АН маргааш Онц их хурлаараа С.Баярцогтыг огцруулах эсэхийг эцэслэнэ
Маргааш буюу энэ бямба гарагт АН-ын онц их хурал зарлагдлаа. Тус намын хүчинтэй, хүчингүй гэсэн олон мэдэгдлүүд дунд намын гишүүдээс нь эхлээд олон нийт хүртэл төөрч, төөрөгдөж гүйцэв.
Учир нь АН-ын Хяналтын ерөнхий хороо Баасан гарагт /2026.11.06/ хуралдаж ЕНБДарга С.Баярцогтыг огцруулсан. Үүний дараа АН-ын онц их хурал зарлагдсан байдаг.
Харин Даваа гарагт /2026.11.09/ АН-аас албан ёсны мэдэгдэл хийхдээ, “С.Баярцогтыг огцруулсан шийдвэр хүчингүй, хууль бус онц их хурал зарлагдаагүй” гэсэн юм.
Гэтэл өчигдөр Хяналтын Ерөнхий хорооноос С.Баярцогтыг огцруулсан албан ёсны тогтоолыг намын дарга О.Цогтгэрэлд гардуулж өглөө. Ингээд АН-ын онц их хурал ч Бямба гарагт товлогдов.
Одоо АН-ын Хяналтын Ерөнхий хорооны шийдвэр хүчинтэй, хүчингүй эсэх нь анхаарал татаж байна.
Энэ талаар О.Цогтгэрэл хэвлэлд мэдээлэл өгөхдөө, “Хяналтын ерөнхий хороо намын Ерөний нарийн бичгийн даргыг чөлөөлөх эрхтэй эсэх, уг шийдвэр нь намын дүрэм журамтай нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэв шаардлагатай бол Үндэсний бодлогын хороо хуралдуулж, асуудлыг холбогдох төлөөллийн байгууллагуудаар шийдвэрлүүлэх боломжтой” хэмээв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хяналтын Ерөнхий хорооны шийдвэр бол нэг ёсондоо Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гэсэн үг. Тиймээс С.Баярцогтыг огцруулсан шийдвэр бол хүчинтэй. Хууль зөрчөөгүй” гэв.
Улс төрийн тухай намуудын хуулиар бүх намууд дүрмээ шинэчилсэн бөгөөд АН-ын дүрмийг 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр УДШ бүртгэж авснаа мэдэгдсэн. Энэхүү дүрэмд Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрхийг ҮБХ-нд олгосон байдаг. Өмнөх 2022 оны дүрмээр ч мөн адил тийм аж. Тиймээс хяналт тавих эрхтэйгээс огцруулах эрхгүй Хяналтын Ерөнхий хорооны генсекээ огцруулсан шийдвэр маргаан дагуулаад байгаа юм.
Энэ асуудлын эхлэлийг хөвөрдөж үзвэл, АН-ын энэ бужигнаан нэг талаараа Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож байгаа бол нөгөө талаараа дотоод сонгуультай холбоотой байж болно. АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, ХЭГ-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад чиглэл өгөөд байхад биелүүлэхгүй олон сар болсон тул ийм шийдвэр гаргалаа гэж Хяналтын ерөнхий хорооны гишүүд мэдэгдсэн.
Үнэхээр АН дотоод сонгууль будлиантай, мөнгөний сонгууль болсон уу гэвэл тийм. Үүнийг намын гишүүд нь ч ил хэлдэг. Ингээд намынхан нь гонсгор үлдаж, завхралаа шийдээгүй учраас ийм арга хэмжээнд хүрсэн байж болох юм.
Ямартай ч маргааш болох онц их хурлаар АН-ын генсек С.Баярцогтын асуудлыг авч хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.