Зудын эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд 35 сум маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ

Зудын эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд 35 сум маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ

 2026-2027 оны өвөл цаг агаарын температур олон жилийн дунджаас 5 хувиар илүү хүйтрэх төлөв гарсан байна.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд 35 сум маш өндөр, 247 сум дунд, 40 сум бага эрсдэлтэй гэж гарчээ. Арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 8.0 хувьд мал өвөлжилт нэн их, 18 хувьд их, 34 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг хүндрэх бол 16 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар мал өвөлжилт их болон нэн их хэмжээнд хүндрэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Мөн Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар зуншлага оройтож, гандуу болон гантай байжээ.

Энэ нь өвөлжилтийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд иргэд, малчдад өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа.

Үүнд:

Өвөлжүүлэх малын тоо, төрөл, тарга хүч, өвс тэжээлийн нөөц, хэрэглээгээ урьдчилан тооцож, хээлтэй болон төл, тарга хүч муутай малаа хамгаалах. Шаардлагатай тохиолдолд малаа эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг төлөвлөх.

Отор нүүдэл хийхээс өмнө хүлээн авах аймаг, сумтай урьдчилан тохиролцож, бэлчээр, ус, мал эмнэлгийн үйлчилгээ, замын нөхцөл болон шаардлагатай зөвшөөрлийг баталгаажуулах.

Өрхийн хүнс, ус, түлш, эм, холбооны хэрэгслийн нөөц бүрдүүлж, цаг агаарын сэрэмжлүүлэг, анхааруулгыг тогтмол дагах.

Малын өвчлөл, хорогдол, халдварт өвчний сэжиг, сэг зэм болон ус, худаг, хашаа хорооны эвдрэл, доголдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэдтэй болон тусламж шаардлагатай өрхүүдэд харилцан туслалцаа үзүүлж, гамшгийн үед холбоо барих, тусламж авах зохицуулалтыг урьдчилан бүрдүүлэх шаардлагатай юм.

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.