Хоёр өдөр үргэлжилсэн нийслэлийн төсвийн сонсголын ҮР ДҮН ЮУ БАЙВ
Улаанбаатар хотын 2024–2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг хянан хэлэлцэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд хоёр өдөр зохион байгуулагдлаа. Тус сонсголоор нийслэл хотын төсвийн хэт тэлэлт, 3.4 их наяд төгрөгийн алдагдал болон хэрэгжилт нь удаашралтай байгаа мега төслүүдийн санхүүжилтийг тал бүрээс нь нээлттэй хэлэлцсэн юм. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж, бэлтгэл ажлыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахлан ажиллажээ.
Нийслэлийн төсвийн зарлага сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд 2016-2018 онд тогтмол 1.1 их наяд төгрөг байсан зардал 2026 онд 7.8 их наяд төгрөгт хүрч тэлсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэл хот нийт 15.7 их наяд төгрөгийн зардал гаргаж, 12.3 их наяд төгрөгийн орлого олсноор нийт алдагдал нь 3.4 их наяд төгрөгт хүрчээ. Сангийн сайд З.Мэндсайханы тэмдэглэснээр, зөвхөн 2026 оны төлөвлөгөөт алдагдал болох 2.4 их наяд төгрөг нь улсын нэгдсэн төсвийн нийт алдагдлаас давсан үзүүлэлт болсон байна. Түүнчлэн нийслэлийн төсвийн орлогын 70 гаруй хувийг хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.
Төсвийн үр ашиггүй байдлыг илтгэх өөр нэгэн үзүүлэлт нь нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 28.9 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 мега төслийн хэрэгжилт юм. Эдгээр төслүүдийн дийлэнх нь 2025–2027 онд хэрэгжих хугацаатай боловч өнөөдрийн байдлаар нийт төсөвт өртгийнхөө дөнгөж 5 хувийг л зарцуулаад байна. Тухайлбал, нийт төсвийн 30 хувийг эзэлж буй метроны төсөл болон бусад томоохон бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл хангалтгүй байгааг сонсголын үеэр танилцуулсан тайланд дурджээ. Дүүжин тээврийн төслийн гүйцэтгэл 26 хувь, Туулын хурдны зам болон Баянхошуу дэд төвийн санхүүжилтийн зарцуулалт 22 хувьтай байгаа нь төлөвлөгөөт хугацаанаасаа ихээхэн хоцорч байгааг харуулж байна.
Сонсголыг үеэр ил болсон хамгийн анхаар татахуйц асуудлуудын нэг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгчдийн ашиг сонирхлын зөрчил байв. Нийт 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд (ТУЗ) ажиллаж, нийт 104 суудал эзэлж байгааг шинжээчид тогтоожээ.
Үүнээс 19 төлөөлөгчид ТУЗ-ийн нийт суудлын 62.5 хувь буюу 65 суудал төвлөрсөн байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үүнийг төлөөлөгчид өөрсдийн ажилладаг компанидаа төсөв баталж өгдөг авлигын тогтолцоо хэмээн шүүмжилж, хотын захиргаанд хяналт тавих үүрэгтэй хүмүүс хараат бус байдлаа алдсаныг тэмдэглэв.
Төсвийн зарцуулалт болон мега төслүүдтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас шалгалт оруулж, Авлигатай тэмцэх газраас 8 хүнийг яллагдагчаар татан, 3 хүнийг цагдан хориод байна. Мөн холбогдох төсөл хөтөлбөрийн 30 дансны 2.6 их наяд төгрөгийг царцаажээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг "Туулын хурдны зам" болон "Нэгдүгээр тойрог зам" төслүүдээс гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн компаниар дамжуулан 6.6 тэрбум төгрөг угаасан хэрэгт буруутган шалгаж байна. Түүний хамт "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг цагдан хорьсон тул тэд энэхүү сонсголд биеэр оролцож чадаагүй юм.
Энэхүү ерөнхий хяналтын сонсгол нь нийслэл хотын санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хяналтгүй тэлэлтийг хязгаарлах шаардлагатайг харуулсан чухал алхам боллоо. Цаашид төсвийн үр ашиггүй зардлыг танах, НИТХ-ын төлөөлөгчдийн ашиг сонирхлын зөрчлийг арилгах чиглэлээр Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх хүлээлттэй байна.
Ажлын хэсгээс сонсголын дүн, шинжээчдийн дүгнэлт болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн тайлан, санал, дүгнэлт боловсруулан Төсвийн байнгын хороонд танилцуулах цаашлаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа сонсгол даргалагч энэ үеэр мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.