Зархумынд агсан тавьсан минь

Зархумынд агсан тавьсан минь

Цоодолын ХУЛАН

Цонхоор шагайж дээш харлаа. Хүүе энэ одод чинь доошилчихсон юм уу даа? Ширээний чийдэн биш дээ, туяагаа тонгойлгоод ямар ойрхон харагддаг юм? Аргагүй ч юм байхаа даа, өндөр их Алтайн өвөрт, Баян-Өлгийд хонож байж! Агаар намрын харз шиг тунгалаг, ам хамраар хүчилтөрөгчийг шанагаар цутгаж байгаа юм шиг л байна. “Та минь ээ, өндөрлөх үү...” гэтэл ахиад л доомбор нүргин эгшиглэвэй!

 “Далай уудам саруул сайхан хорвоодоо
Даамай гоё чам шиг хүүхэн байна уу даа, Ахтаамаа...”
 

Энэ дуунд би нүгэлтэй дуртай. Хасын гэрэлт царайтай, хашийн цагаан шүдтэй, харын хар нүдтэй Агатамааг гээч нь болчихоод малгайдаа шар шувууны өд сагсалзуулан дэрвэн бүжиж, бүргэд шиг хурц нүдтэй казах эрчүүлийг үзэсгэлэн гоогоороо дарангүйлан бишрүүлж, хажуугаар нь ихэмсэгхэн алхах мэт санагддаг юм. Эвлэг цоглогхон дуулж, эрхэм зочдоо хөвсөлзүүлэн хоргоох Зархумын адтайг! Шүлэгч юм даа, аргагүй л... Б.Зархумаас “Үүлс болж нүүнэ”, “Нэгэн үг ч эрдэнэ”, “Тэнгэрийн хаяа” гээд казах хэл сэтгэлгээ, монгол хаялга цалгиатай бүтээлүүд ундраад л байгаа. Нам улстөр дагаж явж аймгийн Засаг даргаар ч ажиллан олон түмнээс сайн муу үг дуулсан, зайтай эр гэдэг чинь энэ хүн дээ. Сайхан ч аж төрдөг юм байна. Зархумын гэргий ёсорхог, намуухан яриа хөөрөөтэй зочломтгой эзэгтэйн охидынхоо хамт бэлдсэн дастарханы амттай тансгийг яанам. Өнөөдөр Казах түмний үндэсний их баяр-Наурыз шүү дээ.

ЕТГ-ын дарга З.Энхболд маань хямсайж хямсайж миний санаачилсан нэг ажлыг дэмжин баталсан юм. Баян-Өлгийд эх орны сэдэвт яруу найргийн уралдаан наадам зохион байгуулахаар Ардын уран зохиолч Тангадын Галсан, яруу найрагч, сэтгүүлч Н.Гантулга... бид хэд ирчихээд байгаа нь энэ. Бүр хоёр сарын өмнөөс л аймгийн Утга зохиолын салбарын эрхлэгч Р.Сурагантай яриад удирдамж өгчихсөн юм л даа. Оролцогч нар эх орны сэдвээр уншина. Уншихдаа монгол хэлээр уншина. Казак, монгол аль алиныг хослуулж бас болно. Нэг их хатуу болзол биш л баймаар юм. Тэгтэл өнөөдөр яав?

Аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа шүлгээ уншихаар 28 хүн иржээ. Бага тоо биш. Үзэгчдийн сандал гуравны нэг нь чүү ай дүүрлээ. 15-аас дээш насны оролцогч нар тус тусын шүлгээ уншлаа. Гэтэл нийт 28 хүнээс уртаашаа 7-8 нь л монголоор уншдаг байна шүү. Бусад нь монгол хэлээ мэддэггүй ээ л гэж авч байна. Бүр нэг ёо ёо хөдлөөд явчихлаа, дотроо. Ерөнхий шүүгч өөлд өвгөнтэйгээ зөвлөж байгаад “Эх нутаг минь Монгол” гэсэн үгтэй шүлэг монголоор бичиж монголоор уншсан нэг хөөрхөн казак хархүүд, тэр нь 40 гаран настай ядаж байхад ха ха ха, Тэргүүн байрын шагналаа гардуулчихлаа. Бусад шагналт байр мэдээж холимог оо. Көө ер! 28 хүнээс 20-иод нь монголоор ярьдаггүй, бичдэггүй болж таарлаа. Алив хундагатай юм хаачив?

