АН-ын дотоод сонгуулиар Сүхбаатар дүүрэгт 6000 царцаа “ниссэн”-ий улмаас С.Баярцогт Хяналтын Ерөнхий Хорооныхоо санал болгосноор дахин сонгууль хийнэ
Цаг төр яаж ч үймсэн мөнхийн цэнхэр туг намируулж МАН-ын ямар ч хаан, хатан очсон салам ялж буцаадаг цэнхэр дүүрэг бол Сүхбаатар дүүрэг. Улаанбаатарын төвийн дүүрэг, унаган сэхээтнүүд голцуу аж төрдөг учраас асар либерал сонголттой гэж магтаж ч болно. Харамсалтай нь одоо ч АН засагласаар байгаа цэв цэнхэр тус дүүргийн дотоод сонгууль УИХ-ын сонгуулиас дуулиантай бас будлиантай болж эцэст нь намын Хяналтын Ерөнхий Хорооны шийдвэрээр генсек С.Баярцогт Сүхбаатар дүүрэгт дотоод сонгуулиийг нахин хийх дээрээ тулаад байна.
Тодруулбал, 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр АН-ын дотоод сонгууль улс орон даяар болж өнгөрсөн билээ. Тус дотоод сонгууль зарим дүүрэгт тухайлбал Сүхбаатар дүүрэгт нэлээн хэл ам таталсан, царцааны нүүдэлд идэгдсэн, энгийн нэгэн гишүүдээс эхлээд ах дүү амраг садангууд муудалцаж шүүх цагдаа дээрээ тулж гэмт хэргийн шинжтэй болж цаашилбал энэ сонгуулиас болж ардчиллын алтан хараацайнуудын нэг Дашжамцын Баттулга нас барсан харамсалтай үйл явдал болсон билээ.
Болсон хэрэг явдал гэвэл Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийн үеэр AN.mn сайтад иргэдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр намд гишүүнээр элсүүлсэн, төрийн албан хаагчдыг намын гишүүнээр бүртгэн санал өгүүлсэн, зохион байгуулалтайгаар нэг данснаас олон гишүүний татвар төлсөн, хаягийн бүртгэлгүй, харьяалалгүй нийт 3000 гаруй иргэдийг дотоод сонгуулийн санал хураалтад оролцуулсан гэх мэт бусад ноцтой зөрчлүүд гарсантай холбогдуулан намын дүрмийн олон зүйл заалтыг зөрчиж шударга бус болсонтой холбогдуулан Сүхбаатарын дүүргийн АН-ын гишүүд Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд гомдол гаргасан байдаг.
Харин АН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 29-нд болж гомдлыг хянан үзсний эцэст Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг гаргаж дотоод сонгуулийг дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгасан байна.
Ийнхүү Ардчилсан намын генсек С.Баярцогт, хэрэгжилтэд хяналт тавих Хяналтын Ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж нарт цаашид АН-д шударга ёс тогтоох эсэх, АН дүрэм журмын хүрээнд дотоод сонгуулиа явуулдаг байх эсэх, АН жирийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шударга зарчмаар ажиллах эсэхийг шийдэх чухал шийдвэр гаргах хариуцлагатай мөч ирээд байна.
АН-ын шинэхэн генсекийг хэр сайн нүүдэл хийж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хэрхэн зохион байгуулж ажиллахыг харах үлдээд байна.
Дашрамд дурьдахад Сүхбаатар дүүрэг бол Ардчилсан намын түшиц дүүрэг бөгөөд орон нутгийн 2012, 2016, 2020, 2024 оны дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан цэнхэр дүүрэг. Ардын намаас бурхан очсон ч өгзгөн дээр нь бүлээн жин тавиад буцаачихдаг либерал, сэхээтэн дүүрэг. Тийм ч учраас энэ удаагийн дотоод сонгуульд ах намынхны нөлөө их байсан болов уу гэж хардаж болохоор байгаа юм. МАН хүнээр ч баян, царцаагаар бүр баян нам бөгөөд сүүлийн үед улс төрийн жижиг намуудаар зогсохгүй АН-ын дотоод үйл ажиллагаанд нөлөөлж, үймүүлэх болсон нь нууц биш билээ. Түүний нэг эффект нь ийн Сүхбаатар дүүргийн АН-ын дотоод сонгуулийн үеэр 6 мянган царцаа “нисэж” будлиантуулсан байж болох талтай.
2012 оноос хойш тасралтгүй дөрвөн удаа УИХ-ын сонгуульд цэнхэртсэн Сүхбаатар дүүргийн АН-ын хороо энэ удаад цэвэрхэн дотоод сонгуульдаж чадах нь уу. С.Баярцогт царцаа нараас нэг дүүргийн дотоод сонгуулиа аварч чадах уу гэхчлэн олон таавар хөвөрч байна. Цаагуураа С.Баярцогтын нөлөөллөө бататгах стратегийн ач холбогдол бүхий сонгууль болох нь. Ардчилсан намынханд бяр амтагдаад аархаж байгаа энэ өдрүүдэд бас нэг үзээтэй сонгууль айсуй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.