Х.Нямбаатарын тэсэлсэн 110 сая ам.долларын схем: А.Амундра хамгаалагдаж, Ерөнхийлөгч няцаалт хийх үү
Канадад суугаа Хотын дарга асан Х.Нямбаатар өмнөх лайваар Ерөнхийлөгч өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлавал “Буцаж ирнэ” гэсэн байр суурь илэрхийлж байсан. Тэгвэл хамгийн сүүлд буюу 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шууд дамжуулалтаараа Тавантолгой–Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой санхүүгийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Бараг л “бөмбөг” тэсэлчихэв.
“Бодь Интернэшнл”-ийн Гүйцэтгэх захирал асан, гэрч А.Амундра 110 сая доллар буюу 2019 оны ханшаар 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний авлигын мөнгийг хэнд, хэрхэн, ямар хэлбэрээр тараан өгсөн талаарх мэдээллийг ярьсан юм.
Түүний өгүүлсэн мэдээллийг товчлон сийрүүлбэл,
"Бодь Интернэшнл" групп 2019.09.09-нд Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 203 км төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг нийлүүлэх ажлыг анхны ТЭЗҮ-ийн дагуу 1 тэрбум 68 сая ам.долларын өртгөөр шууд гэрээ байгуулан гүйцэтгэхээр болсон. ҮАБЗ-ийн 2019 оны 05/05 тоот зөвлөмжийн дагуу үндэсний хэмжээний томоохон дэд бүтцийн төслүүдийг төрийн нууцад хамааруулах чиглэл гарч, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг төслийг төрийн нууцад авах Засгийн газрын тогтоолыг баталсан. ЗГ-ын тогтоолоор төмөр замын суурь бүтцийн хөрөнгийн эх үүсвэрийг нүүрс урьдчилан борлуулах замаар шийдвэрлэхийг салбарын сайд нар болох Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Ариунболд болон ЭТТ-н ТУЗ-д даалгажээ. 2019.09.09-нд ТЕГ-аас зөвхөн "Бодь Интернэшнл" ХХК-д "Аюулгүй байдлын гэрчилгээ" гэгчийг тусгайлан олгосноор тендер шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулах боломжийг бүрдүүлсэн. ТЕГ-ын даргаар Гэрэл ажиллаж байж. Яг энэ өдөр "Бодь Интернэшнл" компани уг төмөр замыг барьж байгуулах тухай сонирхлоо илэрхийлсэн албан бичгээ ирүүлжээ. Үүнээс 8 сарын өмнө буюу 2019.01.11-нд "Бодь Интернэшнл" ХХК-д Монголбанкнаас хүргүүлсэн албан бичигт: "Голомт банк"-наас авсан өрийн бичгийн өрөө төлөөгүй, төлбөрийн чадваргүйд тооцогдож гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцлага тооцох тухай дурджээ. Өөрөөр хэлбэл санхүүгийн хүндрэлд орсон компанийг төрийн нууцын халхавчаар сонгон шалгаруулсан байна. "Бодь Интернэшнл" компани 60 сарын хугацаанд 400 гаруй сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээс гаргах үүрэг хүлээсэн боловч төрөөс урьдчилгаа болгон 110 сая ам.доллартай тэнцэх 286 тэрбум төгрөгийг ЭТТ-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2019 оны есдүгээр сард багтаан тус компанийн дансанд хоёр хуваан шилжүүлсэн. Энэхүү мөнгө Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй "Голомт Инвестмент Лимитед" (гүйцэтгэх захирал Ганжолоо) оффшор компаниар дамжин эргээд "Голомт Файнаншил Групп" ХХК-ийн дансанд орсон схем илэрсэн байна. Дараа нь Монголбанкны шаардлагын дагуух 110 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Цэцэнс Майнинг"-ийн 168 тэрбум төгрөг, "Голомт банк"-ны 198 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр төлбөрүүд төлөгджээ. Энд дурдагдсан ноцтой асуудал нь, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 25 сая ам.доллар, Я.Содбаатараар дамжуулан сонгууль руу 22 сая ам.доллар, Н.Удаанжаргал 15 сая ам.доллар, н.Ганхуяг 15 сая ам.доллар, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Р.Мэргэн, Д.Мөнх-Эрдэнэ нар 10 сая ам.доллар, үлдсэн нь тодорхойгүй гэсэн байгаа юм.
Улстөрчдөд их хэмжээний бэлэн валют бэлтгэж өгсөн асуудлаас үүдэн "Голомт Файнаншил Групп"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ганжолоо гэгч 2020 онд Шаргаморьтын гүүрнээс автомашинтайгаа үсэрч амиа хорлохыг завдсан тохиолдол гарч, СБД-ийн цагдаагийн газрын бүртгэлд тэмдэглэгдсэн. Мөнгө хуваарилах уулзалтууд "Голомт банк"-ны 4 давхар болон "Парк Плэйс"-ийн 5 давхрын өрөөнд явагддаг байсан бөгөөд 0047, 0079 улсын дугаартай автомашинуудад хар цүнхээр доллароор зөөвөрлөдөг. Нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 500 мянган ам.доллар, 2023 оны 12 дугаар сард нүүрсний нээлттэй сонсгол явуулахын өмнө Д.Мөнх-Эрдэнээр зуучлуулан 800 мянган ам.долларын авлига авсан бөгөөд "Бодь Интернэшнл"-ийн офтейк гэрээ, дансны гүйлгээг сонсголоос хассан” гэлээ.