Бабыйн Ахтаан гуай байсан бол та нарын тоосыг гөвөх байсан даа лав! “Өө ийм том шагналтай байсан юм бол монголоор уншдаг байж” гэж байна гэнэ, зарим нь. Тэгдэггүй юм даа дүү нар, тэгдэггүй юм!

Тээр жил Ахтааны 100 жилийн ойгоор аав Ахтаанд зориулсан шүлэг бичсэн нь ёстой баллаж тавьж билээ. Төрийн бодлого ч, үхсэн хойноо, энэ шүлгийн анзаанд байгаагүй юм аа. Одоо ч байхгүй дээ чааваас. Та нар энэ шүлгийг уншсан юм уу? Үгүй шт! Босч ташаа тулж байгаад л уншаад хаялаа би.

Ахтааны хойноос хашгирсан шүлэг

Тэртээ зууны өмнө Карипжан ижээс төрөхөд чинь

Тэнгэр ямар, нар ямар байсан бэ Ахтаан

Тэлмэн жороо шүлгийг чинь сонсож, уужиръя гэсэн юм аа

Тэвдэж яасан яаруу буцсан юм бэ, Ахтаан

Сүбмэр уул л арай тал болсонгүй

Сүү цэгээ л арай хар болсонгүй

Сүүдэр шийний зураг шиг юм бүхэн хувилсаар аа Ахтаан

Сүүдэр шийний зураг шиг юм бүгд хувилахын тоолон

Сүлдтэй тань шиг найрагч үгүйлэгдэх юм аа, Ахтаан

Доомборын чинь утас олон билүү, хоёрхон шүү Ахтаан

Дотно хэдэн монгол чинь тийм олон билүү, цөөхөн шүү Ахтаан

Агтын чих өнчин билүү, Ахтаан

Ага-йыг-ийн жигүүр өрөөсөн билүү, Ахтаан

Хаврын шувуу урагшаа буцдаг билээ,

Харин хэсэг хойшоо ниссэн шүү, Ахтаан

Цаст уулын бүргэд үүрээ хаядаг юм уу

Цагаан сүүгээ хөхүүлсэн ижий хоёр байдаг юм уу

Цаадуулаасаа намайг асууж байна гэж хэлж аль, Ахтаан

Малармэ, Явуу, Абайн шүлгийг Имашхаантай ярьж

Магометын нүдийг хариулан Шалын Жамлийхаатай сууж

Хан Алтайн өврөөс уран домбор хангинахад

Халхын их талаас морин хуур янцгаахыг сонсож сууя

Тэнгэрт, Аллахад ойр яваагаараа

Тэр хэдэн найзад минь хэлж аль, Ахтаан

Будда, Аллах хоёулаа харж байг

Бумны орчлонг газар болоод тэнгэрээс дуулъя хоёулаа, Ахтаан

Хэмжээгүй сувдаг, хэтэрхий тэнэгүүдэд ухаанаасаа хайрла, Ахтаан

Хэцүү харанхуй байнаа энд, гэгээ гэрлээсээ хайрлаа, Ахтаан

Хэрвээ орчлонд дахиад чи төрөх бол

Хэзээ мөдгүй бушуухан үзэгтэйгээ их, Ахтаан!

Ширээ тойрон улаа бутарч суугаа хүмүүсийн зарим нь архи гарав уу яав, хэсэг нам гүм болсноо пад пад алга ташлаа. Агуу юм аа, нээрээ тийм дээ гэцгээж байна. Мэдээж ш тээ! Миний аав юм чинь! Муусайн халхууд аа, казакууд аа! Хэн чинь ингэж хэлж чадсан юм? Аль 1997 онд Ахтааны 100 жилээр аав ингэж хашгирсан байдаг юм, за? Энэ дээгүүр байгаа юмнууд дотор Монголын үндэстнүүдийн асуудал гээчийг ингэж боддог, сэтгэдэг ганц ч бол халх хасаг амьтан байна уу? Өдөж хэрэлдмээр болоод байна. Алтан амсар хүрээтэй турк цайны аяга шиг хумбагар хундагаар нэг аваад хаячихлаа, яадгийн! Зүрх нэг л сонин хоосроод байснаа халуу оргих ч шиг.    

