Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Урианхай, тува түмний соёлын өвийн өдрүүдийн хүндэт зочдын нэг, нэрт түүхч, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Тогоочийн Лхагва гуай. Харьцангуй бага судлагдсан гэж болохуйц урианхай нарын угсаа гарал, түүх соёлыг нэгтгэж, багцалсан “Урианхай түмний түүх соёл” номын нэг зохиогч эрхэм түүхчийн яриа магад хамгийн сонирхолтой нь байх болов уу.
Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд өргөн дэлгэр, сайхан болж байна. Таны бичсэн ”Урианхай түмний түүх соёл” ном энэ наадмын үеэр олны хүртээл болж байна. Энэ утгаараа мөн түүхч хүнийхээ хувьд та наадмыг арай өөр нүдээр харж байгаа байх. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш сайхан наадам болж байна шүү дээ. Бага хаадын үед таван зүгт тарж бутарсанаасаа хойш урианхайчууд бараг анх удаагаа нэгдэж, цугларч байгаа болов уу. Энэ наадамд есөн янзын урианхай нар оролцож байна. Зонхилох нь Алтайн урианхай нар. Алтайн урианхайчуудын тухайд энд суурьшаад 600 орчим жил болж байгаа, ихэнхдээ ойрад болчихсон, бүр Ойрадын бүрэлдэхүүнд оролцож явсан улсууд. Дараагийн том төлөөлөл бол халх-урианхайчууд. Нэрлэхэд, Ховдын Цэцэг сум тэр чигээрээ, Мөстийн Цэцэг гол баг, ГовьАлтайн Тонхил, Цээл, Төгрөг, Бугат, Тамчи, Алтай, Алтансоёмбо, хойшлоод Шарга, нийт долоо, найман суманд халх урианхайчууд аж төрж байна. Дээрээс нь сарт урианхай гэж байна. Харчин урианхай гэж Дундговьд байна. Сэлэнгэд баахан урианхай нарын төлөөлөл байна. Түүнчлэн ариг урианхай нар гэж байна. Өвөг Монгол утга, шинжээ хадгалж ирсэн ариг урианхайчууд Хөвсгөлийн хоёр суманд аж төрж байна. Өөрөөр хэлбэл Алунгоо хатны төрсөн тэр нутаг буюу Хорилдай мэргэний Хорь буриадын нутаг шүү дээ. Эд Бурхан Халдунд амьдарч байгаад тэндээсээ Эргүнэ гүн очоод буцаж ирж Их Монгол Улсыг байгуулалцахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн улс. Агуу их Чингис хаантай төрлийн хувьд, нөхөрлөлийн хувьд хамтарч, хавсарч Их Монгол Улсыг байгуулахад голлох үүрэг гүйцэтгэж явсан бахадмаар сайхан түүхтэй улсууд.
Урианхай нарын бас нэг том төлөөлөл нь Хэнтийд байна. Бурхан Халдуны эзэн Шинчи урианхайн үр удам гэсэн үг. Гадаадад аж төрж байгаа олон урианхай нар байна. “Урианхай түмний түүх соёл” номонд эд бүгдийг дурдсан. Ер нь ингэж урианхай нарын түүхийг нэгтгэж, зангидаж бичсэн ном өөр байхгүй шүү.
-Урианхай нар гэхээр бид үнэндээ Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгийн зарим сумдад амьдарч байгаа Алтайн урианхайчуудаар хязгаарлаж боддог. Өөрөөр хэлбэл хэзээ ч Ховдын Цэцэгийнхэн эсвэл Говь-Алтайд урианхай нар амьдардаг гэж бодож байгаагүй гэх үү дээ. Товчхондоо урианхай угсаатны угсаа гарал, Монгол Улсын түүхэнд оруулсан хувь нэмэр нь юу болох талаар яриач?
