ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2028 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Боинг компаниас “Boeing 737 MAX 8” загварын шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиатл хотноо хүлээн авч, өнөөдөр /2026.11.25/ Буянт-Ухаа нисэх буудалд амжилттай газардлаа.

Шинэ агаарын хөлгийг эх орондоо угтан авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өнөөдөр 70 жилийнхээ ойн дээр шинэ хөлгөө хүлээн авч байгаад халуун баяр хүргэе. Агаарын шинэ хөлгөө хүлээн авч байгаа энэ өдөр Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ажлын талаарх бас нэгэн сайн мэдээ дуулгая. Монгол Улс, АНУ-ын хооронд 2023 онд байгуулсан Агаарын тээврийн тухай “Нээлттэй тэнгэр” хэлэлцээрийн хүрээнд Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ компани Америкийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шууд нислэг нээх бэлтгэл ажилд бодит ахиц дэвшил гарлаа.

Нэгдүгээрт, шууд нислэг нээх үндсэн шаардлага болсон Америкийн Холбооны нисэхийн удирдах газрын нислэгийн аюулгүй байдлын техникийн хяналт, аудитыг 2027 оны дөрөвдүгээр улиралд багтаан хийх хугацааг товлох бидний саналыг Америкийн тал дэмжлээ. Хяналт, аудитыг амжилттай давснаар 2028 оны эхний улиралд багтаан МИАТ компани АНУ руу шууд нислэгээ эхлүүлнэ.

Хоёрдугаарт, АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Шууд нислэгийн бэлтгэл ажилд АНУ-ын Засгийн газраас үзүүлж буй энэхүү дэмжлэгт талархаж байна.
Гуравдугаарт, Америк руу шууд нислэг гүйцэтгэхэд шаардлагатай, холын зайд нисэх өргөн биетэй, Боинг компанийн 787-8 Дримлайнер загварын таван онгоц нэмж авах талаар урьдчилан тохиролцож, анхан шатны баримт бичиг байгууллаа.
Энэ бүхэн бол Монгол Улсын гурван тулгуурт гадаад харилцааны бодлого, Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга, эдийн засгийн эрх чөлөөний замыг бататгах шинэ эдийн засгийн, шинэ эрин цагийн илүү өргөн ач холбогдолтой үзэл санааны бодит ажил, шийдлүүдийн нэг хэсэг юм” хэмээв.
EI-MGT бүртгэлийн дугаартай “Boeing 737 MAX 8” агаарын хөлөг нь 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдвэрээс гарсан бөгөөд нийт 168 зорчигчийн суудалтай, 6,570 км хүртэлх нислэгийн алслалттай. Ойрын болон дундын зайн нислэгт ашиглахад тохиромжтой учир Бангкок, Бээжин, Сөүл, Токио зэрэг чиглэлийн нислэгт ашиглахаар төлөвлөж байна.

Тус агаарын хөлгийн нэг цагийн түлшний зарцуулалт ойролцоогоор 2,100 кг байгаа нь өмнөх үеийн “Boeing 737NG” загварын үзүүлэлттэй харьцуулахад цагт 400 кг-аар бага байна. Ийнхүү цагийн түлшний зарцуулалтыг ойролцоогоор 16 хувиар бууруулах нь нислэгийн үйл ажиллагааны зардлыг оновчтой болгох, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад эерэг нөлөөтэй юм.
Шинэ “Boeing 737 MAX 8” агаарын хөлгийг худалдан авах бус, агаарын хөлгийн түрээсийн DAE компанитай хамтран ажиллаж, түрээслэн ашиглахаар болжээ.
Мөн дээрх агаарын хөлөг нь МИАТ ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц болж байна. Тус хөлгийг Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү, Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгэдэй хаан” хэмээн нэрлэжээ.
МИАТ ТӨХК нь Боинг компанитай 1992 оноос хойш тогтвортой хамтран ажиллаж буй бөгөөд “Өгэдэй хаан” агаарын хөлгийг парктаа нэгтгэснээр нийт 11 агаарын хөлөгтэй болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.