Ч.Номин: E-Business 2.0 хувилбар нэвтэрснээр хоёр цагийн дотор шинэ бизнесээ цахимаар нээх боломжтой болно

Ч.Номин: E-Business 2.0 хувилбар нэвтэрснээр  хоёр цагийн дотор шинэ бизнесээ  цахимаар нээх боломжтой болно

Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй Чөлөөлье санаачилгын хүрээнд бизнес шинээр эхлүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл авах зэргийг хялбаршуулж, e-Business 2.0 хувилбарыг зургаадугаар сарын 12-нд нээхээр болсныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр e-Business 2.0 нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгжүүдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн систем болж өргөжиж байна. Уг шинэчилсэн хувилбар нэвтэрснээр бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэхээс хаах хүртэл бүх процессоо цахимаар явуулах боломжтой болно. Цаашлаад хоёр цагийн дотор шинэ бизнесээ цахимаар нээх боломж үүсэж байна. Шинэчилсэн хувилбар зургаадугаар сарын 12-нд албан ёсоор нээгдэнэ.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулан 15 төрлийн гэрээний загварыг албан ёсоор нээлттэй болгоно. Үүнийг хувийн хэвшлийнхэн, жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хоорондоо ашиглан цахимаар гэрээ байгуулах боломжтой болно.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын өгсөн мэдээллээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)-ийг 2023 онд нэвтрүүлжээ. Одоогоор уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авсан байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.