УИХ-ын гишүүн М.Сарнай: Эндсэн үрийг минь “тоолж” суусан төрийн хууль

УИХ-ын гишүүн М.Сарнай: Эндсэн үрийг минь “тоолж” суусан төрийн хууль

Нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд энэ сарын 25-наас  эхлэн “Эхийн алдар” I, II зэргийн одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 12,306 ээж “Алдарт эх”-ийн одон авч байгаа билээ. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Сарнай өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.  Тэрбээр “Тэртээ 2009 онд би хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж, энгэртээ наан энхрийлэн өсгөж байлаа. Гэвч “Ээжээ” гэж дуудаж амжаагүй энхрий үрээр минь Бурхан дутаж, 1 нас ч хүрээгүй байхад нь тэнгэрт авч одсон юм. Тэр өдрөөс хойш амьдралдаа ойлгосон нэг үнэн нь Эндсэн үрийн зовлонгоос бусдыг нь Эх хүн даагаад гарч чаддаг юм байна.

Сэтгэлийн шарх эдгэшгүй явсаар 2015 оны 5 дугаар сарын 29-нд дөрөв дэх хүүхдээ төрүүлж байлаа. Гэвч эндсэн үрийг минь “тоолж” суусан төрийн хууль мань тэр өдөр намайг “Эхийн одон”-оос хассан юм.

Харин 2022 онд тав дахь үрээ өлгийдөн авч, 2023 оны 5 дугаар сарын 29 ны энэ өдөр энгэрээ “Эхийн одон”-гоор мялаасан тэр мөчид, энэ шагнал төрөөс бус, үрээс минь ээждээ илгээсэн хайр байсан юм болов уу гэж олонтаа бодогдож байснаа нуухгүй ээ…

Тиймээс 5 дугаар сарын 29-ний энэ өдөр миний хувьд онцгой өдөр. Учир нь эндсэн үрээ, өсгөсөн үртэйгээ хамт тоолуулж Гуниг, бахархал, дурсамж, хайр бүхнийг зэрэг тээж Ээж хүний сэтгэлийн үнэ цэнийг үгээр хэлж чадалгүй Энгэрээ цоолуулсан тийм л өдөр…

“Эхийн одон” гэдэг нь ээжүүд бидний амьдралыг хэмжиж үнэлэх шагнал биш ч, үр хүүхдүүд хань ижлээрээ бахархуулж, эх хүн гэдэг эрхэм хувь тавилангаа нэг өдөр ч болов сэтгэл дүүрэн мэдрэх үнэ цэнэ, утга учиртай шагнал юм шүүдээ.

Тиймээс Энэ бүхнийг өөрийн биеэр туулсан эх хүний хувьд, мөн тэднийг төлөөлж буй УИХ-ын гишүүний хувьд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 3.1.1-д заасан “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх” гэсэн заалтыг өөрчилж байгааг чин сэтгэлээсээ дэмжиж батлалцлаа. Учир нь эх хүний хайр, эндсэн үрийн шархыг ганц өгүүлбэрээр хэмжиж болдоггүй юм.

Монголынхоо бүх ээжүүд, үр хүүхдүүддээ хайртай шүү Сарнай

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.