Хүрэлсүхийн “таавчиг”: Төрийн өндөр алба бол хувийн шалтгаан, хүслээр орхидог тайз биш!
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ асуудлыг УИХ чуулганы хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-ын дарга бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаандаа “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” гэсэн статустай ажиллана. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах ёстой.
Өөрийн хүсэлтээр ажил, албан тушаалаа өгч байгаа нь У.Хүрэлсүхийн хувьд анхных биш. Тэрээр өмнө хэд хэдэн удаа ийм алхмуудыг хийж байв.
2012 он: УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөв.
Тухайн үед эхнэрээ эмчлүүлэх шаардлагатай болсон тул хэмээн шалтгаанаа тайлбарлав. Олон нийт түүнийг албан тушаалаасаа идүү гэр бүлээ нэгт тавьдаг сайн хань юм хэмээн дүгнэв.
2014–2017 он: Шадар сайдын алба ба улс төрийн зөрчил.
2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хамтран ажиллах боломжгүй болсон гэх байр суурь илэрхийлж, 2017 оны наймдугаар сарын 17-нд Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Мөн өөрийг нь тагнаж, дагаж мөрдсөн гэх асуудлыг ярьсан нь улс төрийн хүрээнд маргаан дагуулсан.
2017 он: Огцорсон Шадар сайд Ерөнхий сайд болон эргэж ирэв.
Гэвч энэ огцролт У.Хүрэлсүхийн улс төрийн замналын төгсгөл болсонгүй. Харин ч удалгүй тэрбээр Ерөнхий сайд болж эргэн ирсэн юм. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшин, 2017 оны сүүлээр Засгийн газрын тэргүүн болов.
Энэ үйл явдал бүхэлдээ түүний улс төрийн тактикийн онцлогийг харуулсан үе байв. Тэрбээр нэг албан тушаалаас огцорсон ч улс төрийн тавцнаас буудаггүй харин дараагийн улс төр, илүү өндөр эрх мэдэл, албан тушаалынх нь шат гишгүүр болж өгдөг.
2021 он: “Ёс суртахууны хариуцлага” хүлээгээд Ерөнхий сайдаас огцров.
2021 оны нэгдүгээр сар буюу ковидын үед төрөх эмнэлгээс таавчигтай гарсан нялх биетэй эхийн кэйс олон нийтийн хүчтэй эсэргүүцэл дагуулав. Удаж төдөлгүй тэрээр мөн л санаанд оромгүй алхам хийсэн нь ёс суртахууны хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдэн, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргав. Ингээд 2021 оны нэгдүгээр сарын 21-нд УИХ асуудлыг хэлэлцэн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан байдаг.
Гэвч дахин хэлэхэд энэ огцролт ч түүний улс төрийн замналын төгсгөл болоогүй юм. Тэрээр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан түүхтэй.
2021–2026 он: Тэрээр 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажиллаж байна.
Түүний өмнөх албан тушаалуудтай харьцуулахад Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь төрийн хамгийн өндөр түвшний, улс орны тогтвортой байдалтай шууд холбоотой хариуцлагатай алба. Гэвч тэрээр энэ удаад мөн л өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мэдэгдлээ. Энэ нь өмнө нь УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөж, огцорч байсан үйл явдлуудаас хавьгүй өндөр улс төрийн жинтэй шийдвэр гэж болно.
Учир нь Ерөнхийлөгчийн суудал бол Ц.Нямдоржийн хэлсэнчлэн бурханы сэнтий. Энэ сэнтийд нэгэнт заларсан хүн эргэж улс төртэй зууралдаж болохгүй. Харин Ц.Хүрэлсүхийн тухайд бөөлжсөн бөөлжис дээрээ эргэж бүжиг эргэх эсэхийг цаг хугацаа харуулна. Угтаа төрийн тэргүүнээс цааш гишгэх газар, өндөр албан тушаал байхгүй ч үргэлж стандарт бус шийдвэр гаргадаг, тэгэх бүрдээ эргэж илүү өндөр албан тушаалтайгаар come back хийдэг зуршлаараа намын дарга, Ерөнхий сайд эсвэл УИХ-ын даргын дүрээр эргэж ирж мэднэ. Учир нь тэр бол У.Хүрэлсүх! Товчхондоо У.Хүрэлсүх цаашид улс төрийн ямар байр суурь эзлэх нь асуултын тэмдэг, сэтгэлийн зовнил, ерөөс Монголын улс төр ирэх өдрүүдэд хэрхэн өрнөж, бужигнах шалтаг, шалтгаан байх нь ээ.
Гэвч төрийн өндөр алба гэдэг хувийн асуудлаа шийдэх бүрдээ, хувь хүнийх нь эрх ашиг хөндөгдөх тоолонд тайлж хаяад сайжруулан сольж өмсдөг таавчиг биш!
Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн алба бол хувь хүний улс төрийн карьерын дараагийн шат руу шилжих түр зогсоол ч биш улсын өмнө хүлээсэн өндөр үүрэг хариуцлага гэдгийг эрхэм Ерөнхийлөгч маань эрхбиш тунгаан бодно биз ээ.
М.Саян
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.