За байз, Ахтааных билүү? 

“Тэнгэртэй өндрөө булаалдсан

Тэгш Таван богд уул минь

Ард зон нь жаргасан

Алтай сайхан нутаг минь...” гэж сүлдлэн дууддагсан билүү казахууд? Та нар жаргаж л байсан биш үү? Яагаад монгол хэлээ мартаж, гээж хаяж байгаа юм? Яагаад өч төчнөөн мянгаараа нүүгээд алга болж чадсан юм та нар? Тэгвэл явцгаа, лалууд аа! Цаст Алтайн бүргэд үүрээн орхиогүй байхад цанхаалсан хол санаатай хэсүүлүүд миний Монголыг голж шилэх үү? Миний монгол хэлийг тоохгүй, сурахгүй юу та нар?

Ерээд оны зах зээлийн шуурганаар Баян-Өлгийн хүн амын гуравны нэг нь гадагш халин гарсан гэдэг юм шүү. Тэр тарчиг цагт ажил орлогогүй 5000 орчим казах иргэн тоологдож байсан. Гэтэл явж одогсдын тоо 8000 орчим, илүү ч байж мэднэ. Үнэхээр явахаас өөр аргагүйдсэн ажилгүйчүүдийн хажуугаар зүгээр ажил албаа хийгээд байж байсан улс, аймаг, сумын аварга малчин, гавьяат агрономч, гавьяат жүжигчин, намын хорооны дарга, өчнөөн олон багш, инженер, эмч, сэтгүүлч гээд тэргүүний гэдэг улс хэдэн зуугаараа хашаа байшин, хаваржаа намаржаагаа зөнд нь орхиод хил даваад явчсан байгаам даа.

Өдрийн бидний очдог театр тоногдож харанхуйлаад, үүдний нь түлхүүрийг хэнд хүлээлгэж өгөхөө мэдэхгүй баларч байсан гэдэг шүү. Дэлгүүр мухлаг онгойхоо больж, сонин хэвлэл хэвлэгддэггүй, нэг хэсэгтээ л аймаг сумдууд гэдэгт бүтэн дүүрэн аж амьдралаараа халгиж цалгихаа больчихсон гэсэн. Хөлхсөн, ганирсан улс болсон гэнэ лээ. Илүү цатгалан хангалуун амьдрал хөөх нь хүний эрх, хүмүүсийн хэрэгцээ л юм биз яахав. Гэвч

“Мөнгө л хаана байна, тэнд эх орон байна гэж санадаг

Мөлүүхэн сэтгэлтнүүдээс шувууд та нар хавьгүй дээр юм аа! гэж нэгэн найрагч эх оронч шувуудаараа бахадсан байдаг даа. Хүн үнэндээ шувуунаас дор. 

Утаа тортогтой ч бол Улаанбаатарын агаарыг нармигар хамраараа сорж угаарт нь хордох олныхоо зовлонг хуваалцах гэж Монголдоо тэсч суугаа олон олны нэг нь би. Намайг, та биднийг явчихвал эзгүйд энэ улс орноор улстөрчид яаж тоглох бол гэсэн хар сэр ч зулгаагаад болдоггүй юм. Хүний өөрийн улс маань энд тэнд сайн л явбал барав! Монгол эх орон хэнийг маань ч хажиглаагүй нь үнэн юм чинь. Казакууд байтугай халхууд нь хэдэн зуун мянгаараа гадаад руу дүрвээд явчихсан байхад эдэнд уурлаад ч яахийм, хөөрхий. Даанч энэ заяа нь хаясан төр засгийнхнаас болоод л хулжаад байгаа болохоос өссөн төрсөн нутгаасаа ялаа шумуул шиг дайждаг дүүрчихсэн дотортой юмс тун цөөөхөн л байгаа даа. Ууя, ууя!

Алтайнхаа хад асган үүрийг орхиогүй агаык, кыран бүргэд болгоны төлөө нэг нэг ууцгаая!

