Алдарт зохиолч Харүки Муракамигийн тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна

Алдарт зохиолч Харүки Муракамигийн тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна

Монголд төдийгүй дэлхий дахинаа хамгийн олон ном бүтээл нь амжилттай орчуулагдаж, алдар нэр нь түгсэн зохиолчдын нэгт Харуки Мураками зүй ёсоор тооцогдоно.

Түүний амьдрал, бүтээлтэй холбоотой маш сонирхолтой найман баримтыг хүргэж байна. ​

Зохиол бичих шийдвэрийг бейсболын тэмцээн үзэж байхдаа гаргасан нь

Мураками 29 нас хүртлээ зохиол бичих талаар огт бодож байгаагүй гэдэг. 1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн нартай өдөр тэрээр бейсболын тэмцээн дээр алдарт тоглогч Дэйв Хилтон бөмбөгийг маш хүчтэй цохихыг хараад, гэнэтхэн "Би ч гэсэн роман бичиж чадах юм байна" гэсэн сонин сонирхолтой мэдрэмж төрсөн гэдэг. Тэмцээнээс хариад л шууд анхны зохиолоо бичиж эхэлсэн түүхтэй.

Жазз клубийн эзэн

Зохиолч болохоосоо өмнө Мураками Токио хотод эхнэрийн хамт "Peter Cat" нэртэй жазз хөгжмийн кафе, клуб ажиллуулдаг байв. Түүний клуб өдөр нь кофе, орой нь согтууруулах ундаа, амьд хөгжмөөр үйлчилдэг байжээ. Энэ үеэс л түүний хөгжмийн асар өндөр мэдлэг бий болж эхэлжээ.  Түүний зохиолуудад жазз хөгжмийн тухай байнга гардаг нь үүнтэй холбоотой.

​Англиар бичээд Японоор орчуулдаг өвөрмөц арга барил

Анхны зохиол болох "Салхины дууг сонс" (Hear the Wind Sing) романаа бичих үед түүнд маш их нуршуу, ойлгомжгүй мэдрэмж төржээ. Тиймээс эхлээд Англи хэлээр бичиж, түүнийгээ Япон хэл рүү хөрвүүлж үзэхэд арай дээр санагджээ. Энэхүү хачирхалтай арга нь түүний зохиолуудыг хэт уламжлалт бус, маш хөнгөн бөгөөд өрнөдийн хэв маягтай болгож өгчээ. ​

Хэт холын зайн гүйгч

Тэрээр байнга л  номын өрөөнд сууж байдаг хүн биш. Өдөр бүр 10 км гүйдэг бөгөөд олон улсын марафон гүйлтэд 30 гаруй удаа амжилттай оролцжээ. Түүгээр зогсохгүй 100 км-ын хэт холын зайн марафоныг ч туулж байсан юм. Тэрээр роман бичих ихэнх санаагаа бичгийн ширээний ард бус гүйх үедээ олсон хэмээн хэлж байв.

​Өдөр тутмын хатуу дэглэм

Зохиол бичих үедээ тэрээр цэргийн мэт хатуу дэглэм баримталдаг. Өглөө 04.00 цагт сэрмэгцээ 5-6 цаг тасралтгүй сууж зохиолоо бичнэ. Үдээс хойш нь гүйх эсвэл  усанд сэлнэ. Орой 21.00 цаг гэхэд заавал унтаж амрахыг чухалчилдаг. Тэрээр энэ дэглэмийг олон сарын турш огт зөрчилгүй баримталж чаддаг байна.

 ​Муур түүний дотно нөхөр

​Мураками мууранд ухаангүй хайртай. Залуу байхын л  маш олон мууртай байсан бөгөөд түүний бараг бүх зохиолд муур ямар нэгэн байдлаар дүрслэгддэг (зарим үед бүр ярьдаг муур ч гардаг). Үүнээс гадна тэрээр 10.000 гаруй жазз пянзны цуглуулгатай бөгөөд зохиолоо бичиж байхдаа үргэлж хөгжим сонсдог.

Өөрийнхөө номыг дахин уншдаггүй

Мураками номоо хэвлэгдэн гарснаас хойш дахиж хэзээ ч уншиж үзээгүйгээ хэлж байлаа. Тэрээр "Нэгэнт бичээд дууссан бол тэр ном минийх биш уншигчдынх болох ёстой. Би нэгэнт ард үлдсэн зам руугаа буцаж харах дургүй" гэж хэлжээ.

Нобелийн шагналын шагналын "мөнхийн нэр дэвшигч" 

 Жил бүрийн намар уран зохиолын салбарын Нобелийн шагналтан тодрох үед Муракамигийн нэр үзэгчдийн болон шүүмжлэгчдийн тааварт үргэлж тэргүүн эгнээнд явдаг. Хэдийгээр тэрээр одоог хүртэл уг шагналыг аваагүй байгаа ч дэлхий даяарх сая сая үнэнч уншигчид нь түүнийг хэдийн "Ард түмний Нобелтон" гээд хүлээн зөвшөөрчихсөн билээ

Бэлтгэсэн: Д.Энх-Амгалан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.