Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг хууль хяналтын болон шийдвэр гаргах хүмүүсийн оролцоотойгоор хавчиж эхэлбэл иргэдийн мэдэх эрхэд тулгамдсан асуудал болно
МСНЭ-ийн Хууль, ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатартай ярилцлаа.
-Энэ сарын 9-ний шөнө “Дэнс.мн”-ий сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон асуудал үүслээ. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж, хорьж, цагдах байдлаар шалгадаг жишиг манайд бараг тогтлоо. Үүнд МСНЭ-ийн байр суурь юу байна вэ?
-МСНЭ-ийн үндсэн зорилго бол Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн гишүүн сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний төрийн бус байгууллага. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилгынхоо хүрээнд энэ асуудлыг анхааралтай ажиглаж, тодорхой байр сууриа илэрхийлж ирсэн. Үүсээд байгаа асуудалд хамгийн гол нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг хууль хяналтын байгууллагууд шалгахдаа ямар нэгэн байдлаар сэтгүүлчийг шалгахдаа хүний эрхийн зөрчил гаргасан уу гэдэг асуудал үүсч байна.
Мэдээж хэн нэгэн гомдол гаргасан бол түүнийг шалгах нь зүйн хэрэг. Үүнд хэн нэгэн давуу эрх эдлэхгүй. Гэхдээ үүнийг шалгах процесс нь хууль зөрчсөн үү гэдэг асуудал үүслээ.
Тухайлбал, сэтгүүлч Т.Шинэбаяр өөрөө "шалгуулъя, шалгаж болно" гээд очиход "Одоохондоо таныг шалгах болоогүй байна" гэж явуулчихаад тэр шөнө гэр оронд нь очиж шалгаад, үүрийн таван цагт баривчилсан. Баривчлахдаа өмгөөлөгчөөр хангах эрхийг нь хангаагүй. 48 цагийн хугацаанд хойшлуулшгүй ажиллагааны байдлаар баривчилсан нь сэтгүүлчийн эрхийг, цаашлаад хүний эрхийг зөрчсөн гэдэг хардлага төрүүлж байна. Ингээд хоёр өдрийн дараа хялбаршуулсан шүүхээс Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 буюу зайлшгүй 30 хоног саатуулахдаа сэтгүүлчийн машин, унаанаас гэмт хэргийн үйлдлийг илэрхийлсэн баримт гарсан үндэслэлээр хорьсон байна. Энэ асуудал нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоно. Ямар ч байсан сэтгүүлч оргон зайлах, зугтах оролдлого хийгээгүй. Гэтэл заавал баривчилж, хорьж цагдаж, мөрдөн байцаах үйл ажиллагаа нь хэр зохимжтой вэ. Уг нь мөрдөн байцаах газрын алба өөрсдөө үүндээ тайлбар өгөх ёстой. Гэвч бичгээр шүүхийн дүгнэлт тайлбар өгчихөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар байхгүй 30 хоног саатуулсанд МСНЭ харамсаж байна. Мөн энэ сарын 12-ны өдөр ХЭҮК-ын нэр бүхий гишүүн Т.Шинэбаяр сэтгүүлчтэй уулзсан. Уулзахдаа сэтгүүлч "МСНЭ-д хандаж, өмгөөлөгч гаргаж өгөөч" гэдэг асуудлыг уламжилсан юм билээ. Үүний дагуу МСНЭ хуралдсан. Мөн сэтгүүлчид өөрсдөө санаачилга гаргаж, өмгөөлөгчийн хөлсийг хандив цуглуулан өнөөдрөөс (өчигдрөөс) өмгөөлөгч ажилдаа орсон явж байна. Өнөөдөр (өчигдөр) сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч хорих 461 дүгээр ангид очиж уулзсан. Өмгөөлөгчийн хувьд 24 цагийн хугацаанд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж шүүгчид гомдол гаргана гэсэн мэдээлэл одоогоор авсан байна.