Үүнээс,
● Тендергүйгээр шууд гэрээ байгуулсан үндэслэл юу байв
● Төрийн нууцын зэрэглэл ашиглан худалдан авалтын зохицуулалтыг тойрсон уу
● Голомт банк, “Голомт Файнаншил Групп” болон оффшор компаниар дамжсан гэх гүйлгээ хэрхэн хийгдэв
● Төмөр замын төслөөс улс төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгсөн гэх А.Амундрагийн /гэрч/ мэдүүлэг гэхчлэн дахин сөхөх, нягтлах, хөөх учиртай олон асуултууд гарч ирээд байна.
Нэгт, Тендергүй шууд гэрээ
2019 онд Тавантолгой–Гашуунсухайтын 203 км төмөр замын төслийг “Бодь Интернэшнл”-тэй шууд гэрээгээр хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Төслийг төрийн нууцад хамааруулж, ердийн худалдан авалтын журмаас өөр зохицуулалт хэрэглэсэн нь өнөөдөр хамгийн түрүүнд хөндөгдөх ёстой асуудал юм. Яагаад зөвхөн нэг компанид аюулгүй байдлын гэрчилгээ олгосон, өөр гүйцэтгэгч оролцох боломж байсан эсэх, үнийн санал болон гүйцэтгэх чадварыг хэрхэн харьцуулсан бэ гэдэг асуулт гарч ирж байна.
Хоёрт, 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа
2019.09.09-ний Эрдэнэс Тавантолгойн 47 дугаар тогтоолоор 110 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Тавантолгой төмөр зам компанид шилжүүлэх шийдвэр гаргасан. Хожим уг санхүүжилт 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа хэлбэрээр шилжсэн тухай АТГ мэдээлсэн. 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа ямар гэрээний үндэслэлээр, ямар хяналттайгаар, ямар данс руу шилжиж, цаашид хэрхэн зарцуулагдсан бэ.
Гуравт, Нүүрсний урьдчилгаа төлбөрөөр санхүүжилт босгосон схем
Хамгийн сонирхолтой нь гүйцэтгэгч “Бодь Интернэшнл групп” өөрийн эх үүсвэрээр хөрөнгө босгох үүрэг хүлээсэн атлаа нүүрс худалдан авагчдаас урьдчилгаа төлбөр татан төвлөрүүлсэн гэх асуудал. Хятадын нүүрс худалдан авагчдаас 90 гаруй сая ам.долларын урьдчилгаа төвлөрүүлж, уг мөнгөний тодорхой хэсэг “Голомт банк”, “Голомт Файнаншил Групп” болон оффшор компанитай холбогдсон дансаар дамжсан. Энэ бол нарийвчлан шалгах шаардлагатай санхүүгийн урсгал. Нүүрсний урьдчилгаа нь төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагдсан уу, эсвэл өмнөх өр төлбөрүүдийг барагдуулахад ашиглагдсан уу гэдгийг банкны дансны хуулга, гүйлгээний зориулалт, гэрээний үүрэгтэй тулгаж тогтоох шаардлага. Хэрэв төслийн санхүүжилт нэрээр төвлөрүүлсэн хөрөнгийг өөр компанийн өр төлбөрт ашигласан бол энэ нь компанийн засаглал, санхүүгийн хяналтын маш ноцтой асуудал болно.
Дөрөвт, Гэрчийн мэдүүлэг ба авлигын мөнгө
Хамгийн ноцтой нь өндөр албан тушаалтнуудад бэлэн мөнгө өгсөн гэх гэрчийн мэдүүлэг юм. Хэрэв А.Амундрагийн мэдүүлэг бодитой, банкны гүйлгээ, уулзалтын бүртгэл, харилцаа холбооны мэдээлэл болон бусад нотлох баримтаар батлагдвал төмөр замын төслийн санхүүжилтээс давсан хэмжээний асуудал болно. Гэхдээ гэрчийн мэдүүлгийг шалгах цаашлаад шүүхээр оруулаад гэм бурууг тогтоох зэрэг үйл явцууд өрнөх учиртай.
Төгсгөлд нь, Х.Нямбаатар өөрт холбогдсон “Туулын хурдны зам”-ын 500 тэрбумын асуудлыг тайлбарлах, өөрийгөө хамгаалах хүрээнээс хальж, эрх баригчд улс төрийн зөрчлийг илчлэх хэлбэрт шилжлээ. Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа Б.Пүрэвдагвад шилжүүлсэнээр улс төрийн дуу хоолойгоо алдсан гэсэн үг биш болов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцрохыг шаардсан тэмцэл нь эрүүгийн хэргийн хүрээнээс хальсан асуудалтай холбогдлоо. Тэгэхээр цаашид Х.Нямбаатар Монголд буцаж ирж, АТГ-т мэдүүлэг өгөх эсэх, Тавантолгой–Гашуунсухайтын төмөр замын баримтуудыг хууль хяналтын байгууллага шалгах эсэх, Б.Энхбаяр болон бусад нэр дурдагдсан хүмүүсийн хариу үйлдэл үзүүлэх эсэх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой буруутгалд Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар байр суурь илэрхийлэх эсэх зэрэг нь маш сонин болчихлоо.
Монгол Улсад тагнуулын байгууллага, АТГ гэж байдаг бол, хараат бусаар ажилладаг бол Х.Нямбаатарын амнаас үнэн ярьсан бол Монголын түүхэнд үлдэхүйц хэмжээний авлигын мөнгөний тухай асуудлыг сөхлөө. Эрх баригчдын хувьд Х.Нямбаатарын дэлгэсэн мэдээлэлд баримтаар хариулах, эсвэл хууль хяналтын байгууллагын шалгалтаар бодит байдлыг тогтоолгох шаардлага үүсэж байна.
П.БААТАР
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.