордны сүр, гудамжны жижиг хариуцлага хүртэл Япон орныг бүтээдэг зүйлс

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь айлчлалыг сурвалжилсан тэмдэглэл

97dc60f870cd4f5481522a98c9fd6fec

Есдүгээр сарын Токио биднийг бороотой угтаж, бороотой үдэв. Буудлын цонхоор Японы парламентын ордны орой харагдана. Төрийн ордон, Ерөнхий сайдын өргөө байрлах төвийн энэ хэсэг ер бусын нам гүм. Харин хэдхэн буудлын цаана Шибүяа, Гинза, Харажүкүгийн гэрэл, хүн, хөдөлгөөн огт өөр Токиог харуулна.

Есөн жилийн өмнө найз охидын хамт энэ улсад аялахдаа Токиогийн гудамж, хүмүүсийн хувцаслалт, Харажүкүгийн өөрийнхөөрөө байх эрмэлзлийг жуулчны нүдээр харж, аяллын тэмдэглэл бичиж байжээ. Харин энэ удаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн албан ёсны анхны айлчлалыг сурвалжлах бүрэлдэхүүнд багтаж, Японыг арай өөр нүдээр харах боломж олдсон юм.

98a107657259401f864992a3db9b87fc

Энэ удаагийн Токио надад зөвхөн гэрэлтэй хот, өндөр технологи, цэвэр гудамж биш байлаа. Парламентын ордны нам гүм өрөө, Ерөнхий сайдын ордны өмнөх хүндэт харуул, хоёр улсын удирдагчдын ярьсан нисэх буудал, шатахууны нөөц, худалдаа, нийгмийн хамгааллын асуудал зэрэг нь илүү ажил хэрэгч, сүр хүчит Япон орныг нээн харуулсан юм.

Хоёр танхимын хоёр өөр намба

Япон бол парламентын ардчилалтай, Үндсэн хуульт хаант улс. Эзэн хаан нь төр, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд улс төрийн шийдвэрийг парламент, Засгийн газар гаргана. Үндэсний парламент нь Төлөөлөгчдийн танхим, Зөвлөхүүдийн танхим гэсэн хоёр танхимтай.

Төлөөлөгчдийн танхимын гишүүд дөрвөн жилийн хугацаатай сонгогддог бөгөөд тодорхой нөхцөлд хугацаанаасаа өмнө тарах боломжтой. Зөвлөхүүдийн танхимын гишүүд зургаан жилийн хугацаатай ажиллаж, гурван жил тутам танхимын тал нь шинэчлэгддэг. Ерөнхий сайдыг тодруулах, төсөв болон олон улсын гэрээг зөвшөөрөх зэрэг зарим асуудлаар хоёр танхим санал зөрвөл Төлөөлөгчдийн танхимын шийдвэр давуу үйлчилнэ.

Ерөнхий сайд Н.Учралын парламентын түвшний уулзалт есдүгээр сарын 29-нд Төлөөлөгчдийн танхимын дарга Мори Эйсүкэтэй уулзсанаар эхэлсэн юм.

4ff1144a08e44259ba3c83ede09a1003

78 настай Мори дарга инженер мэргэжилтэй, “Kawasaki Heavy Industries” компанид ажиллаж байсан бөгөөд парламентын гишүүнээр 12 удаа сонгогдож, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайд зэрэг албыг хашиж байсан хашир туршлагатай улстөрч аж.

Уулзалтын өрөө бараан, яриа нь ч намдуу, бараг ялаа нисвэл сонсогдохоор тийм нам гүм орчинд уулзалт эхэлсэн юм.

Хоёр тал 2025 онд Монгол Улсад хийсэн Японы Эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын төрийн айлчлалыг дурсаж, парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов. Монголын экспортыг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг Монголд татах асуудлыг ч хөндсөн юм.

Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Ойг өргөн тэмдэглэх нь мэдээж чухал. Гэхдээ Монголын үйлдвэрлэгч Японы зах зээлд юу, хэр тогтвортой нийлүүлж чадах вэ гэдэг нь ёслолын үгнээс илүү бодит асуулт хэвээр үлдэнэ.

