Х.Нямбаатарыг “намнах” төлөвлөгөөнд нэгдсэн Ж.Хатанбаатарын бараан баримтууд

Х.Нямбаатарыг “намнах” төлөвлөгөөнд нэгдсэн Ж.Хатанбаатарын бараан баримтууд

Аливаа юм хэмжээнээсээ хэтрэх муухай. Сэтгүүл зүйн салбарын хагарал талцал, хэрүүл маргаан савнаасаа халиад асгарчихлаа. Хэн хожих вэ, хэн хохирох вэ гэдэг зүй ёсны асуулт гарч ирэх нь зүй ёсных.  Ялангуяа улстөрчдөд ашигтай болж хэлбийсээр байгаа гэхэд буруудахгүй.

Ардчиллын гол тулгуур хэвлэлийн нэр хүнд унаж чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхээ алдснаар төрийн эрх баригчдыг хянах, хариуцлага тооцох тогтолцоо сулардаг. Нийгмийн суурь асуудлууд (ядуурал, эдийн засаг, боловсрол) анхаарлаас гарч сарнидаг. Хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл буурдаг. Хяналт үгүй болсон газар улстөрчид дураараа аашлах боломж бүрддэг. Иймд, хэвлэл мэдээлэлд, сэтгүүлчдэд итгэх итгэлийг сулруулах ажиллагаа “Даарин дээр давс нэмэх” мэт өрнөх болсон гэж хардаж болохуйц үйл явц сүүлийн өдрүүдэд өрнөж байна.  

Үүний нэг нотолгоо нь “Элэгний” хэмээн олноо танигдсан Ж.Хатанбаатар гэнэт гарч ирэн өөрийгөө энхийн цагаан тагтаа байснаа хав хар хэрээ болтлоо хэвлэлийн хонгилоор чирүүлж, хэлмэгдсэн хэмээлээ.

Ярилцагч нь Хариад Уянга нэрээр алдаршсан эмэгтэй. Нэгдүгээр сургуулийн акцаар анх олонд танигдаж байсан энэ эмэгтэй Туулын хурдны замыг эсэргүүцсэн акц өрнүүлснээр нийгмийн зүтгэлтэн болж хувирсан гэж болно. Соёл судлаач энэ бүсгүйн эрхэлдэг ажил тодорхойгүй. Үйлдлүүдээс нь харвал нийгэм-улс төрийн агуулга бүхий акц өрнүүлж олон нийтийг хоёр талцуулах үндсэн ажилтай мэт харагдах болсон нь нууц биш. Тэрээр энэ удаад нэр бүхий 10 сайтын хэвлэлийн гэрээ гээчийг задалж сэтгүүл зүй рүү илт дайрсан акц хийх болов. Гэхдээ бас ялгаатай. Туулын хурдны замыг эсэргүүцсэн мөн л нэр бүхий дөрвөн сайт, нэжгээд сошиал инфлюнсерүүдтэй нэг тал бөгөөд түүнийхээр тэд л сайн сэтгүүл зүй хийдэг байна. Эцэст нь тэрээр элэгний хэмээх Ж.Хатанбаатар эмчээс ярилцлага авч Монголын сэтгүүл зүй хонгил угсарсан мэт ойлголтыг олон нийтэд өгөв. 

 Учир явдлыг сийрүүлбэл, 

Х.Нямбаатар Хотын дарга байхдаа “Нийслэлийн өмчийн есөн объект Ж.Хатанбаатарт байдаг” тухай зарлаж байлаа. Эрх бүхий албан тушаалтны үг албан эх сурвалжид тооцогдох учраас энэхүү мэдэгдлийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд толгой дараалан мэдээлцгээж байв. 

“Нийслэлийн өмчийн харилцааны газар”-аас Ж.Хатанбаатарын эзэмшлийн есөн объектыг:

●     Аж ахуйн барилга,

●     Аж ахуйн хашаа,

●     Хоёр гараашийн барилга, 

●     Хоёр сувилал,

●     Эмчилгээний төв,

●     Нийтийн эзэмшлийн хөрөнгө, тухайн клиник төвийн өөрийн барилга,

●     Эмийн үйлдвэрийн барилга гэхчлэн жагсаан зарласан байдаг.

 Улс нийтийн өмчид хамрагддаг дээрх обьектуудыг тэрээр нэлээдгүй олон жил  эзэмшиж, захиран зарцуулж ирсэн бөгөөд бизнесийн ашиг олох зорилгоор хувьдаа завшиж байсан хэмээх ойлголтыг тухайн үед өгч байв. Улмаар тэрээр обьектуудынхаа асуудлаар Ерөнхийлөгчид ил захидал бичиж, хэдэнтээ хандсан нь хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг. 

