Т.Ням-Очир: Ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил гаргасан компаниудыг "хар жагсаалт"-д оруулж, шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах арга хэмжээ авч байна
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сургууль, цэцэрлэгийн шинээр ашиглалтад орох төсөл хөтөлбөр болон сурагчдын сурах бичгийн талаар дараах тайлбар, мэдээллийг өглөө.
Боловсролын салбарт энэ онд шинээр болон дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн 230 гаруй төсөл, арга хэмжээ үргэлжилж байна. Үүний 100 орчим нь өмнөх жилүүдээс шилжин ирсэн төслүүд юм. Барилгын зураг төсвийг анх зарлахдаа өмнөх оны магадлалаар тооцдог бөгөөд явцын дунд дахин магадлал хийхэд төсөв нэмэгдэх шаардлага үүсдэг нь гол тулгамдсан асуудал болоод байна. Засгийн газраас энэхүү асуудалд онцгой анхаарч байгаа бөгөөд ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил гаргасан компаниудыг "хар жагсаалт"-д оруулах саналаа гаргаад явж байгаа. Мөн шаардлагатай тохиолдолд гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгжид шилжүүлэх арга хэмжээ авч байна.
Энэ онд улсын хэмжээнд нийт 79 төсөл, арга хэмжээг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 22 нь ашиглалтад ороод байна. Үүнээс 21 сургууль ашиглалтад орж суудлын тоо 10 мянгаар нэмэгдсэн бол долоон цэцэрлэг шинээр хаалгаа нээж хүчин чадал 1400 гаруй суудлын тоо нэмэгдлээ. Цаашид үлдсэн хугацаанд 22 сургууль, 21 цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Зөвхөн есдүгээр сард багтаан 25 сургууль, цэцэрлэг, спорт заал болон дотуур байрыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Сурагчдын сурах бичгийн хүртээмжийн тухайд Боловсролын ерөнхий газраас гаргасан судалгаагаар хоёроос тавдугаар ангийн сурах бичгийн хангалт хэвийн байна. Зарим сургуулийн элсэлт төлөвлөснөөс давсан бол заримд нь хүүхдийн тоо хүрээгүй тул сургууль, анги бүлэг хооронд сурах бичиг шилжүүлэх ажлыг есдүгээр сард багтаан зохион байгуулна. Харин дунд болон ахлах ангийн сурагчдын хувьд сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээслэх эсвэл худалдаж авах боломжтой. Сурагчид анги удирдсан багшаараа дамжуулан номын санчид түрээсээр ашиглах захиалгаа өгөх ба эцэг эхчүүдэд номыг худалдаж авах сонголт нь нээлттэй хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.