Дараагийн уулзалт Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүтай хийсэн уулзалт байлаа. Сэкигүчи дарга 73 настай, парламентын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон мөн л туршлагатай улстөрч. Тэрээр Ерөнхий сайдыг үүд хавьцаа угтан авсан нь өмнөх уулзалтаас арай өөр, илүү нээлттэй уур амьсгал төрүүлэв.

e5d98c132c3a4e4c99a55300f6cec2f0

Уулзалтын танхим гэрэлтэй, цэлгэр ч гэлээ цэцэг хуартай бүтээлэг, сийлбэртэй бараан модон хана, гантиг задгай зуух, болор гэрэл, алтан жаазтай том зургууд өрөөг бараг хааны ордны хүлээн авалтын танхим шиг харагдуулна.

abe3c501cefc47f6b9c62003a5b936ad

Хананд парламентын ёслол, хуралдаан, төрийн түүхэн үйл явдлыг харуулсан зургууд өлгөөтэй. Хүмүүс нь солигддог ч байшин өөрийнхөө түүхийг хадгалж үлддэг ажээ. Тэнд хүлээж зогсохдоо өнөөдрийн уулзалтад бус олон арван жилийн төрийн уламжлалын дунд орчихсон мэт мэдрэмж төрсөн.

Японы парламентын ордон 1920 онд барилгын ажил нь эхэлж 1936 онд ашиглалтад орж байжээ. Дайны он жилүүдэд ч хуучны эл байшинд Их Наран улсын төрийн эрх баригчид сууж, эзэнт гүрэн байгуулахаар амбицалж суусан гэсэн үг. Барилгын гол онцлог нь тэгш хэмтэй барилгын дунд хэсэгт орших пирамид хэлбэрийн цамхаг. Барилга баригдах явц болон ашиглалтад орсон түүхэн хугацаанд эмэгтэйчүүдийн улс төрийн эрх (сонгох, сонгогдох эрх 1945 онд баталгаажсан) бүрэн олгогдохоос өмнө төлөвлөгдөж баригдсан учраас эмэгтэй ариун цэврийн өрөөний хүрэлцээ муу, хожим бага сага өөрчлөлт хийснээс өөрөөр үндсэн архитектураа эвдээгүй гэнэ.

153e80bb661a486eb2f33b7de085a48c

Гэхдээ түүхийг гоёмсог хана, гантиг зуухаар хязгаарлах аргагүй. Монгол, Зөвлөлтийн цэрэг Япон, Манж-го улсын цэрэгтэй Халхын голд байлдаж байсан түүхийн дараа өнөөдөр хоёр улсын төлөөлөгчид нэг танхимд хамтын ажиллагааны ирээдүйн талаар ярьж сууна. Нэгэн цагт дайтаж явсан хоёр улсын өнөөдрийн уулзалт нь өрөөний чимэглэлээс ч илүү ихийг өгүүлж байлаа.

Сэкигүчи дарга “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг хоёр орны найрамдлын шинэ бэлгэ тэмдэг хэмээн тодотгосон юм. Энэ үг уулзалтын танхимд үлдсэнгүй. Тэр өдөр Монголын тал нисэх буудлын өргөтгөлийн хөгжлийн санхүүжилтийн асуудлыг бодит шийдвэр болгон авчирсан байв.

Нам гүмээс хүндэт харуулын сүр хүч

Парламентын ордны зэргэлдээ Японы Ерөнхий сайдын албан ёсны ордон Кантэй байрлана. Шинэ Кантэй ордон 2002 онд ашиглалтад орсон орчин үеийн барилга. Харин хуучин Кантэй нь 1929 онд баригдсан Art Deco загварын түүхэн барилга бөгөөд Ерөнхий сайдын албан ёсны өргөө болгон ашиглагддаг аж.

