3000 иргэнийг хууль бус санал хураалтад оролцуулсан Сүхбаатар дүүргийн АН-ын дотоод сонгууль хүчингүй боллоо
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр Ардчилсан намын дотоод сонгууль улс орон даяар болж өнгөрсөн билээ. Уг сонгуулиар Сүхбаатар дүүрэгт ноцтой хууль бус зөрчлүүд гарч, цаашлаад энэ сонгуулиас болж ардчиллын алтан хараацайнуудын нэг Дашжамцын Баттулга нас барсан харамсалтай үйл явдал болсон билээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийн үеэр AN.mn сайтад иргэдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр намд гишүүнээр элсүүлсэн, төрийн албан хаагчдыг намын гишүүнээр бүртгэн санал өгүүлсэн, зохион байгуулалтайгаар нэг данснаас олон гишүүний татвар төлсөн, хаягийн бүртгэлгүй, харьяалалгүй нийт 3000 гаруй иргэдийг дотоод сонгуулийн санал хураалтад оролцуулсан гэх мэт бусад ноцтой зөрчлүүд гарсантай холбогдуулан намын дүрмийн олон зүйл заалтыг зөрчиж шударга бус болсонтой холбогдуулан Сүхбаатарын дүүргийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд гомдол гаргасан юм.

Харин Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 29-нд болж гомдлыг хянан үзсэний эцэст Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг гаргаж дотоод сонгуулийг дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулахыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгасан байна.
Ийнхүү Ардчилсан намын генсек С.Баярцогт, хэрэгжилтэд хяналт тавих Хяналтын Ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж нарт цаашид Ардчилсан намд шударга ёс тогтоох эсэх, Ардчилсан нам дүрэм журмын хүрээнд дотоод сонгуулиа явуулдаг байх эсэх, Ардчилсан нам жирийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шударга зарчмаар ажиллах эсэхийг шийдэх чухал шийдвэр гаргах хариуцлагатай мөч ирээд байна. АН-ын шинэхэн генсекийг хэр сайн нүүдэл хийж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хэрхэн зохион байгуулж ажиллахыг харах үлдээд байна.
Дашрамд дурьдахад Сүхбаатар дүүрэг бол Ардчилсан намын түшиц дүүрэг бөгөөд орон нутгийн 2012, 2016, 2020, 2024 оны дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан цэнхэр дүүрэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.