-Маш товчоор хариулья. Урианхайчууд бол халхууд. Батмөнх даян хаан 15 дугаар зууны сүүлээр монголчуудыг халх хэмээн нэрийдэж, Халхын хаант улсыг байгуулахад зонхилох угсаатнууд нь хиад боржигон, урианхай, бэсүд, жалайр дөрөв байсан. Одоогийнхоор удирдах зөвлөл нь юм уу даа. Энэ үед урианхай нар Зүүн гурван түмний нэг хэсэг байснаа тэдэнтэйгээ жаахан толхилцож эхэлсэн. Өөрөөр хэлбэл халх монголчууд хэмээн өөрсдийгөө нэрийдсэн монголчууд буюу дээрх дөрвөн угсаатан дотроо зонхилох хүч болохын төлөө тэмцэлдэж эхэлсэн. Бүр дайн хийсэн. Нийт 30 гаруй жилийн хугацаанд дайтсан байдаг юм. Сүүлдээ урианхай нар ялагдсан. Ялагдлын шалтгаан нь Баруун гурван түмэн нь Зүүн гурван түмэн, Ойрадуудтай нийлж урианхайчуудын эсрэг дайтаж тэднийг дарж авсан. Алтан товч сударт Зорголын зоон дээр гэж гардаг даа, тэр нь одоогийн Төв аймгийн нутаг Зоргол хайрханд урианхайчууд нутаглаж байсан бөгөөд тэнд ялагдсаныг түүхэнд ингэж тэмдэглэсэн хэрэг. Ингээд 1515 онд Батмөнх даян хаан түмэн гэдэг статусыг нь бүрэн устгаад тав таслаад хөөчихсөн юм.
-Тар нь нийлж, тараг нь бүрэлддэггүй таван урианхай гэдэг нь ийм учиртай байжээ?
-Тийм. Одоо ажиглаж байх нь үндэс угсаагаа эрж сурвалжилсан хүмүүс их байх юм. Өөрөө ч халх урианхай нарын тухай асууна лээ. Батмөнх даян хааны бага хүү Гэрсэнзийг өөд болсны дараа их хатан нь долоон хүүдээ газар нутгийг хувааж өгсөнөөс Халхын долоон хошуу гэгч үүссэн. Гэрсэнзийн бага хүү урианхай хатнаас төрсөн Саму Буймад ээжийнх нь урианхай хошууг өгсөнөөр Засагт хан аймаг бүрэлдсэн. Хоёр урианхай гэдэг ойлголт энэ үед бий болсон. Өөрөөр хэлбэл Засагт хан аймгийн Дайчин вангийн хошуу, Дархан бээлийн хошуу урианхай нараас бүрэлдэж байсан. Дайчин вангийн хошууныхан нь Говь-Алтай аймагт аж төрж байгаа көрлөг урианхай, хар урианхай, цагаан урианхай гээд баахан урианхай нар. Дархан бээлийн хошуу гэдэг нь Ховдын Цэцэг шүү дээ. Сүүлд 1920-иод онд засаг захиргаа, газар нутаг шинэчлэгдэхэд нэр ус нь өөрчлөгдсөн. Зөвхөн Цэцэгт гэхэд миний мэдэхээр 40-өөд овог байдгаас зонхилох нь урианхай овгууд байдаг. Цаг хугацааны явцад нэгдэж нийлэх үйл явцын үр дүнд хүүхэд залуучууд нь халхаараа овоглоод явчихсан. Ховдын Чандмань сумынхан гэхэд ихэнх нь сартуулууд атлаа залуучууд нь би халх гэлцдэгтэй ижил юм.
ДӨРВӨН ГОЛД ЗОНХИЛОХ ХИАД БОРЖИГОН, БЭСҮД, ЖАЛАЙР, УРИАНХАЙ НАР ДӨРВҮҮЛЭЭ АЛТАН УДАМ ГЭЖ НЭРЛЭГДЭНЭ. БАТМӨНХ ДАЯН ХААН ГЭХЭД ЖАЛАЙР ХҮН ШҮҮ ДЭЭ. ХАЛХЫГ БҮРДҮҮЛСЭН ДӨРВӨН ТОМ УГСААТАН НЬ ДЭЭРХ ДӨРӨВ ГЭДЭГ НЬ ИЙМ УЧИРТАЙ.
-Урианхайчуудыг Чингис хааны нагацын удмын тал байсан гэлцдэг. Энэ нь хэр үнэний ортой бол?
-Хорь түмэдийн Хорилдай мэргэн урианхай хүн. Алунгоогийн эцэг шүү дээ. Тэд хаана нутаглаж байсан бэ гэвэл Аригийн гол буюу одоогийнхоор Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд нутаглаж байжээ. Ариг урианхайчууд гэдэг нь эндээс үүсэлтэй. Өрлөг эх Алунгоо урианхай. Таван хүүхдийнх нь тав дахь нь шар зүстэй, ногоон нүдтэй гараад ирсэн. Нөгөөдүүл нь хар үстэй, хар нүдтэй байдаг. Үүнийг Алунгоо эх тайлбарлахдаа “Тэнгэрийн хүү ийм байдаг” гэсэн. “Малига баядын хүүхдүүд хар нүдтэй, хар үстэй байх ёстой. /Малига баяд нь гэрийнх нь зарц шүү дээ/. Харин тэнгэрийн хүүхэд ногоон нүдтэй, шар зүстэй байдаг” гэсэн. “Тэгээд яаж тэнгэрийн хүүхэд танаас төрөв?” гэж хүүхдүүд нь асуусан. “Үүр шөнийн завсраар өрхөөр шар гэрэл орж ирээд гэдэс хэвлий илж байгаад хүүхэд бүрэлдсэн. Тэнгэрийн хүү мөн, бишийг хаан болсных нь дараа мэдээрэй” гэсэн.
