Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ажлаа хүлээлгэж өгч нэр төрөө сэргээлгэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдэл хийж, сүүлийн үед өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргаснаа зарлалаа.
Тэрбээр Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд төрийн тэргүүний нэр хүнд болон Ерөнхийлөгчийн институц рүү чиглэсэн гүтгэлэг, дайралт удаа дараа гарч байгаа нь улс орны гадаад нэр хүнд, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс төрийн тэргүүнийг үүрэгт ажлаа өгч, хуулийн хүрээнд үнэн мөнийг тогтоолгох шаардлага гаргасныг тэрбээр хүлээн авч буйгаа мэдэгдсэн юм.
Төрийн тэргүүн хуулийн засаглал, шударга ёсыг дээдлэх үүднээс албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагад хандахаа онцлов. Түүнчлэн Монгол Улсад хүн биш хууль засаглах учиртай бөгөөд хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд улс орны гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түвшинд Монгол Улсын байр суурийг бататгахад бодлогын алдаа гаргалгүй ажилласан хэмээн дурдлаа.
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Багануур, Бор-Өндөр зэрэг томоохон үйлдвэрүүд болон Салхит, Гутайн даваа, Тост, Тосон бумба, Хармагтай, Ноён уул зэрэг стратегийн орд газруудыг төрийн мэдэлд эргүүлэн авчирч, Үндэсний баялгийн сангийн суурийг тавьсан нь ард түмний эрх ашигт нийцсэн алхам болсон гэдгийг тодотгов.
Төрийн тэргүүн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэний хувиар хуулийн байгууллагаар шалгуулахын зэрэгцээ цаашид хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй уулзаж, шаардлагатай асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэдгээ мэдэгдлийн төгсгөлд тэмдэглэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.