Тамхины хяналтын хууль нь гаатай тамхи (Esse Change) борлуулах далд бизнесийг цэцэглүүлэх үү

Тамхины хяналтын хууль нь гаатай тамхи (Esse Change) борлуулах далд бизнесийг цэцэглүүлэх үү

УИХ-ын хаврын чуулганаар дуулиан шуугиан дагуулсан нэгэн хуулийн төсөл бол Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 70 гаруй гишүүдийн санаачилсан хуулийн төсөл байв. Тухайн үед уг хуулийг "Bloomberg Philanthropies" гэх гадны байгууллага их хэмжээний мөнгөөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл гарч байлаа. Мөн түүнчлэн гадаадад сургууль төгссөн О.Номинчимэг тэргүүтэй эмэгтэй гишүүдийн "Blackpink" гэдэг бүлэг энэ хуулийг лоббидож 800 мянган ам.доллар тараагдсан гэх яриа хүртэл гарсан. Энэ асуудалд хэвлэл мэдээлэл төдийгүй улс төрчид хүртэл хоёр талцаж байв. 

 "Bloomberg Philanthropies" нь Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блумбергийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага бөгөөд дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа тамхины хэрэглээг хязгаарлах нэрийн дор ДЭМБ-д асар их хэмжээний санхүүжилт олгодог.   

Майкл Блүүмбэрг энэ санхүүжилт, бодлогоо ядуу буурай орнуудад хэрэгжүүлдэг. Тэдний нэг нь Монгол улс. Ийнхүү тус байгууллагаас их хэмжээний санхүүжилт авсан гэх УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын нэр бүхий эмэгтэй гишүүд хуулиа батлуулах улайран зүтгүүлсэн хэдий ч хаврын чуулганаар хууль нь буцаагдсан.

Мөнгө хар мөртэй гэж үг бий. Хаана нууцаар мөнгө тараагдаж байна тэнд хууль бус ажил явагдаж байх өндөр магадлалтай. Үүний жамаар их хэмжээний мөнгөөр угаагдсан энэ хуулийн цаана тамхины бизнес эрхлэгчдийн маш том лобби явагддаж, нөгөө талаараа далд бизнесийг цэцэглүүлэх эхлэл болж байгаа гэж зарим улс төрчид төдийгүй судлаачид үзэж буй. Тиймээс тамхины хуулийн шинэчлэлтэй холбоотой эсрэг тэсрэг маш олон байр суурь хөндөгдөж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ганбаатар “"УИХ гишүүн О.Номинчимэг нарын өргөн барьж буй “Тамхины хяналтын тухай” хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал “Сухой закон” шиг болно шүү. Учир нь уг хуулинд тамхи, тамхин бүтээгдэхүүнд ногдох онцгой татварын хувь хэмжээг хэд дахин огцом нэмэхээр тусгасан байна. Заалтын гол зорилго нь хүн амын, ялангуяа 21 нас хүрээгүй хүүхдүүдийг тамхидалтаас сэргийлэх эдийн засгийн хөшүүрэг гэдгээр тайлбарласан. Гэтэл энэ татварыг огцом нэмэх юм бол эдийн засгийн урвуу эффект үүсч тамхи, тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа цэцэглэх эрсдэл шууд үүснэ. Өөрөөр хэлбэл, онцгой татварыг огцом нэмэгдүүлснээр тогтсон хэрэглээг буулгаж чадахгүй. Нэгэнт үүсэн, тогтсон эрэлт хэрэгцээг өөр нэгэн зүйлээр орлуулан нөхдөг жамтай. Энэ тохиолдолд хямд үнэтэй, чанаргүй, илүү хортой, хуурамч бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж, гараас гарт дамжин борлуулах хяналтгүй худалдаа даамжирна. Үүний үр дүнд, тамхи тамхин бүтээгдэхүүний худалдаа хууль ёсны хяналтаас гарна, татварын орлого татарна. Хамгийн гол нь нөгөө санаа зовж байгаа тамхи хэрэглэгчид маань хууль бус худалдаанаас хямд үнэтэй гарал үүсэл нь тодорхойгүй тамхи худалдан авч хэрэглэснээс болж улам илүү хордоно. Ялангуяа өсвөр үеийнхэн маань” гэжээ.

Ийнхүү шүүжлэлд нүдүүлсэн тамхины хуулийг зуны турш хав дарж байгаад намрын халуун улс төр, улс төрчдийн маргаан, хууль шүүхийн асуудал гэхчлэн нийгмийн бужигнаан дунд чимээгүйхэн батласан нь бүр ч анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн  УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан 10 гаруй хуулийн дунд тамхины хуулийг хавчуулж ямар ч хэлэлцүүлэггүйгээр шууд санал хурааж баталсан юм.

Хуулийн шинэчлэлтийн хүрээнд дараах зохицуулалт хийгдэх аж.

