Академич С.Нарангэрэл: Өмгөөлөгчдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд таниулах хэрэгтэй байна

Академич С.Нарангэрэл: Өмгөөлөгчдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд таниулах хэрэгтэй байна

“Өмгөөлөгч” сэтгүүл 20 жилийн ойгоо тэмдэглэлээ Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх “Өмгөөлөгч” сэтгүүлийн 20 жилийн ойн баярын хурал өнөөдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.

 Ойн хурлын үеэр хууль зүй, сэтгүүл зүйн салбарын төлөөлөл болон тус сэтгүүлийг үүсгэн байгуулахад оролцсон, үе үеийн эрхлэгч, редакторууд оролцож, сэтгүүлийн 20 жилийн түүх, үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар санал бодлоо хуваалцлаа. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, Чингис хаан тэргүүн зэргийн одонт академич С.Нарангэрэл “Өмгөөлөгч” сэтгүүлийн цаашдын нийтлэлийн бодлогын талаар байр сууриа илэрхийлэхдээ сайн өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа, ур чадвар, бодит кейсийг сурвалжилж нийтлэх шаардлагатайг онцоллоо. Түүний үзэж буйгаар өмгөөлөгчдийн ажил, мэргэжлийн арга барилыг олон нийтэд таниулах нь зөвхөн тухайн салбарын үйл ажиллагааг сурталчлах бус иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ. Түүнчлэн хуульд заасан хэм хэмжээний хүрээнд үйлчлүүлэгчээ өмгөөлж байсан өмгөөлөгчдийн үйл хэрэг, шүүхийн мэтгэлцээний үеэр хэлсэн үг, байр суурийг баримтжуулан нийтлэх нь зүйтэй гэдгийг хэлэв. Мөн тэрбээр өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндөж, нийгмийг талцуулсан мэдэгдэл хийх, популист байр суурь илэрхийлэх, ёс зүйн хэм хэмжээг зөрчих явдал гарч байгааг шүүмжиллээ.

“Өмгөөлөгчид мэргэжлийн ёс зүй, хариуцлагаа чанд сахих ёстой. Хэрэв нийгэмд дуулиан тарьсан мэдэгдэл хийж, популист байр суурь илэрхийлдэг байдал даамжирвал өмгөөлөгчид хариуцлагагүй улстөрчдөөс ялгарах зүйлгүй болно” хэмээн тэрбээр онцолсон юм. Сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Өмгөөлөгч” сэтгүүл хэвлэл мэдээлэл цахим орчинд эрчимтэй шилжиж буй өнөө үед 20 жилийн ойгоо тэмдэглэж, 105 дугаар гаргасан нь үнэ цэнтэй үйл явдал гэдгийг тэмдэглэв. Тэрбээр сэтгүүлийн булангуудыг онол, арга зүй болон практикийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх нь үр дүнтэй гэсэн санал хэллээ. Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц хэлсэн үгэндээ “Өмгөөлөгч” сэтгүүл нь хууль ёсыг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн тус сэтгүүл өмгөөлөгчид, хуульчид болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх талбар, хууль зүйн мэдээллийн найдвартай эх сурвалж болж ирснийг тэмдэглэлээ. Ойн хурлын үеэр “Өмгөөлөгч” сэтгүүлийн үе үеийн эрхлэгч, редакторууд дурсамжаа хуваалцаж, сэтгүүлийн цаашдын нийтлэлийн бодлого, хөгжлийн чиглэлийн талаар санал солилцов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.