Б.Түвшин ялбал Засгийн газартай  хамтарна, Х.Тэмүүжин ялбал Засгийн газрыг “бойкот”-лоно

Б.Түвшин ялбал Засгийн газартай  хамтарна, Х.Тэмүүжин ялбал Засгийн газрыг “бойкот”-лоно

Ардчилсан намын хагарал өчигдрөөс жинхэнэ эхэллээ. Бүлгийн даргын суудал эл намыг ардчилалтайгаа үлдэх үү, үгүй юу гэдэг хувь заяаны шоглоом руу шахаж эхэлсэн нь хоржоонтой. Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын өрсөлдөөний ард чухам ямар зангилаа үүсчхээд байгаа вэ гэдэг сонин болчхоод байна. Тэгэхээр энэхүү оньсогын хариуг таах гээд үзье. 

Б.Түвшин ялбал Засгийн газартай  хамтарна, Х.Тэмүүжин ялбал Засгийн газрыг “бойкот”-лоно. Яагаад гэвэл Х.Тэмүүжинг Х.Баттулга нар, Б.Түвшинг Ерөнхийлөгчийн жигүүр дор орсон АН-ынхан дэмжиж байгаа учраас. Өөрөөр хэлбэл, тамга хэний гарт очихоос Н.Учралын Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг болчхоод байна.  

Анзаарсан бол өнгөрсөн Даваа гарагт Засгийн газар ээлжит бус хурал зарлачхаад хойшлуулсан, АН-ынхан бүлгийн даргаа сонгох гэж чадалгүй тарцгаасан. Угтаа АН-ын Бүлгийн дарга хэн болохоос хамаарч Н.Учрал Засгийн газартаа халаа сэлгээ хийх асуудлаа ярих байсан гэгдэж байна. Ц.Идэрбат, Б.Батлут, Л.Энх-Амгалан, Т.Аубакир гэсэн сайд нарын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжгэнэх болсон.  

Ямартай ч Ардчилсан намынхан хэрхэн фракцлачхаад байгааг нэн түрүүнд задалж харах нь зүй.

 Х.Тэмүүжинг дэмжигчид жин дарж байна 

Х.Тэмүүжинг дэмжигчид: Ц.Тувааны санаачилгаар байгуулагдаж, Н.Ганибалын удирдаж буй “Нэг монгол хөдөлгөөн”, Х.Баттулгын “Хөх туг”, Увсынхны “Анчин”, “Од”, “Морьтон” фракцын залуучууд, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарын “Соёмбо” фракц, З.Энхболдын хүмүүсийн “Хангарди” фракц дэмжиж байна. Засгийн газартай хамтрах биш огцруулах шахалт үзүүлэх байр сууринаас хандаж байгаа УИХ-ын гишүүд энд жин дарна. Дээр нь намын дарга О.Цогтгэрэл нь Х.Тэмүүжинд Бүлгийн даргын тамгаа атгуулах хүсэлтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөөгөөр О.Цогтгэрэл намын даргаар 14 хоногийн дотор зовлонгүй бүртгүүлсэн төлөөсөндөө генсекийн суудлаа С.Баярцогтод өгсөн. Иймд, Бүлгийн даргын суудлаа дахин ерөнхийлөгчид алдах хүсэлгүй биз.

  Б.Түвшинг “ял наймаалцагсад” буюу АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн дэмжиж байна

Б.Түвшинг дэмжигчид: АПУ угшилтай Б.Түвшинг С.Баярцогтын “Монде” нэгдэл болон “Ардчилсан сэргэлт холбоо”-ныхон дэмжиж байгаа. Эл холбоонд АПУ-гийн П.Батчимэг, “Бидон” Д.Ганбат, Дав.Цогтбаатар, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан, Ц.Жаргалсайхан, Д.Энхтуяа, Ц.Баатархүү, А.Ганбаатар, Х.Болормаа тэргүүтэй гишүүд байгаа юм. Товчхондоо, “АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн”, “Элсний 13” гэхчлэн нэршил ч үүсчхээд байна. Гэхдээ хэргээ наймаалцахаар Ерөнхийлөгчийн сүүдэр дор нуугдагсад гээд хэлчихвэл илүү оновчтой ч юм шиг.  Тэд бас болоогүй холбооноосоо 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын дотоод сунгаанд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлчхээд байгаа билээ.  

Дүгнэвэл, намынхаа ардчиллыг авч үлдэх гэсэн хэсэг нь Х.Тэмүүжинг, Ерөнхийлөгчид үйлчилгээ үзүүлэгсэд нь Б.Түвшинг дэмжээд байгаа гэж харагдана.

Намын эв нэгдэлд гадны нөлөө орсон учраас өнгөрөгч тавдугаар сараас эхэлсэн эл сунгаагаа дуусгаж чадалгүй “жонхуурсаар” өдий хүрсэн нь тодорхой болов. Засгийн газрыг унагах тактик нь явцгүй, эрх баригч МАН-ын дотоод талцалд хутгалдсан, Бүлгийн даргаа сонгох чадамжгүй гэхчлэн нийлүүлбэл сул дорой болж хувирчхаад байна. Цаашлаад эрх баригч МАН, тэр тусмаа төрийн тэргүүн сөрөг хүчний бүлгийг базчихвал ямар үр дагавар гарах нь асар ойлгомжтой зүйл. Өөрсдийнхөө хуваагдалд тэдний кнопыг ашиглаад эхэлбэл хэцүү еэ.

Ардчилсан намын бүлгийг хэн удирдахаас улс төрийн бүлэглэлүүдийн хувь заяа хамаарах нөхцөл байдал үүсчихжээ.

П.Баатар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.