Танилц: УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы долдугаар сарын 3-ны өдрийн хуралдааны товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шинэчлэн баталжээ. Өнөөдрийн хуралдаанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, асрах үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын олон улсын санхүүжилттэй холбоотой гурван хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэнэ.
Өглөө 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэх юм.
09:30 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Германы Сэргээн босголтын зээлийн банктай хэрэгжүүлэх "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх" төслийн III үе шат, Дэлхийн банкны "Эрчим хүч-4" төсөл, Австри Улстай байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
10:00 цагаас эхлэх чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн эрчим хүчний салбарын дээрх гурван олон улсын зээлийн болон санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Түүнчлэн УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар болон намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслүүдийг батлах асуудлыг хэлэлцсэний дараа Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг албан ёсоор хаах юм.
Үүнээс гадна 14.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.