УИХ-ын чуулганаар 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталлаа

 

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь уншиж танилцуулснаар эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав.

Санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар ирэх оны төсвийг баталлаа.

Улсын төсөв батлагдсанаар: 

Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна.

Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан.

Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ.

Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээл авах үйл явцыг ил тод болгоно.

Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөх аж.

Иргэд сарын цалингийнхаа эхний 792 мянган төгрөгт орлогын татвар төлөхгүй.

Цаашлаад 2028 оноос 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх цалингийн орлогод нэг хувийн татвар ногдуулна.

Ингэснээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Нийт нэг сая орчим иргэний татвар, шимтгэлийн ачаалал нэг их наяд төгрөгөөр хөнгөрөхөөр тооцсон.

2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалингийн сүлжээг 20 хувиар нэмэгдүүлнэ. Энэ шийдвэрт 211 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдана.

Дараагийн чухал асуудал бол хүүхдийн боловсрол, иргэдийн эрүүл мэнд.

Боловсролын салбарт өмнөх онуудаас хамгийн өндөр буюу 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэнэ.

Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүний дотор 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төсөл шинээр эхэлнэ.

Ингэснээр сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүд гэртээ ойр, илүү сайн орчинд сурч боловсрох боломжийг нэмэгдүүлнэ.

Мөн бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулийн дөрвөн дотуур байр барина.

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Ингэснээр хүүхдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахаас гадна 6 болон 7 ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.