 “Казак үндэстэн оршин нутагладаг дэлхийн 42 улс орны дотроос казакын төрөлх хэл соёл, гэгээрэл, шашин шүтлэг, эртний түүх, зан заншлыг огт устгалгүйгээр өнөөг хүрсэн орон бол ганцхан Монгол улс гэдгийг казакууд 1995 онд Алма-Ата хотод хуралдсан Их хуралдайгаараа тунхагласан билээ” гэж сэтгүүлч О.Хахаар гуай төвийн сонинд мэдээлсэн байдаг. За тэр дээ! Тэгвэл Монголоос явж очсон казакуудыг Казакстан улс 16 мужид тараан бутаргаж нутагшуулсан байгаа юм. Тэр мужуудад нь орос, буриад, бусад олон үндэстэн ястан дийлэнхи нь байгаа тухай, энэ янзаар бол казак үндэстэн дотроо керейн отог омог гэгддэг Монголын казакууд алсдаа хэл, соёл, үндэс угсаагаа уусган алдах алдах аюул тулгарсныг тухайн үед тэндхийн “Зама Казакстан” сонинд бичиж байсан гэдэг шүү. Улалзаж байгаа гал голомт, унаган нутаг ус, угаас болж бүтэж байсан аж амьдралаа орхиод очсон тэднийг тэндхийнхэн ядуу зар, хямд ажлын хүч л гэж хүлээж авсан. Хөөрхөн хүүхнүүдийг моринд дүүрээд уул руу аваад явчихсан тохиолдол ч цөөнгүй гэдэг. Хохь нь та нар. Их сургуульд багшилж байсан доктор тэнд очоод сангийн аж ахуйн агуулахын цэвэрлэгч хийж, цэцэрлэгийн эрхлэгч байсан эхнэр нь ажил олдохгүй, гэртээ уймарч суудаг тухайгаа “Цагийн хүрд”-ээр ичиж зоволгүй ярих чинь лээ. Казак монголгүй цөмөөрөө бөн бөөнөөрөө хямд төсөр ажлын хүч болж харьд урсчихсан болохоор энд өчүүхэн би бухимдаад ч уг нь яахын! Хүүхдүүдийнхээ үгэнд орж хүний газарт ясаа тавих үйлийн үртэй цагаан толгойт хөгшид л хэцүү. Ус агаар зохихгүй даралт нь ихсэж суудаг биз. Ууя, ууя!   

За хонгорууд минь, Имашхааны “Намайг тэндээс эрээрэй” шүлгээс унших уу би? Аа мөн гоё шүү. 

“...Ууланд давтсан цуурайнаас намайг сураарай

Улаан шаргал үүрийн туяанаас асуугаарай

Учралт чамайгаа эрсээр би явнам

Уулзан уулзтлаа эрж явна гэж бодооролй...

Төгөл дунд алтан гургууд жиргэж

Тансаг байгаль чих тавин чагнавал сурсаар сурсаар тэндээс намайг олоорой

Сэтгэлийн минь үгийг тэгээд чи сонсоорой” гэдгийм даа. Яасан ч царайлаг гоё эр яваав дээ Имашхаан ядахнаа?

Бид хэд даанч давчуу ирлээ л дээ. Алтай таван Богдынхоо ноёр оргилыг алсаас ч бол харчих байсан юм. Толбо нуурын толин тунгалаг мандалд буман шувууд нь чуулахаар хавар яг өдийд наашаа замдаа гарчихсан, далиа холготол наашаа нарж яваа! Зөрөөд нисэх нь байна, бид. Толбо нуурын хөвөөнд оччихсон бол халхын зоригт Хасбаатар гэж ширвээ сахалтай шидрүүн харцтай домогт баатар эр цагаантнуудтай тулалдаж амиа өргөсөн алтан дэвсэг дээр хөл тавих байж дээ. Хасбаатараа санаад нэг явуулчихъя!

