Гадны тоглогчийн гараар бичигдсэн тамхины хяналтын хууль ба О.Номинчимэгийн “хоржоонтой аргумент”
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын санаачилсан тамхины хяналтын тухай хууль олон маргааныг дагуулсаар УИХ-ын босго давлаа. Хууль тогтоох үйл ажиллагаа бол ардчиллын амьсгал. Атал Ардчилсан улс хуулиа гаднын тоглогчийн гараар бичээд эхэлбэл тусгаар тогтнол яриад ч хэрэггүй. УИХ-д өргөн баригдаад буй Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга ийм аюул тээжээ.
Учир нь, Дэлхийн эрүүл мэндийн салбарт томоохон нөлөө үзүүлдэг "Bloomberg Philanthropies" сангийн үйл ажиллагаа сүүлийн үед олон улсын шинжээчид болон иргэдийн анхаарлын төвд орж, багагүй шүүмжлэл дагуулах болсон. Тус сангийн тамхины хэрэглээг бууруулах нэрийн дор явуулж буй үйл ажиллагаа нь эсрэгээрээ уламжлалт янжуур тамхины хэрэглээг дэмжих эсвэл хэрэглэгчдийг уламжлалт тамхи руу буцаан оруулах нөхцөлийг бүрдүүлж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "Bloomberg Philanthropies" нь Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блумбергийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага бөгөөд дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа тамхины хэрэглээг хязгаарлах нэрийн дор ДЭМБ-д асар их хэмжээний санхүүжилт олгодог.
Майкл Блүүмбэрг энэ санхүүжилт, бодлогоо ядуу буурай орнуудад хэрэгжүүлдэг. Тэдний нэг нь Монгол улс. Ингэхдээ УИХ-ын О.Номинчимэг энэ санхүүжилтийг авч тамхины хяналтын хуулийг улайран зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.
О.Номинчимэгийн Тамхины хяналтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад татвараа 5-12 дахин өсгөх (2026–2030), татварыг никотины агууламжаар бус мл, кг, ширхгээр тогтоохын дээр жижиг худалдаа эрхлэгчдэд ноцтой дарамт учруулах зохицуулалт ч багтсан байгаа юм.
Bloomberg Philanthropies-ийн гол агуулга нь “Өндөр онцгой албан татвар, зурагт сануулга, тамхины хатуу хяналттай хууль, иргэний нийгмийн шахалт”. Иймээс О.Номинчимэг хүүхдүүд электрон тамхи ихээр хэрэглэж байна гэсэн гоё аргументээр иргэдийг төөрөгдүүлж байгаа юм. Харин зарим гишүүд энэхүү хууль батлагдвал тамхины хууль бус наймаа цэцэглэнэ гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ганбаатар “"УИХ гишүүн О.Номинчимэг нарын өргөн барьж буй “Тамхины хяналтын тухай” хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал “Сухой закон” шиг болно шүү. Учир нь уг хуулинд тамхи, тамхин бүтээгдэхүүнд ногдох онцгой татварын хувь хэмжээг хэд дахин огцом нэмэхээр тусгасан байна. Заалтын гол зорилго нь хүн амын, ялангуяа 21 нас хүрээгүй хүүхдүүдийг тамхидалтаас сэргийлэх эдийн засгийн хөшүүрэг гэдгээр тайлбарласан. Гэтэл энэ татварыг огцом нэмэх юм бол эдийн засгийн урвуу эффект үүсч тамхи, тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа цэцэглэх эрсдэл шууд үүснэ. Өөрөөр хэлбэл, онцгой татварыг огцом нэмэгдүүлснээр тогтсон хэрэглээг буулгаж чадахгүй. Нэгэнт үүсэн, тогтсон эрэлт хэрэгцээг өөр нэгэн зүйлээр орлуулан нөхдөг жамтай. Энэ тохиолдолд хямд үнэтэй, чанаргүй, илүү хортой, хуурамч бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж, гараас гарт дамжин борлуулах хяналтгүй худалдаа даамжирна. Үүний үр дүнд, тамхи тамхин бүтээгдэхүүний худалдаа хууль ёсны хяналтаас гарна, татварын орлого татарна. Хамгийн гол нь нөгөө санаа зовж байгаа тамхи хэрэглэгчид маань хууль бус худалдаанаас хямд үнэтэй гарал үүсэл нь тодорхойгүй тамхи худалдан авч хэрэглэснээс болж улам илүү хордоно. Ялангуяа өсвөр үеийнхэн маань” гэжээ.
Товчхондоо, Тамхитай, тамхичидтай тэмцэх тухай хатуу хорионы хууль батлах гээд байгаа гишүүд, тэр тусмаа санаачлагч гишүүнд гаднаас санхүүжилт авч, зах зээлийн оролцогчдын саналыг үл хүндэтгэн зөвхөн өөрсдийн хүсэлд нийцүүлэхээр хэтэрхий их зүтгэж, мэдээлэл сурталчилгаанд асар их мөнгийг зарцуулж байж болзошгүй байна.
Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлж, хууль баталдаг онцгой эрх мэдлийг хэрэгжүүлж буй гишүүд гадны сангийн санхүүжилтээр “захиалгат” хууль батлах хэмжээнд хүрсэн бол энэ улсын бие даасан бүрэн эрхт байдал юу болж хувирах вэ гэх асуудал хүртэл хөндөгдөж эхлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.