-          Электрон, халаадаг тамхи хуулийн зохицуулалтад орно. "Тамхи" гэсэн тодорхойлолтод никотин агуулсан бүтээгдэхүүн багтана. Ингэснээр эдгээрийг насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглож, татвар ногдуулна.

-          Амт, үнэрийг хориглоно. Хамрын тамхи, усан хоолойгоор татдаг тамхинаас бусад бүх тамхи, татах төхөөрөмж, түүний эд ангид тамхинаас өөр амт, үнэр нэмэхийг хориглоно. Гааны амт ч энэ хоригт орно.

-          Гаалийн албан татвар. Электрон тамхи, ууршуулж татах төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тамхины гаанс, соруулд 20 хувийн гаалийн албан татвар ногдуулна.

-          Савлагаа. Янжуур тамхийг нэг хайрцагт 20-оос цөөн ширхгээр, задгай тамхийг 200 граммаас бага хэмжээгээр худалдахыг хориглоно.

-          Зурагт анхааруулга. Анхны төсөлд анхааруулга савлагааны нүүрэн талын 70-аас доошгүй хувийг эзэлнэ гэж заасан байв. Анхны хэлэлцүүлгээр үүнийг "техникийн зохицуулалтад нийцсэн байх" болгож өөрчилсөн.

-          Худалдааны цэг. Тамхийг худалдан авагчид харагдахгүй газар байршуулж, хүсэлтээр нь үзүүлнэ.

“Гадныханы гараар бичигдэж, батлагдсан” хуулийн цаадах үр дүн юу байх вэ?

Хуулийн төсөлд орж буй хэт өндөр татварын бодлого, импортын шалгуур, зарим төрлийн бүтээгдэхүүнийг шууд хориглож буй нь бодит амьдрал дээр тамхидалтыг бууруулах биш, харин бүтээгдэхүүний нийлүүлэлтийг “гудамжны наймаачид” руу шилжүүлэх шууд хөшүүрэг болно. Тамхи хэрэглэгчид, хувийн хэвшил, тэр дундаа Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны саналыг эс харгалзсаар ирсэн эрхэм гишүүд ер нь зах зээлээ судалсан юм болов уу гэж эргэлзэхэд хүрч байна. Тамхины борлуулалтын 50-аас илүү хувь нь гаатай тамхи (Esse Change) байна. Тамхийг хорьж, тамхичдыг хохироохыг тамхины хяналт гэж ойлгож байгаа бол тамхины зах зээлийг бүхэлд нь хяналтаас алдахад хүрэх эрсдэлтэй. Олон улсын хэрэглээний судалгааны байгууллага Монголыг хуурамч тамхины хар зах зээлгүй, импортын худалдаа, борлуулалт нь албан ёсны зах зээлтэй гэж дүгнэсэн байдаг бол хууль тогтоогчид эрүүл зах зээлээ бусниулахад хүрч байгаа юм.  Тамхичдын хэрэглээг хязгаарлаж, хааж боосноор тэд хүмүүжиж тамхинаас гарна гэж үгүй. Зүгээр л тамхиа нууц, далд худалдаагаар хэрэглээгээ хангах аргаа олно.

Өнөөдөр хуулийн зохицуулалтгүйгээс албан ёсны борлуулагчаар дамжин орж ирэх боломжгүй байгаа шинэ төрлийн утаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчид “ганзагаар” зөөж, нэгээс нөгөөдөө сошиалл сүлжээний зараар дамжуулан борлуулж байгаа. Хэрэв амт, үнэр, гаатай тамхийг хориглочихвол иргэд яг дээрх замаар хууль бус худалдаагаар хуурамч тамхины зах зээлийг цэцэглүүлж дөнгөнө. Амт үнэр, гаатай ч баталгаагүй янжуур, вэйпийг хөрш орнуудаас зөөж зарна. Хохирогчид нь иргэд л болно. Хар зах зээл бүр дээд цэгтээ хүрч далд бинзесийн сэргэлт эхлэх юм.

Хамгийн том хохирогч нь хэрэглэгчид ба хүүхдүүд болно

Хууль тогтоогчид тамхийг хориглосноор өсвөр үеэ хамгаална гэж ярьж буй. Гэвч бодит байдал дээр албан ёсны худалдаанд насанд хүрсэн эсэхийг шалгадаг механизм ажилладаг бол далд наймаачдад хэрэглэгчийн нас, эрүүл мэнд огтхон ч хамаагүй. Үүний цаана чанарын ямар ч баталгаагүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хортой бодисын найрлага нь стандартаас хэд дахин хэтэрсэн бүтээгдэхүүн сургуулийн орчинд нууцаар тархах эрсдэл бий болно.

Хяналтгүй бараа, хортой химийн бодис бүхий бүтээгдэхүүний тархалтыг төр хянаж чадахгүй болж, үр дүнд нь нийтийн эрүүл мэнд хамгаалагдах бус бүр ч дордоно.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.