УИХ-ын хаврын чуулганаар хуулиа амжилттай батлуулж, "алх цохиулсан" эмэгтэй гишүүд

УИХ-ын хаврын чуулганаар хуулиа амжилттай батлуулж, "алх цохиулсан" эмэгтэй гишүүд

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2026.07.03/ албан ёсоор хаалтаа хийлээ. Чуулганы хугацаанд идэвхтэй ажиллаж, чухал хуулиудыг батлуулсан эмэгтэй гишүүдийн төлөөлөл онцгой байр суурь эзэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хаврын чуулганы тайлангаа танилцуулах үеэрээ Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулийг санаачлан батлуулснаа дурдлаа. Мөн тэрбээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлах ажлын хэсгийг ахалж ажилласан байна.

УИХ-ын гишүүн М.Мандхай Монгол Улсын Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 14 жилийн дараа батлууллаа. Уг хууль хэрэгжиж эхэлснээр Монгол хүний хүнсний хангамж, хүртээмж, аюулгүй баталгаат байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлын үндсийг бэхжүүлэх юм.

 Үүний зэрэгцээ гишүүн С.Цэнгүүн 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт онцгой эрх олгосон хуулийг хүчингүй болгох төслийг санаачлан батлууллаа. Энэхүү шинэчлэл нь төрийн өмчит үйлдвэрийн газруудад хуулиас гадуур бүрэн эрхт төлөөлөгч томилохыг хориглож, санхүүгийн ил тод байдлыг сайжруулахад чиглэжээ.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын санаачилсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, гацсан болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, шийдэх арга замын тодорхойлох зорилготой “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг санаачилсан. Уг тогтоолын төслийг 63,9 хувиар эцэслэн батласан билээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа хаалтын өдөр 65 гишүүний дэмжлэгтэйгээр Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлгийг удирдан явуулсан байна.

Нэмж сонирхуулахад, Хууль тогтоох үйл ажиллагааны түүхэн үзүүлэлтээс үзвэл, өмнөх чуулгануудад Б.Пүрэвдорж гишүүн хамгийн олон хууль санаачлан батлуулж, Улсын Их Хурлаас "Санаачлагатай төрийн түшээ" шагналыг хүртэж байжээ. Мөн 2025 оны үзүүлэлтээр Х.Тэмүүжин 10 хуулийн төсөл, П.Сайнзориг 9 хуулийн төсөл, Ж.Алдаржавхлан 8 хуулийн төсөл санаачилж тэргүүлж байсан түүхтэй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 25 хууль санаачилж, үүнээс 17-г нь батлуулсан бол Ч.Ундрам гишүүн 22 хууль санаачилж, 17-г нь амжилттай батлуулж байсан нь парламентын түүхэн дэх өндөр бүтээмжтэй үзүүлэлтүүд юм.

Энэ удаагийн хаврын ээлжит чуулган нь эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нийгмийн халамж болон гэр бүлийг дэмжих чиглэлд томоохон эрх зүйн шинэчлэлүүдийг хийснээрээ онцлог боллоо.

Шинээр батлагдсан хууль тогтоомжууд хэрэгжиж эхэлснээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, төрийн хүнд суртал багасан, иргэдийн амьдрах орчин сайжирна гэж салбарын мэргэжилтнүүд болон хууль тогтоогчид үзэж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.