БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Вашингтон хотноо гурван өдрийн төрийн айлчлал хийхээр лхагва гарагийн үдээс хойш хүрэлцэн ирлээ. Энэ нь Хятадын төрийн тэргүүний хувьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Вашингтонд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр орны харилцааны хурцадмал байдлыг намжаах, дипломат яриа хэлэлцээг идэвхжүүлэх чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарын суусан тусгай үүргийн нисэх онгоц Мэрилэнд муж улс дахь Эндрюсийн цэргийн баазад газарджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Мелания Трампын хамт тэднийг цэргийн баазад биечлэн угтан авсан нь олон улсын дипломат протоколд ховор тохиолдсон үйл явдал болов.
Угтан авах арга хэмжээний үеэр АНУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жагсан, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, "B-1" бөмбөгдөгч онгоцууд дээгүүр нь нисэж хүндэтгэл үзүүлсэн байна.

Айлчлалын хоёр дахь өдөр Цагаан ордны өмнөх зүлэг дээр албан ёсны угтах ёслол болох ба АНУ-ын Зэвсэгт хүчний бүх салбарыг төлөөлсөн 479 цэргийн албан хаагч оролцох ажээ. Хоёр улсын удирдагчид албан ёсны хэлэлцээ хийж, хувийн цайны уулзалт зохион байгуулсны дараа Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоог барихаар төлөвлөжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдааны салбарт томоохон ахиц дэвшил гаргах хүлээлттэй байна.

Мөн талууд хиймэл оюун ухааны хөгжил, аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ. АНУ-ын зүгээс Хятадын дэвшилтэт хиймэл оюун ухааны хагас дамжуулагч чипний нийлүүлэлтийг хязгаарлах бодлого баримталж байгаа ч энэ чиглэлд аюулгүй байдлын хамгаалалт тогтоох талаар зөвшилцөж эхэлсэн. Мөн Тайванийн эргэн тойрон дахь хурцадмал байдал, чухал ашигт малтмалын худалдаа, Хятад болон Оросын эдийн засаг, цэргийн хамтын ажиллагаа, түүнчлэн Ираны газрын тосны экспорттой холбоотой геополитикийн эмзэг сэдвүүдийг хэлэлцээний ширээний ард хөндөх төлөвтэй байна.

Энэхүү уулзалт нь хоёр улсын төрийн тэргүүн нарын сүүлийн 11 сарын хугацаанд хийж буй гурав дахь биечлэн уулзалт болж байгаа юм. Тэд өмнө нь 2025 оны аравдугаар сард Өмнөд Солонгосын Бусан хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр болон 2026 оны тавдугаар сард Бээжин хотноо уулзаж байв.
Хоёр улсын удирдагчид 2026 оны сүүлчээр Хятадын Шэньжэнь болон АНУ-ын Майами хотод болох олон улсын дээд хэмжээний уулзалтуудын үеэр дахин хоёр удаа уулзах товтой байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.