-Тэр хүү нь хэн юм?
-Бодончар. Бодончар гэдэг чинь бутанцар гэсэн үг. Бутач хүүхэд гэсэн үг. Хэл зүйн авиа үсэг шилжих дүрмээр олон жилийн дараа Бодончар болж хувирсан. Алтан удам буюу хиад боржигон Бодончараас эхэлнэ. Арваннэг дэх үед нь Чингис хаан төрсөн. Бодончарын анхны эхнэр нь хэн гээч? Урианхайжин гээд Бурхан Халдунд нутаглаж байсан урианхай овгийн тэргүүн эмэгтэй. Хээлтэй ирсэн. Тэгээд нэг хүүхэд төрсөн. Хээлтэй эмээс төрсөн тэр хүүхдийг өөр овог болгож явуулсан нь Жадран овог. Жамухын овог ингэж үүссэн. Түүнээс хойш төрсөн хүүхдүүд хиад боржигон овгийг үүсгэсэн. Тэгэхээр нагацын тал, ах дүү, төрөл садан нь ойлгомжтой байгаа биз дээ.
-Энэ түүх яагаад судлагдаж, яригддаггүй юм бол. Харьцангуй бага судлагдсан гэж үзэж болох уу?
-Хиад боржигод бол алтан удам гэдэг. Үнэндээ алтан удам, яг хиад боржигод төр барина гэсэн юм байхгүй. Яахав, феодалын үеийн соёл, угсаа залгамжлах ёсоор алтан удам гэдэг ойлголт бий болсон хэрэг. Дөрвөн голд зонхилох хиад боржигон, бэсүд, жалайр, урианхай нар дөрвүүлээ алтан удам гэж нэрлэгдэнэ. Батмөнх даян хаан гэхэд жалайр хүн шүү дээ. Халхыг бүрдүүлсэн дөрвөн том угсаатан нь дээрх дөрөв гэдэг нь ийм учиртай. Цашилбал, Монголчуудыг өвөг монгол, язгуурын монгол, орчин үеийн монгол гэж гурав хувааж үзэж болно. Өвөг монгол нь манай тооллын өмнөх үеэс Алунгоо, Бодончар хүртэлх үеийг хэлдэг. Бодончараас өмнө болон хойших үе гээд бүхий л үеүдэд урианхай нар бусад гайгүйшиг угсаатнуудын нэгэн адил, зарим тохиолдолд түүнээс ч илүү өөрсдийгөө авч явсан, оршин тогтнож чадсан угсаатан. Оршино гэдэг маш том ойлголт шүү. Асар их чадвар хэрэгтэй. Дэлхий дээр хэдэн мянган угсаатан, үндэстэн устсан. Гэтэл урианхай нар байж л байна. Байх байхдаа өөрсдийн чадвараа хадгалсаар, бэхжүүлсээр явж ирсэн нь бахархаж тэмдэглэмээр зүйл юм шүү. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд урианхай нар өвөг монголчууд юм. Манай тооллоос өмнө ч байж л байсан гэсэн үг.
Эртний сурвалжуудад тэр тусмаа Хятадын сурвалжууд, тухайлбал Хятадын их түүхч Шима Шианы Манай тооллоос 300 жилийн өмнө бичсэн “Хүннүгийн шастир” гэдэг номонд шар урианхайчуудын тухай гардаг юм. Эд бол их адтай, авьяастай, ертөнцийн бүх хүнээс илүү эрүүл, зальтай улс. Дайн тулаанд дандаа цэргийн дарга нар нь байдаг. Тэд ялагдмаар болохоороо буцаад давхиад явчихдаг. Тэгснээ хаа нэгэн газраас дахиж гарч ирээд байлддаг. Тэнгэрийн зад, агаар, усны хүчийг ашиглах хийгээд цэргийн маневарууд хэрэглэдэг гэх мэтээр Чингис хааны үед хэрэгжиж байсан цэргийн стратегиудыг тэр үед хэрэглэж байсан тухай бичсэн байдаг юм. Хүннүгийн гол мөхлөг болж байсан эдгээр иргэд тэр чигээрээ урианхай нар бөгөөд дараа нь Умард Хүннүчүүд буюу Сяньбичүүдэд бут цохигдсон байдаг юм. Дараа дараагийн Тоба, Хүннү зэрэг гүрэн улсуудын зонхилох угсаатнууд нь эд байсан. Тэр эрт үеэс өнөөг хүртэл оршин тогтнож ирсэн угсаатан гэсэн үг. Өвөг монгол гэдэг нь ийм учиртай.