-Сүүлийн үед нийгэмд сэтгүүлчдийг харлуулах зүйл асар их явж байна. Гэвч нөгөө талд сэтгүүлчид л авлига, албан тушаалын зөрчил, нийгэмд тулгамдсан асуудлыг баримтаар ил гаргаж ирдэг. Сэтгүүлчдийг харлуулах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Миний хувийн байр суурь бол сэтгүүлч нийгмийн эмч. Нийгэм хаана гэмтсэн, шархалсан байна түүнийг эмчлэх үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас ардчиллын гол илэрхийлэл байдаг. Тийм учраас иргэдийн мэдэх эрхийг хангадаг онцлогтой ажил мэргэжил. Үүнийгээ илэрхийлэх явцад ямар нэгэн албан тушаалтнуудтай таагүй харилцаатай болох зэрэг асуудал гарах байх. Үүний нэг нь цагдан хорих байдлаар илэрч байх вий гэдэг хардлага байна. Нөгөө талаар сэтгүүлчдийн үйл ажиллагааг хэн нэгэн хүн хянах боломжгүй. Ямар нэгэн байдлаар өөрт авсан мэдээллийг давуу байдал болгож ашиглаж болохгүй. Үүнийг нийгэм харж, иргэд ч өөрсдийн байр сууриа илэрхийлээд эхэлж байна. Монголчуудын нийтлэг яриад байгаа "шантаажны" гэж хэлэгдэх хэмжээнд хүрсэн асуудал байж таарахгүй. Ийм асуудал байж болохгүй.
Үндсэн хуульд зааснаар шүүх хэнийг ч гэм буруутай гэж тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй. Ийм чухал заалт Үндсэн хуульд байсаар байтал одоо бол хэн нэгнийг сошиалаар яллаж байна. Улмаар нийгмээрээ "бүллийддэг" хандлага бий боллоо. Энэ тал дээр иргэд ч хэрсүү байх хэрэгтэй.
-Цахим орчинд сэтгүүлч хөрөнгө чинээтэй, мөнгөтэй байж болохгүй мэт шүүмжлэл өрнөж байна. Энэ нь яагаад хардлага дагуулах ёстой гэж?
-Ардчилсан нийгэмд шударгаар олсон хөрөнгөөсөө айж, эмээх ёсгүй. Шударгаар олсон уу, үгүй юу гэдгийг шүүх тогтоохоос өмнө хэн нэгэн рүү, сэтгүүлч рүү дайрдаг асуудал бол яалт ч үгүй айдас төрүүлж байна. Шударгаар эд хөрөнгө олж авах нь ардчиллын, зах зээлийн гол зарчим. Энэ тохиолдолд бид юунаас ч айх ёсгүй. Үүнийг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг.
Тийм учраас хууль үйлчилнэ гэдэгт итгэж байна. Сэтгүүлч хэвлэн нийтэлсний төлөө түүнийг нь төрийн байгууллага, хууль хяналтын болон шийдвэр гаргах хүмүүсийн оролцоотойгоор хавчиж эхэлбэл хувь сэтгүүлчийн асуудлаас гадна иргэдийн мэдэх эрхэд тулгамдсан асуудал болно. Цаашлаад сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл улстөрчдийн авлига, албан тушаалтай холбоотой асуудлыг илэрхийлж чадахгүйд хүрч ардчиллын үнэт зүйлс алдагдахад хүрнэ. Иргэдийн мэдэх эрх алдагдана. Эрх мэдэлтэй хүн гомдол гаргасан тохиолдолд арай илүү үйлчилдэг, иргэдийн гомдолд дутуу байдаг нөхцөл байдал үүссэн байх вий гэдэг хардлага төрж байна.Тиймээс МСНЭ үүний эсрэг зогсоно гэдэг байр суурьтай байна. Хамгийн гол нь хэвлэн нийтлэх эрх чөлөө бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Энэ эрхийг зөрчиж, мөрдөн шалгах явцад алдаа гаргах вий гэдэгт бид анхаарлаа хандуулна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.