Модрич, Роналду нар өрсөлдөгчийн дүрээр "нүүр тулна"
Цагтаа хамт "Реал мадрид" клубт цалгиж, цалингаа буухаар наргицгааж явсан хоёр эрхэм өнөөдөр өрсөлдөгчийн дүрээр "нүүр тулна".
Тоглолт монголын цагаар маргааш өглөөний 07.00 цагт эхэлнэ. Шигшээ багийнхаа төлөө 200-аас олон тоглолтод оролцсон ховорхон амжилтын эзэд болох тэдний хувьд энэ удаагийн тулаан магадгүй олон улсын талбар дахь хамгийн сүүлчийн учрал байж болох юм.
Тэдний хамтын түүх зөвхөн шигшээ багтаа бус, Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубт ч тод томруун бичигдсэн байдаг. Тэд хамтдаа дэлхийн хөлбөмбөгийн ноён оргилд хүрч, Аваргуудын лигийн цомыг олон удаа өргөж байв. Модричийн дамжуулалт, Роналдугийн төгсгөл хоёр хөлбөмбөгийн тактикийн нэгэн гайхамшигт эрин үеийг бүтээсэн билээ.
Шигшээ багийнхаа төлөө 200-аас дээш тоглолт хийнэ гэдэг нь зөвхөн авьяас чадвараас гадна маш их тэвчээр, сахилга бат, хөлбөмбөгт зориулсан чин сэтгэлийг шаарддаг. Өдгөө хоёулаа 39 насыг зооглож байгаа ч талбайдаа гол дүрийн жүжигчин хэвээр байгаа нь гайхалтай.
Хорватын дасгалжуулагч Златко Далич тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Лука бол манай багийн зүрх тархи. Тэр Роналдугийн эсрэг тоглохдоо үргэлж урам зориг авдаг. Португал бол маш хүчтэй баг, гэхдээ бид өөрсдийн талбайдаа цувралыг зогсоохын тулд бүхнээ зориулах болно" хэмээн онцолжээ.
Нөгөө талаас Португалийн шигшээ баг Роналдугийн удирдлага дор улам залуужиж, эрч хүчтэй тоглолтыг үзүүлж байгаа. Тэд энэ удаагийн тоглолтод ч ялалт байгуулж, давамгайллаа баталгаажуулахыг зорьж байна. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хоёр тоглогчийн энэхүү тулаан спорт сонирхогчдын анхаарлын төвд байх нь гарцаагүй.
Эх сурвалж: theguardian.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.