Ц.Элбэгдорж нарын улс төрчид нэр холбогдсон Ж.Эпштейнтэй холбоотой сонсгол өнөөдөр болно

Ц.Элбэгдорж нарын улс төрчид нэр холбогдсон  Ж.Эпштейнтэй холбоотой сонсгол өнөөдөр болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, АНУ-ын бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдож байсан Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын нэр дурдагдсан баримтуудыг сонсголоор хэлэлцэх юм. Сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахална.

Жеффри Эпштейн нь насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэгт холбогдож, 2019 онд Нью-Йоркийн шоронд шүүх хурлаа хүлээж байхдаа нас барсан. Түүнийг нас барахаас өмнө АНУ-ын эрх баригчид хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэргээр яллагдагчаар татсан байсан юм. Эпштейний хэрэгтэй холбоотой олон сая хуудас баримт, цахим шуудан, харилцааны мэдээлэл олон нийтэд ил болсноор түүний дэлхийн улс төр, бизнес, санхүүгийн хүрээний нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон харилцаа дахин анхаарлын төвд орсон.

Эдгээр материалд Монгол Улсын улс төр, эдийн засагтай холбоотой мэдээлэл ч багтжээ.

Financial Review-ийн нийтэлсэн баримтууд

Financial Review-ийн нийтэлсэн баримтуудад дурдсанаар Жеффри Эпштейн Монголын эдийн засгийг сэргээх, Оюу толгойн төслийг тойрсон Монгол Улс болон “Рио Тинто” компанийн маргааныг шийдвэрлэхэд зөвлөх үүрэгтэй байсан зургаан хүний нэг байжээ.

Тухайн үед Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт чухал байр суурь эзэлж байсан бөгөөд Оюу толгойн өргөтгөлийн асуудлаарх маргаан нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж байв. 2013 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, “Рио Тинто”-той байгуулсан гэрээ болон Оюу толгойн төслийн өргөтгөлийн асуудал олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан аж.

2014 оны нэгдүгээр сард Ц.Элбэгдоржийн оролцсон уулзалтад Эпштейн Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд, Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак, Норвегийн Ерөнхий сайд асан Кьелл Магне Бондевик, АНУ-ын Сангийн сайд асан, Харвардын их сургуулийн ерөнхийлөгч асан Лоуренс Саммерс зэрэг хүмүүстэй хамт оролцсон байна.

 Тухайн уулзалтаар Монголын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Оюу толгойн өргөтгөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Лоуренс Саммерс гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг өндөр эрсдэлтэй зах зээл гэж харж байгааг онцлоод “Рио Тинто”-той үүссэн асуудлыг шийдвэрлэснээр Монголын зээлжих чадвар дээшилж, зээлийн өртөг буурах боломжтой гэж үзсэн байна.

Ж.Эпштейний Монгол дахь нөлөө

Эпштейний баримтууд зөвхөн Оюу толгойн асуудлаар хязгаарлагдахгүй. Тухайн материалуудын хүрээнд Монголын эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн Монголын эдийн засгийн төлөвийн талаарх дүгнэлт, Монгол Улсын Засгийн газар 2015 онд Япон Улстай байгуулсан түншлэлийн гэрээ, Ухаа худаг–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл зэрэг мэдээлэл багтсан байна. Эдгээр нь Эпштейн Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулж, сонирхож байсныг харуулах баримт хэмээн үзэж болохоор байна.

Мөн тухайн баримтуудад Эпштейн Монгол Улсад хөрөнгө оруулагчийн байр сууринаас оролцох сонирхолтой байсан байж болохыг харуулах мэдээллүүд бий. Тухайлбал, Монголын эдийн засгийн нөхцөл, томоохон дэд бүтцийн төсөл, уул уурхайн салбарын асуудлаарх мэдээлэл түүний цахим шуудангийн харилцаанд орж байжээ.

Эпштейн болон Лоуренс Саммерс нар Монголын асуудлаар харилцан мэдээлэл солилцдог байсан талаар мөн баримтуудад дурдсан байна. Дэлхийн банкнаас Монгол Улсад очиж, эдийн засгийн асуудлаар илтгэл тавих урилга Саммерст ирэхэд тэр уг цахим шууданг Эпштейн рүү дамжуулж, өөрөө энэ ажилд оролцох эсэх талаар түүнээс санал асуусан тухай мэдээлэл бий.

Ц.Элбэгдоржийн хүрээлэлтэй холбоотой цахим харилцаа

Эпштейний Монголтой холбоотой баримтуудад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхүүдийн нэг Л.Пүрэвсүрэнгийн нэр мөн гардаг.

Баримтаас үзэхэд Л.Пүрэвсүрэн Эпштейнтэй нэг бус удаа цахим шуудангаар харилцаж байсан бөгөөд Ц.Элбэгдорж Эпштейнтэй 2013 оны есдүгээр сард Нью-Йорк хотод уулзсан, мөн Эпштейнийг Монголд урьсан тухай мэдээлэл цахим захидлуудад дурдагджээ. Түүнчлэн Монголд ирэх боломжтой хугацааг Эпштейнээс хэд хэдэн удаа лавлаж, тухайн үеийн Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын хуваарийг түүнд хүргүүлж байсан байна.

 

Үүний зэрэгцээ Эпштейн Монгол руу зорчих боломж, АНУ-ын иргэн Монгол Улсад визтэй зорчих шаардлагатай эсэх зэрэг асуудлыг судалж байсан талаарх мэдээлэл мөн цахим харилцаанд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.