Гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн рингэндээ эргэн ирсэн замналыг баримтат кинонд мөнхөлжээ
Сонирхогчийн боксоос албан ёсоор зодог тайлж, мэргэжлийн спорт руу эргэлт буцалтгүй хөл тавин анхны тулаандаа ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэгийн замналыг харуулсан “AND STILL: Сэтгэлийн гүнд нуугдсан мөрөөдөл” нэртэй богино хэмжээний баримтат кино АНУ-д нээлтээ хийх гэж байна.
Тодруулбал, ирэх сарын 3-ны пүрэв гарагт 18:20 цагт Виржиниа мужийн Фэйрфакс тойргийн Тайсонс Корнер дахь LOOK Dine-In Cinemas кино театрт нээлтээ хийх бөгөөд тасалбарын үнэ 25 ам.доллар аж. Энэ түүх боксоос илүү өргөн утгатай. Энэ бол сэтгэлдээ тээдэг мөрөөдөл, гаргадаг золиос, зарим зүйлийн төлөө яагаад тэмцэх үнэ цэнтэй байдгийн тухай түүх юм. “Z’s Boxing Gym”-ийн бүтээсэн богино хэмжээний киноны найруулагчаар найруулагч Кристофер Круз ажиллажээ.
Зарим мөрөөдөл хэзээ ч бөхдөггүй. Тэднийхээ төлөө дахин тэмцэх зоригийг бид олох хүртэл тэд зүгээр л хүлээдэг. 10 гаруй жилийн турш М.Нандинцэцэг буюу “Нандин” дэлхийн тавцанд Монгол Улсаа бахархалтайгаар төлөөлж, эх орныхоо хамгийн олон медаль, шагнал хүртсэн боксчдын нэг болсон юм. Гэвч медаль, ялалтуудын цаана золиос, ээж болсон амьдрал, бүхнийг шинээр эхлүүлсэн түүх бий. Нэгэн цагт төлөөлж явсан эх орноосоо хол, Америкт цагаачлан амьдрахдаа Нандин холын зай, амьдралын бэрхшээл, улиран өнгөрөх он жилүүдийн аль нь ч түүнээс булааж чадахааргүй нэг зүйлийг сэтгэлдээ тээж явсан. Тэр нь хэзээ ч бөхөөгүй мөрөөдөл байлаа.
Одоо түүний тэмцэл медалиас ч илүү утга учиртай. Тэр охиныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө, итгэхээ хэзээ ч болиогүй мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байна. Сорилтыг даван туулах тэсвэр хатуужил, өөрийн хэн болох, дахин эхлэх эр зоригийн тухай AND STILL богино хэмжээний баримтат кинонд өгүүлэх юм ажээ.
Ташрамд дурдахад, гавьяат тамирчин М.Нандинцэцэг ирэх сарын 12-нд мэргэжлийн боксын замналынхаа хоёр дахь тулаанаа хийхээр бэлтгэлээ базааж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.