-Энд бас нэг онцолмоор зүйл байгаа юм. Хувь хүний хувьд байлдаанч, цэрэг дайнч ур чадвартайгаас төрд, зорьсон хэрэгтээ маш үнэнч хүмүүс. Бүр хэлбэрэлтгүй үнэнч. Ёс зүйтэй. Хэзээ ч юунаас ч буцдаггүй, ухардаггүй, айдаггүй.
-Монголын их хаадууд, тухайлбал, агуу их Чингис Богд, Өгөдэй, Мөнх хаан, Хубилай нар тэр олон угсаатан дундаас зөвхөн урианхай нарт итгэж их их цэргээ удирдуулж байсан түүхтэй. Тэд хэзээ ч итгэл алдаж үзээгүйг “Монгол нууц товчоо”-нд хүртэл маш тодорхой өгүүлсэн байдаг. Нэг ийм сайхан чанарууд нь үеийн үед Монгол түмэнд их тус болж, тусгаар тогтнол, бие даасан байдал, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чухал хэрэг болж явжээ. Өвөг Монгол, язгуурын Монгол, орчин үеийн Монгол гээд түүхийн бүхий л цаг үед дангаараа үргэлжлэн оршиж, монгол төрийн гол ноён нуруу, ялангуяа цэрэг армийн гол хүч болж, стратегийг тодорхойлж, удирдаж ирсэн энэ шинж чанар нь өнөөдөр ч гэсэн хадгалагдсаар байгаа нь энэ наадмын явцад их тодорхой харагдаж байна. Дээрээс нь соёлын асар их, магадгүй нэлээн эртний шинж чанартай уламжлалуудыг хадгалж ирсэн ард түмэн. Тухайлбал, тууль байна. Эдний магтаал, туульс дэлхийн өөр хаана ч бараг байхгүй шүү. Тэр байтугай, Персийн их түүхч Рашид Ад Диний 1360-аад онд бичсэн “Судрын чуулган”-д урианхайчуудыг илбэ шидтэй улсууд гэсэн байдаг. Эд нар бөө мөргөлтэй байсан. Нэлээд тохиолдолд зад бий болгож байгалийн хүчин зүйлүүдийг дайн тулаан болон бусад зүйлдээ ашиглаж ирсэн гэж дурдсан байдаг.
-Өнөөдрийн наадмын нэр “Урианхай, тува түмний өв соёлын өдрүүд”. Урианхай, Тува нар ямар холбоо сүлбээтэй юм бол?
-Алтайн урианхайн долоон хошууны гурав нь тува урианхай нар байсан. Хэлний хувьд түрэгжсэн шинжүүд бий ч гэлээ судлаад үзэхэд өвөг шинж маш илэрхий байдаг. Жишээлбэл, “Монголын нууц товчоо”-нд гардаг үг хэллэг, яриа хөөрөө, зан үйлийн шинжтэй зарим зүйлс тува нарт нэлээд ажиглагддаг. Тухайлбал, Добу мэргэн өөрөө урианхай хүн. Ээж нь урианхай хүн. Тэрээр анд явж байгаад нэг буга агнасан. Энэ үед Жарчиудай өвгөн тааралдаж, Добу мэргэнээс шарлаг өг гэж байгаа юм. Шарлаг гэдэг нь ангийн хишиг гэсэн үг. Өнөөдөр энэ ёс уламжлал, хэллэг тэр чигтээ тува нарт байх жишээтэй. Зүлд, зад гэх мэт үг хэллэг, зан заншил, Чингисийн үед хэрэглэж байсан нуман тамга гэх мэтийг тува, урианхай нар хэрэглэсээр байна. Эндээс би дүгнэхдээ монголжсон хэсэг бүлэг тува нар урианхай нэр аваад, урианхайтайгаа нийлээд явчихсан юм болов уу гэж ойлгож, бодож явдаг юм.
-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны оюуны үйл хэрэг өрнүүн байг.
Ярилцсан М.Уранчимэг
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS