Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?

 Ах намынхан нүүрэн дээр гар барилцаж эвлэрсэн мэт харагдах авч дотроо хагаралдсан хэвээр хаврын халуун улс төр үргэлжилж байна. Хотын дарга Х.Нямбаатарыг есөн сарын турш ноолсон Ерөнхийлөгчийн талынхан түүнийг өчигдөр /2026.05.16/ махны үнээр шалтаглан суудлаас нь буулгаж орхив. Х.Нямбаатарын тухайд Л.Оюун-Эрдэнийн вант улсын сүүлчийн Могикан төдийгүй түүний гарт хот гэж их айлаас гадна нийслэлийн МАН-ын хороо бий.

Нийслэлийн МАН-ын хороо гэдэг нь ах намын тал нь гэсэн үг. Тиймээс Х.Нямбаатарыг түлхэн унагах нь нөгөө талынхны хувьд сүүлчийн том тулаан. Нөгөө тал гэдэг нь нэгдүгээр хүний фракц. Ингээд тэдний хүсэл биелэлээ олов уу гэж харж болохоор. Төлөвлөгөө ёсоор бол Х.Нямбаатарыг өнгөрөгч хоёрдугаар сард авч хаях байв. Гэвч дийлээгүй. Эцэст нь наадмын өмнө удлаа гэхэд наадмын дараа авч хаяна гэж байсан боловч өчигдөр махны хэргээр буулгаж авав.

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.05.16/ бүтэн өдрийн турш “Хүчит шонхор” зах дээр махны үнэ болон нөөцийн махны борлуулалтын нөхцөл байдалтай танилцаж ажилласан юм. Энэ үеэр “5000 тн нөөцийн махны 2500 тн мах худалдаанд гараагүй, олдохгүй байна. Түүгээр зогсохгүй нэг иргэн 212 сая төгрөгөөр нөөцийн мах худалдаж авсан зэрэг асуудлыг хөндөж хуулийн байгууллагаар шалгуулна” гэдгээ илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Тиймээс өнөөдрөөс дараагийн Хотын даргын марафон эхэлнэ. Хотын даргын сэнтийг зүүдэлж яваа нэг хүн бол Барилга хот, байгуулалт, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан. Тэр бол сүүлийн таван сар Х.Нямбаатартай рингэн дээр ил гарч үзэлцэж байгаа нөгөө талын “тавиул”. Бие бие рүүгээ чиглэсэн тэдний жагсаалууд өнөөдөр ч дуусаагүй байгаа. Тиймээс дараагийн хотын даргад Э.Бат-Амгалан нэр дэвших өндөр магадлалтай юм. Ямартай ч хуулийн хүрээнд 15 хоногийн дотор дараагийн хүнийг Хотын даргад нэр дэвшүүлэх учиртай.

М.Үүрийнтуяа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.