Н.Батсүмбэрэл: Олон жил хөдөлмөрлөсөн иргэд илүү шударга тэтгэвэр авах ёстой
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн /2026.06.16/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ бол иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх, ялангуяа ахмад настнуудын амьдралын баталгаатай холбоотой чухал асуудал юм.
Олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэдийн хөдөлмөрийг илүү шударгаар үнэлэх, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгах, тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой, хуримтлалтай болгох нь энэхүү хуулийн төслийн гол зорилго юм. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэвэр 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн зөвхөн өнөөдрийн тэтгэвэр авагчид төдийгүй ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдэд зориулсан тэтгэврийн хуримтлал, хувийн нэмэлт тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлэх зохицуулалт тусгагдсан.
Тэтгэвэр бол халамж биш. Энэ бол иргэн олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлснийхөө үр шимийг хүртэж буй эрх юм.
Иймд иргэдийн тэтгэврийн баталгааг сайжруулах, олон жил хөдөлмөрлөсөн хүмүүсийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, ахмадуудын амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллана.
Хөдөлмөрийг үнэлсэн, ахмадуудаа дэмжсэн, ирээдүйдээ хуримтлалтай тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх нь бидний зорилт юм.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.