56aac53dd5c0429786215dc4be42b7d9

Нэгт, Түүний эзэмшил дэх ашиглалтын хугацаа нь дууссан “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг 4.5 тэрбум төгрөгөөр засварлахаар тендер зарласан. Улмаар Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгож, ирэх сарын 01-нээс ашиглалтад оруулах гэж байгаа. Энэ талаар одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагва “Хатанбаатарын эмнэлэг" гэх газрыг нийслэлийн өмчид авсан нь сайн хэрэг. Коридорт хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байдлыг зогсоох ажлын хүрээнд хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүрэг 100 ортой хүүхдийн салбар эмнэлэгтэй боллоо” хэмээн мэдэгдэж байв.

 Түүнчлэн Дашчойлон хийдийн хажууд байрлах Эмийн үйлдвэрийн газрыг чөлөөлж, дуудлага худалдаагаар борлуулсан зэрэг мэдээллүүд гарч байв. 

Түүнээс авсан улсын өмчит хөрөнгүүдийг юу болгож хувиргав, дуудлага худалдаагаар борлуулсан мөнгө хаачив гэдэг асуултыг Х.Нямбаатараас асуух нь дараагийн чухал асуудал. Энэ ч орхиж болохгүй сэдэв мөн. Нийслэлийн өмч, газрын эрх, олон тэрбум төгрөгийн төлбөртэй холбоотой шийдвэрүүд хэрхэн гарч, хэн ямар хариуцлага хүлээх тухай асуудал хөндөгдөх нь зүйн хэрэг юм. 

Хоёрт, Ж.Хатанбаатар эмчийн асуудал үүгээр дуусахгүй. Тэрээр 2025 оны тавдугаар сард хүргэнийхээ хамт АТГ-т шалгагдаж, гэр болон ажлын байраа нэгжүүлсэн үйл явдал өрнөсөн байдаг. "Ж.Хатанбаатарыг прокурорын зөвшөөрлөөр АТГ-ын мөрдөгчид баривчлахаар ажиллаж байгаа нь үнэн" гэдэг тодруулгыг ч АТГ-аас өгч байв. Шалтгаан нь бөхчүүдийн шинжилгээг нуун дарагдуулсныхаа төлөө хахууль авдаг байж болзошгүй гэх асуудал. Түүнчлэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, Олон улсын байгууллагаас Монголын СОС хүүхдийн хотхоны холбоонд олгосон их хэмжээний санхүүжилтийн мөнгийг завшсан байж болзошгүй гэх асуудлаар цагдан хоригдох эсэхээ шүүхээр дэнслүүлж ч байсан юм. 

Эдгээр нь Ж.Хатанбаатар гэдэг хүнтэй холбоотой цаг үеийн дуулиант үйл явдлын мэдээлэл болж байв. Ор үндэслэлгүй зохиосон зүйл биш гэсэн үг.

Өөрөөр хэлбэл цаг үеийн мэдээлэл түгээж үүргээ биелүүлж байсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг өнөөдөр “Өөрийг нь санаатай харлуулан гүтгэсэн” хэмээн шүүгээд сууж байгаа нь хэр зохимжтой вэ.

 Бүр хохирогчийн дүрд тоглочихсон, матрын нулимс унагааж суугаа нь ичмээр байв. Хэвлэлүүд “Цагаан тагтаа”-г “Хар хэрээ” болгочихсон асуудал биш. “Хар хэрээ”-г “Цагаан тагтаа” болгох гэж оролдсон нь харин асуудал юм. Асуулт юм.

 Эндээс Хариад Уянга хэмээх бүсгүй яг хэн юм, чухам юуны төлөө Монголын сэтгүүл зүйг дэвслэх болов гэдэг асуулт урган гарч байгаа юм. Өөрийнх нь тайлбар их хөөрхөн. Нэр бүхий сайт түүний хувийн амьдрал руу дайрсан тиймээс уучлал гуйлгах гэсэн юм гэдэг. Авч энэ зөвхөн шалтаг. Акцийнх нь жинхэнэ шалтгаан, зорилго нь Х.Нямбаатарыг намнах. Бүр тодруулбал өнгөрсөн 5-р сарын 16-нд Хотын даргын ажлаа өгсөн Х.Нямбаатараас Нийслэлийн МАН-ын хороог авах улс төрийн зорилгод үйлчилж байна гээд ойлгочиход болно.

Улс төрийн намд үйлчилж болно. Эрх баригч намын дотоод хагарлын гол дүр болж, нэг талд нь үйлчилж ч болно. Тэгэхдээ бүхэл бүтэн Монголын сэтгүүл зүйг дэвсэлж, салбарыг харлуулж болохгүй юм. Ингэхдээ төрийг шимэгчилж амьдарч ирсэн Ж.Хатанбаатар мэтийнхнийг ариун шударга үйлстэн байсан мэтээр манипуляци хийж болохгүй юм.

П.БААТАР

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.