6b799a2d15b740fa8b348d83ad0231be

Парламентын хоёр танхимын даргатай хийсэн уулзалтын дараа Ерөнхий сайд Н.Учралыг Японы Ерөнхий сайд С.Такаичи Санаэ албан ёсны өргөөндөө хүлээн авлаа. Цагаан дуулга, цав цагаан дүрэмт хувцастай хүндэт харуул хоёр эгнээгээр жагсаж, дуут тушаалын дагуу нэгэн зэрэг ёслоно. Өдөр Мори даргын өрөөнд нам гүм байсан төрийн дэг орой нь хөг эгшиг, жагсаал парадаар солигдох нь нэгэн цагт эзэнт гүрний бодлого хэрэгжүүлж явсан Японы төрийн ёслолын сүр хүчийг сануулах мэт.

ff81f31b9c7942ff9354462f241b2c11

Гэхдээ энэ бол Такаичи Санаэгийн хувийн тайз, хувийн үзүүлбэр биш. Японы төрт ёсны угтах дэг. Харин ёслолын угталт дууссаны дараа хэлэлцээний ширээн дээр хөрөнгө оруулалт, эрчим хүч, нисэх буудал, татвар, нийгмийн хамгааллын асуудал тавигдсан нь айлчлалын бодит агуулгыг тодорхойлно.

Японы тал Монгол Улсыг чухал “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, Монголын өөрийн шийдвэр гаргах эрх чөлөө, сөрөн тэсвэрлэх чадварыг дэмжих байр сууриа илэрхийлсэн байна. Хоёр тал “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ээ гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч, газрын тосны нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцжээ.

Гарын үсгээс эхлэх бодит ажил

Айлчлалын хамгийн тодорхой үр дүн нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилт байв. Сангийн сайд З.Мэндсайхан, JICA-ийн Ерөнхийлөгч Танака Акихико нар хөгжлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар энэ ажил эхлэлээ тавьж буй.

c483e104e4344e91816b3ce5d9c15727

fe986d222f7a4192922925a6b84b191e

 

Төслийг 158.3 тэрбум иенийн JICA-ийн STEP санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Зээл 40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй. Хөнгөлөлттэй нөхцөлтэй ч эргүүлж төлөх зээл болохоос бэлэг биш.

2021 онд ашиглалтад орсон нисэх буудлын анхны хүчин чадал 1.6 сая зорчигч байв. Гэвч зорчигчийн урсгал тооцоолсноос давж өнөөдөр хоёр сая гаруй зорчигч хүлээн авч байна. Өргөтгөлийн дараа нэг жилд хүлээн авах хүчин чадал 5.2 саяд хүрэх боломжтой. Зорчигч, ачаа тээврийн терминал, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжуудыг өргөтгөн шинэчилнэ.

Энэ нь өнөөдөр нисэх буудал 5.2 сая зорчигч хүлээн авч эхэллээ гэсэн үг биш. Харин Монголын гадаад гарц тэлэх томоохон дэд бүтцийн ажил эхлэхээр боллоо гэсэн үг. Нислэг, аялал жуулчлал, тээвэр, худалдаанд ямар боломж гарахыг төслийн хэрэгжилт болон дараагийн жилүүд харуулна.

da0ab9b05321499e8301c2918cec9d47

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөтгөлийг 2031 онд дуусгахаар концесс эзэмшигч “Мицүбиши” компанитай тохирсон гэж мэдээлсэн. Мөн “Буянт-Ухаа”-г орон нутгийн нислэгт ашиглах, нисэх буудлуудын менежмент, холбогдох дэд бүтцийн асуудлыг Японы талтай хамтран судлахаар ярилцсан юм. Чингис хаан–Буянт-Ухаа–хотын төвийг холбох LRT буюу хурдан галт тэрэгний төслийн санхүүжилтийн боломжийг ч цаашид хэлэлцэхээр болсон байна.

Энд нэг ялгааг тодруулах хэрэгтэй. Нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтэд гарын үсэг зурсан. Харин “Буянт-Ухаа”, LRT болон холбогдох менежментийн асуудлууд одоогоор санал солилцоо, техникийн судалгааны шатандаа явж байгаа.

Шатахууны нөөцийн асуудал ч мөн адил Монголын өдөр тутмын амьдралтай шууд холбогдоно. Монголын тал улсын нөөцөд зориулсан 100 мянган тонн, ОБЕГ-ын хэрэгцээнд 60 мянган тонн буюу нийт 160 мянган тонн багтаамжтай сав байгуулах санал тавьжээ. Энэ нь ойролцоогоор нэг сарын хэрэглээг нөөцлөх боломжтой хэмжээ. Мөн өмнөд хил дэх дамжуулан ачих хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.

Гэхдээ агуулах одоо баригдаж, ашиглалтад орсон биш. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, техникийн уулзалтуудыг үргэлжлүүлэх шатандаа явж байна. Японы тал POWERR Asia санаачилгын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Зээлээс худалдаа, технологи руу

Шадар сайд Т.Доржхандын хэлснээр, энэ удаагийн нисэх буудлын төсөл нь Японоос Монголд олгох нэн хөнгөлөлттэй зээлийн сүүлчийн гэрээ болж байна. Өөрөөр хэлбэл Монгол, Японы хамтын ажиллагаа хөгжлийн хөнгөлөлттэй санхүүжилтээс худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа руу шилжих шинэ үеийн босгон дээр иржээ.

Айлчлалын үеэр Японы бизнес эрхлэгчид Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулсан. Aeronext компани 2023 оноос JICA-ийн санхүүжилтээр Монголын 23 байршилд дроноор цус хүргэж байгаа бөгөөд цаашид Монгол инженерүүдтэй хамтран дрон үйлдвэрлэх, засварлах тогтолцоо бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ce913605fbd34482bb9084051d4ed1dc

Харин JETRO-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулах санал дэмжигдсэн байна. Энэ байгууллага Японы зах зээлд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнийг судлах, үйлдвэрлэл, борлуулалтын ноу-хау, инновац, маркетингийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Төлөөлөгчийн газар хараахан нээгдээгүй ч Монголын барааг Японы зах зээлд хүргэх бизнесийн суваг бий болох эхлэл тавигдсан гэсэн үг.

Мөн “1000 инженер” буюу MJEED төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр болсон. Давхар татвар болон нийгмийн хамгааллын хэлэлцээрийн яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон. Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2027 онд эцэслэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрэгжиж эхэлбэл Японд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлсөн шимтгэл, ажилласан хугацааг Монголд тооцох боломж бүрдэх юм.

Японд 21 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч, сурч байна. Тиймээс айлчлалын үр дүнг зөвхөн тэрбум иен, сая зорчигчоор хэмжих боломжгүй. Японд ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгмийн хамгаалал, суралцах боломж, зорчих нөхцөл, бизнес эрхлэх орчинд ямар өөрчлөлт авчрах вэ гэдэг нь айлчлалын бас нэг хэмжүүр юм.

c27d456427f748f3a701c1f8e3ba592b

Хотын гэрэл ба хүний жижиг хариуцлага

 Айлчлалын завсраар Асакусагийн Сэнсожи сүмээр орж, охиндоо шүхэр, үсний хавчаар авч амжлаа. Хачикогийн дэргэд дахин зогсоход есөн жилийн өмнөх аялал санаанд орсон юм. Тэр үед би Харажүкүгийн залуусыг хараад хүний өөрийнхөөрөө байх хүслийн тухай бичиж байсан бол энэ удаагийн Токио надад өөр өнгөөр мэдрэгдэв. Хотуудын гэрэл, хуучин сүмийн худалдааны гудамж, парламентын ордны нам гүм, Ерөнхий сайдын өргөөний хүндэт харуул гэх мэт нэг хотод олон өөр хэмнэл зэрэгцэн орших нь ер бусын Япон орны вайб ажээ. Харажүкүгийн түм түжигнэж, бум бужигнасан олны урсгал дунд зам заасан япон эмэгтэй энэ улсын үндсэн характер гэлтэй. Тэрээр буруу зам зааснаа мэдэж хоёр уулзварын дараа араас ирж “Сая би танд буруу зам заачихжээ. Ингэж явна” хэмээн уучлал гуйсан нь жижиг сажиг гэнэтийн алдааг нэг их тоодоггүй бидний хувьд гайхмаар ч юм шиг. Зам заах мэт жижиг зүйлд хүртэл хариуцлага хүлээж, хэлсэн үгээ засахаар араас ирсэн тэр эмэгтэй энэ улсын хөгжлийн цаана орших жинхэнэ эд эс, мөн чанар аж.

 Улс орныг зөвхөн өндөр барилга, технологи, төрийн том шийдвэрүүд бүтээдэггүй. Өдөр бүр давтагддаг жижиг хариуцлагууд ч улс орныг бүтээдэг байх нь. Япон хүний тогтсон дэг журам, нийтийн орон зайд хандах хандлага, нэг ажил, нэг байгууллагадаа олон жил үнэнч ажиллах соёл нь суурин иргэншлийн нэг төрх байж болох. Гэтэл Монголчуудын алив нөхцөл байдалд хурдан дасан зохицож, амьдрах чадвар нь нүүдлийн амьдралаас өвлөсөн өөр төрлийн давуу тал байх жишээний. Энэ хоёрыг нэгийг нь зөв, нөгөөг нь буруу гэж харьцуулах боломжгүй. Шаардлага ч байхгүй. Гэхдээ иргэншин хотжиж буй бидэнд амьдрах, амьд үлдэх чадвараа гээлгүйгээр нийтийн хариуцлага, дэг журам, ажлын сахилга батыг өөртөө суулгах нь цаг хугацааны хэрэгцээ юм биш үү. Учир нь бид хотжиж буй мөн эрчимтэй хөгжиж буй, хөгжихөөр тэмүүлж буй “залуу” улс шүү дээ. …Токиогоос буцахад айлчлалын албан ёсны үр дүн тодорхой болсон байлаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилт шийдэгдэж, шатахууны нөөц, экспорт, хөрөнгө оруулалт, технологи, инженерийн боловсрол, нийгмийн хамгааллын талаар дараагийн алхмууд яригдсан. Гэхдээ энэ улсаас надтай хамт ирсэн хамгийн тод дүр нь парламентын сүртэй танхим ч биш, цагаан хүндэт харуулын ёслол ч биш байв. Зам буруу зааснаа мэдээд, хоёр уулзварын цаанаас бидний араас ирж, зөв замыг дахин заасан дээрх эмэгтэйн хариуцлага байлаа. Магадгүй улс орны хөгжил гэдэг том гэрээ, өндөр барилга, сүртэй ёслолоос гадна ийм жижиг үйлдлүүдийн нийлбэр байх. Хэлсэн үгэндээ хүрэх, алдсанаа засах, бусдад төвөг учруулснаа анзаарах, өөрийн хийх ёстойг хэн нэгэн сануулахыг хүлээлгүй хийх. Энэ бүхэн гудамжнаас эхэлдэг төр, улсын соёл юм. Японы парламентын ордонд хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярьсан. Харин Токиогийн гудамж надад тэр ирээдүйг өдөр тутамд хэн, хэрхэн бүтээдэг тухай бодогдуулна.

Айлчлалын үеэр хэлэлцсэн нисэх буудал, нийгмийн хамгаалал, худалдаа, технологийн тухай үгс ажил хэрэг болох эсэхийг цаг хугацаа харуулна. Харин тэр үгсийг ажил хэрэг болгох жижиг хариуцлага бидний гарт үлдэнэ. Токиогийн гудамжнаас авч буцсан асуулт нь эцэстээ, бид улс орноо өөрчлөхийг төрөөс шаардахын зэрэгцээ, өөрсдийн өдөр тутмын жижиг хариуцлагыг үүрч чадаж байна уу? М.Уранчимэг. Япон улс, Токио хот. 2026.09.27-30

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.