Баян-Өлгийн казакууд ноёлж, халх урианхай, торгууд тува нар их цөөрсөн гэж амтай бүхэн хов зөөх маягтай. Өдөр зэргэлдээх сумын Засаг дарга хүүхэн сумынхаа хийдийн ламыг машиндаа аваад давхиад ирлээ. Аймаг уртаашаа ганц л буддын шашны хийдтэй юм байна. Хамба лам нь Б.Мөнгөнхуяг гэнэ. Буддын шашинтай иргэн цөөхөн, залуусын дийлэнх нь христ шүтдэг болжээ. Мөнгөнхуяг ламын зурхайч багш Пэлжээгийн 100 жилийн ойгоор төрсөн бууцан дээр нь дусргалын шон босгох гэсэн, аймгийн ИТХ-аас зөвшөөрөл өгөхгүй гэдийгээд байгаа болохоор уулзаж яваа юм байх. Цалин зэдгүй, хийд гэж ганц таван ханаттай ч уламжлалт шашныхаа зулыг бөхөөчихгүй юмсан гэж бодож явдаг нь илт энэ хүүхэд одоо яана даа. Үдэшхэн амйгийн Засаг дараг Гилимхан ИТХ-ын дарга Бауржан даргын хамт ирж бидэнтэй уулзахад Мөнгөнхуяг ламын хэлснийг уламжиллаа. Мөн З.Энхболд даргын даалгаварыг биелүүллээ. Аймгийн нутаг дэвсгэр дэх газар усны нэрийг төрийн албан хэлээр, өөрөөр хэлбэл монгол нэр нэршлээр нь ярьж бичиж байхыг сануулсан албан тоотыг тэдэнд гардуулсан юм. Намайг эл бичгийг төлөвлөөд сууж байтал дээхний танил төрийн түшээ өрөөнд орж ирж Баян-Өлгий рүү гарахыг минь сонсоод “Жилийн өмнө НҮБ-ын төлөөлөгч, АНУ-ын Элчин сайд, зарим аймгийн Засаг дарга Баян-Өлгийд айлчилсан. Орон нутгийн дарга нар тэдний шашин мөргөлийн газар, сургууль цэцэрлэг, дэлгүүр захаар оруулсан гэнэ лээ. Аливаа нэг үндэстэн 150 жилийн туршид тасралтгүй нэг газраа нутагшин оршиж, хүн ам нь хэл, соёл, боловсрол, шашин шүтлэг, эдийн засгийн засгийн бие даасан үйл ажиллагаа явуулж чаддаг бол тухайн газар нутгийг мөнхүү үндэстнийх нь мэдэлд өгөхийг зөвшөөрсөн НҮБ-ын заалт байдаг юм гэсэн. Баян-Өлгийнхөн юу боддог улс бол?” гэж асууж билээ.

Дээрээ суудлаа олоогүй төр засагтай бид дэргэд хаяанд байгаа нэгнээ хардах сэрдэх хэцүү ч юм аа даа. Хуучны маань төр засаг овог байжээ, үнэндээ! Олон юмаар муу муухай байсан л юм байгаа биз. Харин монгол казахын ард олныг харин ч нэг эвийн халуун цавуугаар наадаг байж.

 “Хамаг Монголын дууг хэн дуулж байна?
Хавлааш дуулж байна
Хамаг Монголыг хэн инээлгэж байна?
Латиф инээлгэж байна
Хамаг Монголын тархийг хэн хагалж байна?
Хайруулла хагалж байна
Хамаг Монголын оюутныг хэн сургаж байна?
Хурымтбек сургаж байна
” гэж бидний аав ээж, тэднээс дээш үеийнхэн хошигнодог байсан нь гарцаагүй үнэн юм. Үндэсний цөөнхөд зориулсан бодлого мэргэн байсан юм байна. Казах халхын хооронд яс хаядаггүй байжээ. Хүний хар ухаан, төрийн зөөлөн хүчний бодлогоор хоёр үндэстний эв эеийг хөхиүлэн дэмжмээр сэн. Байхгүй тэр одоо! Хундагаа сэргээгээч ээ!

Ахтаан найрагчийг өндөөр настай, хэвтэрт байхад Зохиолчдын эвлэлийн дарга С.Удвал гуай гэрт нь ирж, үзэг ч атгаж дийлэхээ больсон ясархаг гарыг нь боргил дулаахан алгандаа дулаацуулж суусан тийм л “удмын” хүмүүс ээ, найрагчид бид! Бидэнд хэн нэгнийг хайрлах ухаан заахын хэрэггүй, харин улс төрөө л ухаантай байлгаж үз. Уул уурхай биш ухаанаа ухдаг төрийн түшээдтэй болгож аль.

