Төрийн өмчит болон өмчийн оролцоотой ААН-үүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, өмчийн харилцааны байгууллагуудын төлөөлөлтэй уулзав.
Тэрбээр, төрийн өмч ард түмэндээ өгөөжөө өгдөг, баялгийн үр шим иргэн бүрд хүртээмжтэй байх нь төрийн өмчийн удирдлагын үндсэн зарчим гэдгийг тодотгож, үүний төлөө мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж буй ажилтан, албан хаагч нартай уулзаж байгаадаа баяртай буйгаа хэлэв.
Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, бүртгэл, тооллого хийх, түүний үр ашгийг дээшлүүлэх чиг үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаад нь талархал илэрхийллээ. Төрийн өмчийг үр ашигтай удирдах, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг хангах, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх, хөрөнгө оруулалт бүрээс бодит үр өгөөж бий болгох нь хүн бүрийн амьдралд шууд хамаатайг тэмдэглэв.
Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа. Тэрбээр, XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч онцлов. Энэ хүрээнд “Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод” гэсэн суурь шинэчлэл үргэлжилж байгааг хэллээ.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэв. Мөн төрийн албаны бүх шатанд Үндсэн хууль, бусад хуулийг чанд баримтлан, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, ард түмэндээ ил тод, түргэн шуурхай үйлчилж байх ёстойг онцлов. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 0,5 хувийг эзэлдэг. 2025 онд 1,7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Үндэсний баялгийн санд 378 тэрбум, мөн 6,5 тэрбум төгрөгийн татвар хураамж, ногдол ашиг төвлөрүүлжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлагыг цахимжуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.