Танай казахуудаас харин би хэнд дургүй гээч? УИХ-ын гишүүн Жекей гэж нөхөр, хилийн цэргийн генералд уур хүрдэг юм. Баруун хилийн хамаг мэдээлэл тийшээ зарсан гэх мэт үнэн худлыг бүү мэд сонссон, хүн гүтгэх нь хамраа дарахаас ч амархан болсон цагт арай ч итгэхгүй байна. Хамгийн гол нь, тэр чухал местэнд байсан хүн тийм амархан өөр улсын иргэншил авчих муухайяа. Хууль журам эс гэхэд ёс зүй нь болж байгаамуу? За за хүн муу хэлчихлээ, би согтуу гараагүй байх шиг байна. 

Цаг сайхан байхад монгол казах утга зохиол маш нягт харилцаатай байсан юм аа. Хүүхэд байхын л мэднэ. Үндэстнүүдийн зүрх сэтгэлийн гүүр юм, утга зохиол бол. Алдарт Абай, Ахтаан, Махтумкули, Мухагали... гэхээсээ илүү Б.Имашхаан, С.Магауйя, Д.Даниял, Р.Шынай гээд зөндөө зохиолчийг бүтээлээр нь мэдэж өссөн хүүхэд бидний үеийнхэн хожмоо Б.Бааст, Б.Монголхүү гауй, бусад олон сайн хүний ачаар эрээд оноос хойш казах нөхөдтэйгөө арай ч харилцаа таччихаагүй ээ. Сая ирэхдээ Р.Сураганасаа миний шүлгийн орчуулгуудыг үзлээ. Сураган маань доктор болсон, харамсалтай нь Казахстан руу нэлээд удаан явах санаатай байгаа юм байна. Манай маралгар хар, шүлэгч бидэндээ хөөрхөн, Хабааны Байытийгаа энд эс бичвэл гомдоно. Сайхан найрагч юм шүү дээ, Байыт.

Ус нутаг, эх хэл минь байхад
Уудам дэлхийд надаас баян хүн үгүй, энэхэн хавьдaа
Угсаа суртал, ёс, түүх минь байхад
Надаас өөр оргил үгүй, таван тивдээ
!” гэж байгаа юм, наадах нөхөр чинь. Арлааны Эрдэнэ-Очир хэвлэлийн алдаагаар буруу талаас нь хэвлэчихсэн өөрийнхөө нэг номыг түүнд зориулж ганцхан хувь хэвлүүлэв” гэж бичээд өгснийг мань эр нандигнахыг яана. Алиа золигнууд. Н
ээрээ лалынхан чинь номыг буруу талаас нь уншина л даа.                                                          

Өлгийн театрын Ерөнхий найруулагч М.Ертай миний “Монгол ардын суут” гэх, Д.Нацагдоржийн тухай жүжгийг 2019 онд аймагтаа тавьжээ. Найздаа маш их баярлав. Алтайн ар өвөрт өссөн монгол, казах хоёр хүний нөхөрлөлийн тухай түүхэн жүжиг тавья хоёулаа гэж хэлэлцээд салснаа би мартаагүй шүү, Ертай! Одоо мордохын молор хундагаа өргөх үү дээ, та минь ээ? Зархумаа? Бид хавраа хамт угтаж, Наурызын баяраа хамт тэмдэглэлээ. Аллах та нарыг минь ивээг! Маргааш бид ниснэ. Одоо шөнийн 2 цаг болж байна. 3 дугаар сарын 21-ний өдөр болжээ” гэвэл Н.Гантулга сэтгүүлч тэндээс “За та бүхэндээ Дэлхийн яруу найргийн өдрийн мэнд хүргэе ээ!” гээд хундагатайгаа өргөөд босоод ирлээ. 

Тэгтэл ч,

Ботгон нүдтэй нутгийн хөөрхөн бүсгүй ээ хө

Бодсоор явтал учрахгүй нь ээ би

Уулсынхаа цэцэгнээс мэндэлсэн гэмээр

Уран гоо цогцсыг орчлонд олжээ чи

Оюун бодолдоо чамдаа хүрэв чиг

Од шиг чи хол байна даа, хол байна” гэж Зархумын доомбор эршүүдхэн дургиад явчихлаа. Энэ чинь алдарт Шалын Жамлийха монголоор зохиосон гэдэг юм шүү дээ! Алив сууцгаа, ууцгаа!

 2018 оны 3 дугаар сарын 21–24-ний өдрүүд, Баян-Өлгий–Улаанбаатар.

2024 оны 4 дүгээр сар, Хорих анги

Зохиогчийн эрхтэй нийтлүүлэв.

                                                                              

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.